МАН-ын шинэ дарга хэн болох вэ
2013/08/04
Өнөөдөр МАН-ын Бага хурал болно. Энэ хурлаар анхандаа “Ирэх намар болох Их хурлын товыг батална” хэмээж байсан. Тэгвэл өчигдөр өдрийн байдлаар хэлэлцэх асуудал үүгээр дуусахгүй их болох нь тодорхой болсон байлаа.
Нэг ёсны шинэчлэгчдийн шаардаж байсанчлан намын даргыг сонгох тохироо биеллээ олсон гэсэн үг. Тэгвэл тэрхүү шинэ намын дарга нь хэн бэ. Үүнд өнгөрсөн хугацаанд 1970-аад оныхны төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байсан. Дээр нь УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төдийгүй УИХ-ын гишүүн, тус намын дэргэдэх МАСЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол нар ч магадлалтай өрсөлдөгчдөөр тодорч байв. Ингэж байж болох боломжит хувилбаруудын тоо олшрохын хэрээр энэ дундаас шинэ даргын болзол найдвартай хангагчийг тодруулсан нь Миеэгомбын Энхболд байв.
Түүний тухайд өмнө нь 2005 оны зургаадугаар сараас 2007 оны аравдугаар сарыг хүрэл одоогийн МАН буюу хуучнаар бол МАХН-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Улмаар энэ хугацаандаа Ерөнхий сайдын албыг хашсан. Анхлан Ерөнхий сайдад зүтгүүлсэн хүн нь одоогийн МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Тэрбээр тухайн үедээ Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар өөрийн биеэр М.Энхболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан юм. Улмаар М.Энхболд тэр цагаас эхлэн Н.Энхбаярын өмнө хөтөлгөө морь шиг байхыг бус харин бие даасан улстөрчийн байр суурийг баримтлах болсон нь экс Ерөнхийлөгчид таалагдаагүй гэдэг. Ингэснээр тэрбээр 2007 оны намар С.Баяр ба түүний турхирсан “Элсний 13”-ын хатгалгаар МАХН-ын даргын албаасаа бууж байв. Уг үйл явдал МАХН-ын 25 дугаар их хурлын үеэр болсон бөгөөд “Элсний 13”-ынхан ил тодоор М.Энхболдыг шүүмжилж, “Намаа аврах цаг болсон” гэснээр С.Баяр бараг л ногоон гэрлээр МАХН-ын дарга болсон гэж болно. Түүгээр ч зогсохгүй С.Баяр намын даргын суудлаас тэр даруйдаа “Ерөнхий сайдын албаа надад давхар өг” гэж мэдэгдсэн удаатай. Ингэж Ерөнхий сайд болох зам мөрөө Н.Энхбаяраар нээлгэж, С.Баяраар хаалгасан тэрбээр тэр үеэс хойш хоёр ч удаагийн Засгийн газарт Тэргүүн Шадар сайдын албыг хашсан юм. Энэ нь тухайн үедээ С.Баяр М.Энхболдыг түлхэн унагаж буй мэт сэтгэгдлийг намынх нь гишүүд хийгээд олон нийтэд төрүүлсэн ч хувь улстөрчөөс нь холдох боломж байхгүй гэдгийг нотолсон гэж болно. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цаг хугацаанд М.Энхболд гэх хувь улстөрчийн МАН-д эзлэх орон зай улам бүр өргөжин тэлж, түүнгүйгээр шийдвэрлэх асуудал байдаггүй байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Намын зохион байгуулалт, хөрөнгө санхүү, гишүүнчлэл гэх мэт. Эрх мэдлийн хуваарилалтаас ч М.Энхболд хийгээд түүний багийнхан хоцорсон нь үгүй.
Харин энэ удаад М.Энхболд яагаад хэрэгтэй вэ. Уг нь “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдыг намын дарга болговол нам нь олон нийтэд аятайхан сэтгэгдэл төрүүлнэ. Өөрөөр хэлбэл гоё харагдана” гэсэн яриа тус намынхан дунд хүчтэй өрнөсөн гэдэг. Мөн нам доторхи шинэчлэгчдийнхээ санааг амраахын тулд “1970-аад оныхонд намын даргын суудлаа өгье” гэх санал ч явж байж. Гэвч энэ дундаас “МАН-ыг аврах” гэсэн ганц гарц дээр нь М.Энхболдыг сонгохоос өөр арга байгаагүй гэнэ. Тэр нь М.Энхболдын хувь улстөрчийн онцлог хийгээд хүч. Тодруулбал, МАН-д одоогийн нөхцөлд нь намын дотоод зохион байгуулалтаа сайжруулж чадах дарга хэрэгтэй. Дээр нь “Намаа” гэж тоохоо байсан хандивлагчдыг удирдаж, тэднийг хөдөлгөж чадах тийм хүч зайлшгүй шаардлагатай. Үүний зэрэгцээ “Ардчилсан намтай хийх хүч тэнцвэргүй тулаанд нь хааяа ч болов тус намынхныг дуугүй болгон, буулгаж авах тийм хүчирхэг лидер”-ийг олох. Мөн намын дарга болох нь заавал УИХ-ын гишүүн байх ёстой. Тэгж байж УИХ дахь намынхаа гишүүдийг Удирдах зөвлөлтэй нь хамт удирдаж чадна. Тэгэхээр энэ дөрвөн болзол, шаардлагад дээрх нэр дэвшигчид хийгээд горилогчдоос ганц тохирох хүн нь М.Энхболд байсан учраас тэд ийм шийдвэрт хүрч. Өнөөдөр түүний нэрийг Бага хурлаараа ёсчлон батлах бөгөөд харин Ерөнхий нарийн бичгийн даргаар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар болон “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат хоёрын хэн нэгнийг сонгох яриа гараад байгаа юм.
Г.Отгонжаргал
Зочин · 2013/08/05
Газрын ченж ямар ч үед хоосон хоцрохгүй нь ээ.