Хүүхдийн урлан бүтээх төвийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, зарагдсан мөнгийг нь нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан.

Хүүхдэд зориулан ямар ч төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага нь Ардын багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Хүүхдийн урлан бүтээх төв. Энд өдгөө нийслэлийн дүүргүүдийн 121 ерөнхий боловсролын 2-12 дугаар 1000 гаруй сурагч хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөртөө, ирээдүйдээ хэрэгтэй зүйлсийг сурч мэдэж байна.

Тэдний төлөөлөл болон эцэг, эхчүүд өнгөрсөн бямба гаригт гадаа хасах долоон хэмийн хүйтэнд өөрсдийн урласан бүтээлээ гартаа барин тайван жагсаал хийв. Хүүхдүүдийн зарим нь өмч хувьчлалын талаар мэдэхгүй ч ямар ч байсан хувьчлах юм бол энэ сайхан газартаа сурахгүй юм байна хэмээн ойлгожээ. Үнэндээ хувийн байгууллага хувьчлаад авлаа ч засвар үйлчилгээ болон өөрсдийн ашиг орлогоо бодон одоогийнх шиг үйл ажиллагаа явуулахгүй нь мэдээж.

Манай улс дампуурлаа гэхэд хүүхдэд тододголтой улсын хэдхэн байгууллагаа өмчлүүлээд байх юм ирээдүй хойч үед минь соён гэгээрэх зүйлс үлдэхгүй нь.

Шийдвэр гаргадаг нөхдүүдийн хүүхдүүд Хүүхдийн урлан бүтээх төвд суралцдаггүй байлаа ч ард иргэдийн хүүхдүүд тэнд урлагийн талаарх бага ч болов мэдлэг авдаг юм. Хүүхдийг багаас нь урлаг, гоо зүйд сургаснаар ирээдүйд аливаа зүйлд бүтээлчээр ханддаг болно.

Хүүхдийн урлан бүтээх төвд сурагч цагаасаа эхлэн суралцсан авьяаслаг зураач, уран барималч, оёдолчид төрөн гарсан жишээ олон бий. Энэ ч үүднээс тус төвийг төгссөн үе үеийн төгсөгчид анх эрдмийн аянд дөрөөлсөн байгууллагыг нь хувьчлах гэж буйг эсэргүүцэн нийслэлийн ИТХ хүсэлт илгээхээр болжээ. Үүн дээр тус төвд суралцаж буй хүүхэд, тэдний эцэг, эхчүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв.

Хүүхдийг багаас нь урлаг, гоо зүйд сургаснаар ирээдүйд аливаа зүйлд бүтээлчээр ханддаг болно.

Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга байгууламж муудаж байгаа ч гаднын орны тусламжтайгаар хэд хэдэн засварын ажил хийхээр болжээ. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс, соёлын хөтөлбөр”-т төвийн барилгын хадгалалт, насжилтыг тогтвортой байлгах үүднээс дээврийн завсарыг 150 сая төгрөгийн боломжит нөхцөлийн төсөлд хамрагдахаар тус улсын элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсээр дамжуулан Япоын Засгийн газарт материалаа хүлээлгэн өгөөд байна.

Мөн Франц улсын улсын элчин сайдын яаманд “Урлаг” танхимын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг солих, шинээр хүүхэлдэйн жүжгийн анги нэмж болох тухай тусгасан нийт 200 сая төгрөгийн өртөгтэй төслийг дэмжүүлэхээр хүлээлгэн өгөөд байгаа гэнэ.

Урьдын гашуун сургамжаас харахад хүүхдийн гэх тодотголтой газруудыг хувьд шилжүүлснээр хүүхдэд гэх тодотголтой байгууллага үлдээгүй гэдгийг дахин нэг бодож үзмээр байна.

Т.Буянаа