Нийслэл хотоос ирэх амралтын өдөр 2030 он хүртэл хийгдэх урт хугацааны бүтээн байгуулалтын 14 төслийг иргэдээр хэлэлцүүлэх гэж байна. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Азийн сантай хамтран АНУ, Их Британа, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай явуулсан зөвлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор зохион байгуулах юм.

Энэ хуралдааны үеэр нийслэлийн удирдлагууд бүтээн байгуулалтаа тулгах бус танилцуулж, тэдний саналыг авах ажээ.

2030 он хүртэл хэрэгжүүлэх төсөл дотор Туулын хурдны зам, Технологийн парк, Улаанбаатар метро, эко парк байгуулах, Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт, Монгол наадам цогцолбор, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах зэрэг томоохон ажлууд төлөвлөгдөөд байгаа юм.

Санамсаргүйгээр нийслэлийн хотын 400 иргэнийг сонгож, дээрх төслүүдийн талаар танилцуулга мэдээллийг өгсөн аж. Энэ дагуу иргэд судалж, цаашид ямар байдлаар ажиллах ёстой саналаа өгөх юм байна. Энэ нь энгийн санал асуулгаас огт ялгаатай. Санал асуулгад оролцогчид илүү давуу тал эдэлдэг. Жишээ нь БНХАУ-ын орон нутагт явуулсан өөр санал асуулгад иргэдийн 70 хувь нь уг асуудлыг дэмжиж байсан бол зөвлөлдөх санал асуулгаар 28 хувь болж байх жишээтэй. Энэ нь олон нийт уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анализ хийн бодитойгоор хариулт, санал өгсөнд байгаа юм.

Санамсаргүйгээр нийслэлийн хотын 400 иргэнийг сонгож, дээрх төслүүдийн талаар танилцуулга мэдээллийг өгсөн аж.

Монголд анх удаа “Зөвлөлдөх санал асуулга” явагдах гэж байгаа нь энэ юм. Сонгогдсон 400 иргэнийг хотын зах, төвд амьдардаг, эрэгтэй, эмэгтэй, насны байдал, ажил хөдөлмөр эрхлэлт зэргээр нь огтхон ч ялгаагүй.

Иргэдийн саналын дагуу 14 төслийг эрэмбэлэн ажил хэрэг болгох аж.

Эдгээр санал өгөх 400 иргэн дунд та багтаагүй ч 2030 онд нийслэл хот ямар бүтээн байгуулалтын ажлаа нэн түрүүнд хийх ёстой талаар та юу хэлэх вэ.

Иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах 14 төслийг танилцуулбал:

-Улаанбаатар метро,

-Туул усан сан цогцолбор,

-Туулын хурдны зам,

-Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк,

-Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк,

-Эко парк байгуулах,

-Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах,

-Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт,

-Угсармал орон сууцын барилгын дулааны алдагдлыг бууруулах,

-“Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах,

-Монгол наадам цогцолбор,

-Экологийн коридор байгуулах,

-Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах,

-Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг байна.

Т.Буянаа