УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам өнөөдөр нэгдсэн жагсаал зохион байгуулахаар болжээ. Тусгаар тогтнолын талбайд 11.00 цагт эхлэх энэхүү жагсаал “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор болох аж.

Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм билээ. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой гэжээ.Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороог төрийн албан хаагчдаар бүрдүүлж улстөржүүлэх бус нам, эвслийн төлөөллөөс тэгш бүрдүүлж хяналт тавих боломжийг олгох ёстой. Намын нэрсийн жагсаалтын ард нуугддаг байдлыг халах хэрэгтэй гэсэн шаардлагуудыг өнгөрсөн мягмар гаригаас эхлэн УИХ-д тавиад буй ажээ.

Н.Чимэг