Нийслэлийн иргэд дүүргийн эмнэлэгтээ үүрээр дугаарлан номер авч шээсний шинжилгээ өгдөг үе дуусгавар болж байна. Тодруулбал, БНСУ-ын “Руйсанса” корпорациас манай улсад буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 142 төвд шээсний шинжилгээний анализатор болон түүний дагалдах хурдавчилсан оношлуурыг гурван жилийн нөөцтэйгөөр өгсөн юм.

Энэхүү төхөөрөмж нь шээсээр 10 гаруй төрлийн өвчин оношлох чадалтай бөгөөд өдөрт 50 хүний шээсийг шинжлэх хүчин чадалтай юм байна. Тиймээс энэ аппарат суурилуулснаар иргэдийн цаг завыг хөнгөвчлөхөөс гадна дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. Уг нь өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шээсний шинжилгээг авч эхлэх байсан ч шаардлагатай тест, оношлуурууд ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлоод байсан юм. Саяхнаас шаардлагатай дагалдах хэрэгслүүд нь ирснээр өнгөрсөн сарын дунд үеэс шээсний шинжилгээг авч эхэлсэн. Тиймээс шинжилгээний явц ямар байгаа талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Бид Хан-Уул дүүргийн III хорооны “Энх титэм” өрхийн эмнэлгээр орлоо. Тус эмнэлэгт шээсний шинжилгээ авч эхлээгүй байлаа. Өрхийн эмнэлгийн дарга Д.Наранцэцэг “Манайх одоохондоо шинжилгээ аваагүй байна. Шинжилгээний аппаратаа ч аваагүй. Эмч, сувилагч нараа сургалтад хамруулсан. Харин аппаратаа хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Зарим дүүрэгт шинжилгээний аппарат өгөөгүй гэсэн. Бусад дүүргийн өрхийн эмнэлгүүдэд аппарат тарааж шинжилгээгээ авч эхэлсэн гэсэн. Иргэд “Өрхийн бусад эмнэлэг шинжилгээ авч эхэлсэн гэж байна. Танайх хэзээ авч эхлэх юм” гэж байнга асуудаг. Ер нь иргэдийн хүлээлт их байна” гэсэн юм. Ямартай ч эхэлж орсон өрхийн эмнэлэгт шинжилгээ авч эхлэх нь байтугай аппаратаа ч хүлээн аваагүй байв. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулангаас тодрууллаа.

 

Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт шээсний шинжилгээний аппарат өгөөгүй

 

-Өрхийн эрүүл мэндийн зарим төв шээсний шинжилгээний аппаратаа аваагүй байгаа юм байна. Яагаад өдий болтол өгөөгүй юм бэ?

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн зорилго нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн чадамжийг сайжруу-лах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн129 төв, түүний13 салбар буюу142 цэгт тус бүр шээсний анализаторыг байрлуулахаар ху-ваа рилсан. Үүнээс40 аппарат дутуу. Түүнийг ирэх долоо хоногоос авч ирнэ. Тиймээс Сүхбаатар, Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шээсний шинжилгээний аппарат өгөөгүй. Бусад дүүрэг аппаратаа авч шинжилгээгээ хийгээд эхэлсэн.

 

-Оношлуур ирээгүй гэдэг шалтгаанаар шээсний шинжилгээ авах хугацаа нэлээд хойшилсон. Дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд хэзээнээс шинжилгээг авч эхэлсэн бэ?

 

-Шинжилгээг өнгөрсөн аравду-гаар сарын 1-нээс авч эхлэх байсан ч оношлуурууд орж ирээгүй байсаар арваннэгдүгээр сарын 10-д хүргэсэн. Оношлуурын эхний ээлж буюу200 мянга нь ирээд шинжилгээ хийгээд эхэлсэн. Үлдсэн нь40 аппаратын хамт ирэх долоо хоногт наашаа ачигдана. Энэ төсөл хэрэгжээд бараг жил болох гэж байна. Тиймээс өрхийн эмч, ахлагч, сувилагч гээд нэг өрхийн эмнэлгээс гурван хүний төлөөллийг гурван удаагийн давтамжтай чадваржуулах сургалтад хамруулсан. Энэ хүмүүс аппаратыг зөв ашиглах, цэвэрлэх, аппараттай харьцах дадлага туршлагад суралцсан. Мөн ямар нэгэн асуудал гарахад бэлэн байлгахаар зөвлөгч буюу 20 сургагч багшийг бэлдсэн. Сургагч багш нар өөр өөрийн дүүрэг дэх эрүүл мэндийн төв дэх аппаратуудад хяналт тавьж ажиллана.

 

-Оношлуур дууссан тохиолдолд шээсний шинжилгээг үнэтэй болно гэж байсан. Үүнийг яаж зохицуулах вэ?

 

-Шээсний шинжилгээ хийлгэхдээ нэг иргэн жилд хоёр удаа үнэ төлбөргүй хийлгэнэ гэж тооцон оношлуурыг Солонгосоос үнэ төлбөргүй авч байгаа. Харин гурав, дөрөв дэх удаагаа шинжилгээ хийлгэх бол үнэтэй болно гэсэн үг. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын шинээр гарсан хуулиар өрхийн эрүүл мэндийн төвөөр шээсний шинжилгээг гурав дахиа хийлгэх бол эрүүл мэндийн даатгалаас үйл ажиллагааныхаа мөнгийг авдаг болно.

 

-Шинжилгээний аппаратны онцлог нь юу вэ?

 

-Шинжилгээний онцлог тал нь цахим бүртгэлтэй болж байгаа юм. Тодруулбал, тухайн хүн шээсний шинжилгээ хийлгэх гээд ирэхдээ цахим бүртгэлд өөрийгөө бүртгүүлээд шинжилгээгээ хийлгэнэ. Шинжилгээний хариу минутын дотор гарна. Тэр хариу нь тухайн хүний цахим бүртгэлд мэйл хаягаар нь гар утас руу орсноор тухайн хүн гэрээсээ болон интернетийн холбоо сүлжээ хаана байна, тэр газраас өөрийн ID-гаа оруулаад шинжилгээнийхээ хариуг харах боломжтой юм.

 

Ийнхүү албаны хүний мэдээлснээр өрхийн эмнэлгүүд шинжилгээгээ авч эхэлсэн гэдгийг хэллээ. Тиймээс бид Баянзүрх дүүргийн VI хорооны өрхийн эмнэлэгээр оров. Харин эднийх аппаратаа авсан боловч шинжилгээ авч эхлээгүй байв. Өрхийн эмч нь “Манай эмнэлэг шээсний шинжилгээний аппаратаа хүлээн авсан ч шинжилгээ авч эхлээгүй байлаа. Учир нь, аппаратаа байрлуулах, шинжилгээ авах өрөөгүй. Өрхийн эмнэлгийн зориулалттай байранд хорооны цагдаагийн хэлтэстэйгээ хамт байрлаж байгаагаас зөвхөн хоёр давхрын дөрвөн өрөөнд л эмнэлгийн ажил явж байна. Манай хороо албан бус тоогоор 14 мянган хүн амтай. Дээр нь оюутны байр байдаг гэдгээрээ хөдөө орон нутгийн оюутнуудын эрүүл мэндийг манай эмнэлэг давхар хариуцдаг. Гэтэл байрны багтаамжаас болж шээсний шинжилгээ авах тусгай өрөө гаргах байтугай эмч ажилчид нь дөрвөн өрөөндөө чихэлдэж, эмчилгээ хийхэд ч хэцүү байна” гэсэн юм. Энэ үеэр тус хорооны иргэн Х.Жаргалмаа “Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болсон гэсэн мэдээллийг сонсоод баяртай байсан. Над шиг өндөр настай хүмүүс өглөө эрт дүүргийн эмнэлэгт очиж дугаарлах амаргүй. Гэтэл манай өрхийн эмнэлгийнхэн шинжилгээ авах болоогүй гэдэг. Эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд ойртож, чанаржлаа гэж ярьдаг ч хэтэрхий удаан байна” гэж ярилаа.

 

Эндээс гараад тус дүүргийн XV хорооны “Цэдэн Эрдэнэ” өрхийн эмнэлгээр орлоо. Эднийх шээсний шинжилгээг авч эхэлжээ. Гэвч шинжилгээ өгч байгаа хүн цөөхөн байгаа аж. Шинжилгээ авч эхэлснээс хойш 10 гаруй хүнд л шинжилгээ хийсэн байна. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжуулан шээсний шинжилгээгээ өгөх сонирхол их байгаа ч заавал цахим бүртгэлтэй байх шаардлага тавьж буй нь иргэдийн хувьд хүндрэлтэй байгааг тус эмнэлгийн дарга Б.Цэцэгээ ярилаа. Учир нь, иргэн өөрийнхөө мэйл хаягаар дамжуулан цахим бүртгэлд бүртгүүлснээр тухайн хүний шинжилгээний хариу гардаг. Цахим бүртгэлд бүртгүүлээгүй бол шинжилгээний хариу гардаггүй байна. Гэтэл хөгшчүүлд мэйл хаяг байдаггүй. Чухам яаж бүртгүүлэхээ ч мэдэхгүйгээс шээсний шинжилгээ авах ажил ийнхүү ахихгүй байгаа аж.

 

М.Энхцэцэг