Энэ долоо хоногт улс төрд олон үйл явдал болж өнгөрлөө. Хамгийн шуугианд нь МАН-аас найман хувийн зээлээр олгож буй орон сууцыг зогсоолоо гэх мэдээлэл цацагдаж олныг нэлээдгүй бухимдуулсан. Харин уг асуудлыг АН-аас шидсэн чулуу гэж сөрөг хүчнээс нь үзсэн бол Үндсэн хуулийн цэц аль ч намын талд үйлчлээгүй иргэдээс ирсэн гомдол саналыг авч үзээд их суудлаар найман хувийн зээлээр олгох нь хууль зөрчсөн үйлдэл хэмээсэн.

Дунд суудлын хуралдаанаас үндсэн хуулийн цэц зөрчсөн гээд шийдвэр гарсан байгаа. Тэгээд дунд суудлын хуралдаанаас үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасаныг их хурал авч хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэсэн тогтоол гаргасан. Их суудлаар өнөөдөр үндсэн хуулийн цэц хуралдаад шийдвэр гаргасан юм. Тэрнээс биш хууль зөрчиж аль нэг намын талд шийдвэрийг гаргана гэж байхгүй" гэсэн тайлбарыг өглөө.

Өнөөдөр хуралдсан их хуралдаанаар ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоосон гэж үзжээ.

Мөн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан хэмээн үзэж холбогдох тогтоол гаргасан байна.

Монголын банкуудын холбооны дарга О.Орхон "Орон сууцны найман хувийн зээл хэрэгжих хууль эрхзүйн орчингүй болж байгаа тул иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд орон сууцны найман хувийн зээлийг ҮХЦ-ийн шийдвэрээс үүдэн зогсоож байна” гэж тайлбар хийв.

Сонгуулийн шоу хэдийнээ эхэлсэн. МАН-ын зүгээс хар машиныг шатаачихвал л шударга сонгууль болно гэж үзсэн бололтой.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам жагсаал хийсэн юм.

Тэд “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” хэмээн уриалж сонгуулийн хар машиныг эрхч чөлөөний талбай дээр шатаасан юм.

Тэд Тусгаар тогтнолын талбайгаас Төрийн ордны баруун хаалган дээр ирээд байгаа бөгөөд шаардлагын хариуг өг хэмээн шаардаж, УИХ-ын гишүүдийг гарч ирэхгүй бол ордон руу дайрч орохоор зэхэж байна.

УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа нь энэ юм.

Манай улсыг уужуу газар нутагтай улс гэдэг. Тэгсэн хэрнээ Нийслэл хотдоо хүн амын суурьшил их нягтаршсан. Хотынхоо төвд хамаг л барилга байгууламжаа барьчихсан. Үүнээс нь үүдэн сүүлийн үед иргэд гишгэх зайгүй бүүр явган хүний ч замгүй болох үзэгдэл газар авах болсон юм. Барилга байгууламжын норм, стандарт ярих ч хэрэг байхгүй. Стандартынхаа дагуу баригдаж буй нь хуруу дарам цөөн. Байшин хоорондын зайны талаар бол бүүр ярилтгүй. Үүний нэгэн тод жишээг дурьдахад,

“Улаанбаатар хотын банк” ХХК-нь маш олон хууль, дүрэм зөрчин газар авч, Сарны титэмийн баруун тал буюу Гурван гал худалдааны төвийн авто зогсоол байсан газарт барилга барихаар зэхэж байгаа билээ. Тэнд барилга баригдвал авто зогсоолгүй болж, барилга хоорондын зай хэтэрхий ойр, мөн ард нь байх аж ахуй нэгжүүдийн цонхоор нар тусах боломжгүй болох зэрэг сөрөг талтай юм.

Эндээс харахад хотын түгжрэл, тооцоо судалгаагүй баригдсан барилгуудын асуудал зэрэг зүйлийг Э.Бат-Үүл дарга өөрөө бие болгочихоод, өөрийнхөө хийсэн гай гамшигтай, өөрөө тэмцэж, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг хүн гэж харагдаж байна.

Учир нь хотын А бүсэд газар ашиглах, өмчлөх, эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын тушаалаар олгодог аж. Улаанбаатар хотын банкны уг газрыг мөн л Э.Бат-үүлийн гаргасан тогтоол шийдвэр, гарын үсгээр эзэмшүүлэхээр болсон байгаа юм.

Энэ мэтчилэнгээр авто зогсоолгүй болдог, машин түр тавих газрыг жолооч нар хайгаад, хаанаас ч олдоггүй. Ингээд л иргэд замын хажууд машин тавьж, торгуулаад, халаасан дахь хэдээ өгөөд туучихна. Тэгвэл энэ машин ачдаг бизнесийг цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд ийнхүү олон нийтийн авто зогсоолын талбай буюу Нийслэлийн өмчит газрыг хувийн бизнесменүүдэд өгчихөж байгаа юм байна. Уг газарт “Улаанбаатар хотын банкны” барилга барина гэж байгаа ч 26 давхарт бүгдэд нь банкны ажилчид лав суухгүй байж таарна. Өөрөөр хэлбэл нэг хоёр давхраас бусдад нь бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж таараа. Тэгэхээр Улаанбаатар хотын банк гэх нэрийдлээр хэн гэж бизнесийн бүлэглэлийн ажил бэ гэх асуудал урган гарч байгаа юм.

Тэгэхээр “Улаанбаатар хотын банк” хэмээх ХХК-ын түүхийг дахин сөхөх хэрэг гарна. Энэ банкийг хамгийн анх 1998 онд Улаанбаатар хотын хөрөнгөөр босгож, аажмаар хөрөнгө босгосон хувь хүмүүст шилжүүлсээр өдий хүрсэн түүхтэй. Одоогоор “Улаанбаатар хотын банк”-ны 80 хувийг “сахал” хэмээх хочит Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Түүнийг олон нийт бараг танихгүй, харин бизнесийн хүрээнийхэн Х.Баттулгын хүн гэдэг. Тодруулбал Женко гишүүн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдаагүй, нууц компаниудаа түүний нэр дээр байршуулдаг юм гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм. Мөн Д. Эрдэнэбилэг нь Х.Баттулгатай хамт ганзгын наймаа хийж байсан үй зайгүй найзынх нь нэг бөгөөд УИХ-ын гишүүн асан Бадамжунайн хүргэн.

16 давхраас дээш барилга хоорондын зай 45 метр байх ёстой ч ганцхан метрийн зайтайгаар, дүрэм зөрчин барига барих уг газрыг “Улаанбаатар хотын банк” 5 жил эзэмших эрхтэй юм билээ. Тэгэхээр 5 жилийн дараа 26 давхараа нураагаад авна гэсэн үг үү. Энэ мэтчилэн хуулийг эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс л зөрчиж байна. Улаанбаатар хотын банкинд 0.3 га буюу 3000 метр квадрат газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын 2013 оны А/1050 тогтоолоор олгосон байгаа. Ингээд барилга барих зөвшөөрлийг 2015 оны 09-дугаар сарын 30-ны Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар шийдвэрлээд өгчихсөн байна. Тиймээс тэнд барилга барих эрх Улаанбаатар хотын банкинд оччихсон. Тиймдээ ч тэд барилгын ажлаа эхлүүлэх бэлтгэлээ хийн, хашаа босгосон байгаа юм. Ямартай ч хууль дүрэм зөрчин байж, барилга барихаар зэхэж буй Улаанбаатар банк болон уг эрхийг олгосон Нийслэлийн засаг даргыг холбогдох хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй байна. Эрх мэдэлтэй хүнд хууль, дүрэм үйлчилдэггүй л биш юм бол Нийслэлийн ард түмний өмчит газрыг хувийн бизнесмэнүүдэд шилжүүлсэн Э.Бат-Үүл даргыг шалгуулъя.

НӨАТ наймаачдыг шахаж унагах эрсдэлтэй Он гарахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Ирэх оны нэгний өдрөөс эхлэн худалдан авсан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний төлбөрт нэмж төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авдаг болно.Өөрөөр хэлбэл, нийт төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авна гэсэн үг юм.

Мөн сар бүр 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий урамшуулал, сугалаанд оролцож мөнгө хожих боломжтой. Улсын төсвөөс 1 тэрбум гаруй төгрөг зарцуулж хийсэн НӨАТ-ын урамшуулалын системээр төр зах зээлд мөнгө төлөхгүйгээр нууцаар оролцдог далд наймаачдыг ил болгохоо гол зорилгоо болгосон гэдгээ мэдэгдсэн. Одоогийн НӨАТ-аас төсөв бүрдүүлэх мөнгөн дүнг нэмж тооцоложээ.

Гэвч энэхүү хууль нь бизнес эрхлэгчдэд халтай бөгөөд өрсөлдөх чадварыг боомилох аюул нүүрлэх эрсдэл өндөр гэнэ. Энэ талаар эдийн засаг А.Цолмонтуяа "Бизнес эрхлэгчид хоорондоо үнээрээ өрсөлдөнө. Тэгээд үнэтэй зарж байгаа нөхдүүд нь шахагдан гарч, хямд борлуулж байгаад нь акт тавина. Ингэхээр хуулиар бизнес эрхлэгчдийн замыг хааж, шахан гаргаж байгаа юм. Энэ бол Монгол улсад хэрэггүй хууль" гэв. Түүний хэлж буйгаар бол нэг талх жижиг дэлгүүр НӨАТ ороогүйгээр 1000 төгрөгөөр зарагдаж байхад, НӨАТ оруулсан үнээр 1100 төгрөгөөр худалдаж авах юм байна. Ингэхээр жижиг бизнес эрхлэгчдэд хүндрэл учрах аж. Нэг ёсондоо НӨАТ төлөгч бизнесмэн 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Иймд иргэд яг адилхан талхыг хямд зарж байгаа газраас сонгож, төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авч, мөнгө хожих сугалаанд оролцохыг илүүд үзэх нь ойлгомжтой. Үүнээс үүдэн жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болно. Орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр цайны газрууд одоогийн байгаа үнээ хямдруулж, эрүүл бусаар өрсөлдөхөөр өөр зам үлдэхгүй гэж эдийн засагчид харж байна.

Ийнхүү шударга бус өрсөлдөөний зах зээлд бий болгож хямарсан иргэдээ цөхрүүлсэн шигээ хэдэн наймаачдаа замхруулах нь бололтой. Угтаа бол НӨАТ нь наймчдаа дэмжих нэмүү өртөгийг бий болгох талаасаа ашиглагддаг. Гэтэл манай улсад аж ахуй нэгжүүддээ татварын хэлбэр болж, дарамт учруулдаг болсон. Үндсэндээ сонгодог жишгээсээ хазайжээ. Татвар ноогдоогүй бараа авч байх нь бизнес эрхлэгчдийн өрсөлдөх зөв алхам болдог гэж эдийн засагчид онцолдог.

Монгол Улсад 620 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж бизнес эрхэлдэг. Харин эдгээрийн 3.5 хувь буюу 21 мянга орчим нь НӨАТ-ыг төлдөг юм байна. Үлдсэн 600 мянга орчим нь татвар төлдөггүй.

Дарханы Засаг дарга дахин солигдоно Дархан-Уул аймгийн засаг даргын суудалд намуудын төлөөлөл болсон залуус “шунаж” хэл ам татлах болсон. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Аудитын газар удаа дараагийн шалгалтаар тус аймгийн засаг дарга асан С.Насанбат нь дур мэдэн 240 саяын үнэтэй барилгыг хоёр дахин илүү үнээр худалдан авсан, тайлан баланс хоцрогдуулсан зэрэг удаа дараагийн зөрчилтэй үйлдэл гаргаж байгаа гэдгээр хэл аманд орсон.

Харин шинэхэн засаг дарга нь хууль бусаар томилогдсон гэсэн хэл аманд ороод байгаа. Тодруулбал, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бусаар 2015 оны 9 сарын 15-ны өдөр хуралдаж өмнөх Засаг дарга С.Насанбатыг огцруулах тогтоол гаргасан. Улмаар аймгийн ИТХ-ын даргаар Л.Эрдэнэбатыг сонгож, Засаг даргаар А.Энхболдыг томилсон. Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 9-р сарын 18-ны өдрийн 187, 188-р захирамжаар Дархан-Уул аймгийн Засаг даргаар А.Энхболдыг томилсон байдаг. Тэгвэл энэхүү томилгоог өмнөх засаг дарга нь эсэргүүцэн шүүхийн байгууллагад хандсан байна.

Юутай ч шүүхийн шийдвэр ийнхүү гарч. Харин давж заалдах эсэхийг төр нь мэдэх биз. Хэрвээ давж заалдахгүй бол А.Энхболд нь чөлөөлөгдөж, С.Насанбат нь эргээд суудалдаа сууна. Харин давж заалдсан тохиолдолд асуудлыг хяналтын шатны шүүхээр асуудлыг эцсийн байдлаар шийдэх биз.

Тэднийг ийнхүү шүүхдэлцэж байх хооронд одоогийн А.Энхболд аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнхийн оронд Мөнхбат гэгчийг томилсон ч удалгүй сольсон. Үүнээс гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, Мэдээлэл технологийн албаны дарга Мөнхбаяр, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Дорждэрэм, Мэдээлэл технологийн албаны мэргэжилтэн Буянхишиг нарын 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Уг нь төрийн ажил талцаж, намчирхалгүйгээр явагдах ёстой. Ийнхүү талцаж намчирхаад төрийн ажил урагшилсан түүх байдаггүйг та бид мэднэ. Тиймээс чөлөөлж байгаа, томилж байгаа нэгнээ хуулийн дагуу томилж асуудал үүсгэхгүй иргэдэд чирэгдэл учруулахгүй байхыг хаана хаанаа анхаарч хариуцлагатай хандах учиртай байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа