Д.Отгонбямба: Нас барсан нэгнийгээ 7-15 сая төгрөгөөр оршуулах боломж өрх бүрт байхгүй
2015/12/15
Оршуулгын үйлчилгээг бизнес болгож байгаа талаар иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэ үеэр Багануур дүүргийн иргэн Д.Отгобямбатай ярилцлаа.
-Нийслэлд оршуулгын хэдэн газар үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Тэдгээр газар хэдэн төгрөгийн ханштай байдаг вэ?
-Манай улсын хүн амын ихэнх нь дөрвөн уулын дунд орших нийслэлд амьдарч байна. Сүүлдээ багтаж, шингэхээргүй болох нь. Ийм байхад нийслэл хотынхоо эргэн тойронд нийтийн гэсэн том том цогцолбор бариад байвал удахгүй оршуулгын газраар хүрээлүүлэхээр байна. Өнөөдрийн байдлаар чандарлахтайгаа нийлээд долоон оршуулгын газар байна. Жишээлбэл, Өлзийт хороолол, 61-ийн гарамд байрлалтай мөн Нарангийн энгэр, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн байна. Эдгээрийн үнэ харилцан адилгүй. Хамгийн хямд үнэтэй нь Нарангийн энгэр. Нэг хүнийг оршуулах газар нь 20 мянган төгрөг. Гэхдээ тэнд нас барсан хүнийг оршуулах нь байтугай хүн ч гишгэх зайгүй. Өлзийт хороололд байрлах оршуулгын газрын үнэ 170 мянган төгрөг. Бид газар дээр нь очиж үзсэн. Тэнд 1000 гаруй нүхийг ухсан байна лээ. Өөрөөр хэлбэл, хүмүүст урьдчилж газрыг нь бэлдсэн гэсэн үг. Ингэж болохгүй ээ. Манай үйлчлүүлэгчид хэзээ, хэдээрээ ирэх бол гээд хүлээж байдаг. Товчхондоо, тэд хэн нэгэн хүн нас барсан тохиолдолд битүүхэндээ баярладаг гэхэд буруудахгүй. Оршуулгын газрын үйлчилгээ бизнес болсныг илтгэж байгаа юм. Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн, Гачууртад байрлах чандарлах зэрэг оршуулгын газрууд маш үнэтэй. Тухайлбал, суварга босгуулах, ямар төрлийн хайрцаг зэргээс шалтгаалаад 7-15 сая төгрөг. Мөн хүүхдийн багц гэж байдаг. Нас барсан хүмүүс ямар бараа биш дээ. Ийм байдлаар хандаж болохгүй.
-Тэгэхээр бодит өртөг нь хэдэн төгрөг байвал болох вэ. Та нар судалж үзсэн үү?
-Уг нь бол газар үнэгүй. Гэтэл одоогийн нөхцөл байдалд тэд газраа маш өндрөөр үнэлж байна. “Нас барсан хүнийг оршуулах газрыг нийслэлээс үнэгүй олгодог. Гэтэл танайх яагаад ийм үнэтэй байгаа юм бэ” гэхээр “Бид газраа үнэлээгүй ээ. Үйлчилгээний хөлс, суварга, хайрцаг зэрэг багтаж байна” гэдэг. Хөшөө, суварга, хайрцаг зэргийг авахад ердөө л 600-700 мянган төгрөг л хангалттай. Гэтэл үүнийг хэд дахин нэмж байна. Нас барсан нэгнийгээ 7-15 сая төгрөгөөр оршуулах боломж өрх бүрт байхгүй. Бидний дундаж цалин хэдэн төгрөг билээ. Үүнийг бодолцох хэрэгтэй. Гэхдээ мэдээж нас барсан хүнээ оршуулах гэж байж “үнэтэй байна” гээд хэрүүл хийх нь ёс суртахуунд нийцэхгүй. Тиймээс ар гэрийнхэн нь бүх л нөөц боломжоо ашиглаж, зээл, тусламж аван байж оршуулдаг. Оршуулгын үйл ажиллагаа явуулж буй компаниуд иргэдийг гарцаагүй байдалд оруулж, нас барсан хэн нэгнээр нь бизнес хийж байгаа юм.
-Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг компаниудын үүсгэн байгуулагч нь нэг хүн байдаг гэсэн. Энэ үнэн болов уу?
-“Буян”, “Бодь буян”, “Буян бодьгал” компани оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Оршуулгын нэг газар л гэхэд 1.8 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр гурван компанийг үүсгэн байгуулагч нь Идэрмаа гэдэг хүн бий. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг нэг хүн гартаа атгаж байна гэсэн үг. Энэ хүнээс гадна таван хүн тухайн компаниудын тодорхой хувийг эзэмшдэг. Харин үүний цаана хөрөнгө оруулагч нь гадаад хүн байдаг гэдгийг баттай эх сурвалжаас сонссон. Яалт ч үгүй бизнес болсон гэдгийг хүн бүр хэлж байгаа. Тиймээс бид энэ талаарх мэдээллийг нэгтгэх цахим хуудсыг нээхээр болсон. Энэ асуудлыг эсэргүүцэж, монгол хүн газрынхаа хөрсөнд үнэ төлбаргүй орших ёстой гэдэгтэй санал нэг байгаа хүмүүс бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж болно.
-Та бүхэн цаашид энэ асуудлаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-2004 оны ИТХ-ын 180 дугаар тогтоолоор дээр дурьдсан гурван компанид оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон. Газрыг нь нийслэлээс үнэгүй өгсөн гэсэн үг. Тиймээс тухайн захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг бид гаргана. Бид оршуулгын үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйлчилгээг үгүйсгээгүй. Хамгийн гол нь хэт өндөр үнэтэй байгааг л эсэргүүцэж байна.
С.Юмсүрэн
Зочин · 2015/12/15
Лам нь чандарла гээд лүндэн буулгадаг болсон байна билээ бодвол сүлжээ үүсч байгаа юм байлгүй дээ
Зочин · 2015/12/15
okay
зочин · 2015/12/15
Хамгийн гол нь талийгаач нарын тавьсан газарт цэцэг ногоо ургуулахаас гадна байнга арчилгаа хийж байх хэрэгтэй байх гэж бодож байна
Зочин · 2015/12/15
Хүүхдийн багц гэнүү. Нэртэйгээр нь гэр бүлийн багц, vip багц, хосуудын багц гээд гаргачаач
irgen · 2015/12/15
Iim bolomj ail bolgond baihgui shu de ene biznesee bolmoor ym uhsen huneer mungu oloj baih gej de bolmoor yma yaj hool boldog ym be hunii zovlongoor mungujij baij gej dde Mongolchuud min dee daanch de
Зочин · 2015/12/15
ЗӨВ ШҮҮ АРАЙ ХЭТЭРХИЙ ШУЛСАН БИЗНЕС.НЭГ ХҮНИЙ БИЗНЕС БОЛООД ДУРТАЙ ҮНЭЭ ЗОХИОЧИХСОН..ӨӨР ХҮМҮҮСТ ЗӨВШӨӨРӨЛ ӨГ