Эдийн засгийн Ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хугацааг сунгаж өгөхийг МҮХАҮТ-аас хүссэж байгаа юм. Энэ хуулийн идэвхжилтийн хугацаа аравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Хэдий хууль наймдугаар сард батлагдсан ч хууль хэрэгжүүлэх журам, тайлан балансыг цахимаар авах техникийн бэлтгэлийг хангахад багагүй хугацаа орсон.

Иймээс дээрх хугацаа алдсан хоёр сарыг сунгаж өгөхийг хүсэж байгаа юм. Учир нь дээрх хууль энэ оны 31-нд дуусгавар болох аж.

Гааль, онцгой, үл хөдлөх, аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татвар гэсэн зургаан төрлийн татвараас зайлсхийж, эд хөрөнгөө нуун дарагдуулж байсан бол хуулийн хэрэгжих хугацаанд ил болгосноор ямар нэгэн торгууль алданги тооцохгүйгээр нэг удаа өршөөж байгаа юм. Ингэхдээ 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө нуун дарагдуулсан эд хөрөнгө, үйл ажиллагаа хамаарна.

Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш хувь хүн, хуулийн этгээдээс (иргэн болон ААН, байгууллага) ил тод болгон мэдээлж байгаа хөрөнгөтэй холбоотой гэрээ болон бусад бичиг баримтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө нотариатаар батлуулсан байх гэдэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын шаардлага нь хуулийг хэрэгжүүлэх, түүний ач холбогдлыг үгүй хийж байгаа юм. Иймээс МҮХАҮТ-аас хууль хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгө болон түүнтэй холбоотой бичиг баримт, гэрээг шинэчлэн нотариатаар гэрчлүүлэх мэдэгдэл гаргажээ.

Дээрх мэдэгдлийн дагуу холбогдох газрууд ярьж хэлэлцсэний үр дүнд Ил тод байдлыг дэмжих хууль хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгө болон түүнтэй холбоотой бичиг баримт, гэрээг шинэчлэн нотариатаар гэрчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Ийнхүү холбогдох байгууллагууд нэгдсэн нэг ойлголтонд хүрснээр одоо Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлж, нотариатаар батлуулахад заавал дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө гэхгүйгээр саадгүй бүртгүүлж батлуулах болжээ.

Энэхүү хуулийн хүрээнд хувь хүн аж ахуйн нэгжийг зургаан төрлийн татвараас чөлөөлөхөөр заасан. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд 861 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын үнэлгээтэй 846 ширхэг тайлан хүлээн аваад байна. Ойролцоогоор 129 тэрбум төгрөгийг татвараас бүрэн чөлөөлжээ.

Гэхдээ энэ нь аж ахуйн нэгж, хувь хүн бүрэн хамрагдсан гэсэн үг биш юм. Уг хуульд хамрагдаагүй, орлогоо нуун дарагдуулсан аж ахуйн нэгж, иргэнийг эрүүгийн болон захиргааны арга хэмжээ авах тул МҮХАҮТ-аас хууль хэрэгжих хугацаа алдсан хоёр сарыг сунгаж өгөх хүсэлтээ Засгийн газарт тавьсан байна.

Т.Буянаа