Өнгөрсөн амралтын өдөр Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбарыг дээрэмдсэн хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны эцэст гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор буюу өчигдөр нийслэлээс баривчилсан.

Хэрэгтэн Б, Э нар нь 1985, 1992 онд төрсөн, төрсөн ах дүү хоёр байжээ. Хуулийн байгууллагынхан тэднээс 380 сая төгрөгийг эд мөрийн баримт болгон хураан авч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 147, 147.3-аар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл ах дүү хоёр банкнаас дээрэмдсэн мөнгөө үрж чадалгүйгээр цагдаагийнханд баригдсан гэсэн үг. Энэ хэргээс харахад манай хүчний байгууллагынхан аливаа нэгэн гэмт хэргийг маш шуурхай эрэн сурвалжилж илрүүлдэг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүллээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан, шуугиан тариад байсан талийгаач асан Байгаль хамгаалагч залуугийн хэргийг яагаад өдий болтол илрүүлэхгүй байгаа юм бэ гэсэн асуулт олон ниийтийн цахим сүлжээгээр явж байна. Ийн хэлэхийн учир нь талийгаач залуугийн гэр бүлийнхэн ч “Манай цагдаа, хүчнийхэн хэрэг илрүүлэхээ хүрвэл маш шуурхай, хурдан шүү дээ.

Гэтэл миний хүүгийн хэргийг илрүүлэхийн оронд түүнийг амиа хорлосон гэх анхны дүгнэлтийг гаргасан” хэмээн мэдээлэл хийж байсан. Уг нь талийгаач өмнө нь хэд, хэдэн удаа халдлагад өртөж байсан ч цагдаагийн байгууллага төдийлөн анхаарал тавиагүйн улмаас талийгаач ийнхүү дөрөв дэх удаагаа халдлагад өртөж амиа алдсан аж.

Түүнчлэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн цахим хуудаснаа “Төмөрсүхийн хүү харамсалтайгаар амиа алдсанд гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Энэхүү харамсалтай хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чингистэй уулзаж хурдан шуурхай ажиллан хэргийн үнэн мөнийг тогтоохыг хүслээ” хэмээн мэдээлж байсан. Мөн ЦЕГ-аас тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тухай мэдээлэл ч бий.

Гэтэл өнөөг хүртэл байгаль хамгаалагч залуугийн үхлийн шалтгаан хийгээд гэмт хэрэгтнүүд одоог хүртэл олдохгүй байгаа нь хачирхалтай. Тиймээс л хүчний байгууллагынхан өөрсдийн илрүүлнэ гэсэн хэргээ шуурхай илрүүлдэг юм байна лээ гэсэн талийгаачийн эцгийн гомдол одоог хүртэл чихэнд сонсогдож буй юм.

Учир нь Цагдаагийн анхны дүгнэлтээр талийгаачийг гадны нөлөөгүй, амиа хорлосон байна гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, талийгаачийг ус руу орж, живсэн гэх дүгнэлтийг гаргасан гэсэн үг. Энэ асуудал өдгөө хууль хяналтын байгууллагаас давж УИХ-ын чуулганы танхимд хүртэл яригдах болсон.

Тухайлбал УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг иргэд хүсчээ. Мөн түүний үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас ч хүсч захидал ирүүлсэн байдаг.

Тиймээс л хэргийг мөрдөлгүй удаашруулж, түүний үхлийг гадны нөлөөгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргаад байгаад ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдүүцэн хүлээж аваад буй юм. Уг нь энэ хэргийн талаар нарийн сайн шалгаад үзвэл гэмт этгээд олдох бүрэн боломжтой гэдгийг талийгаачийн аав төдийгүй “Ирвэс хамгаалах” сангийнхан нэгэнтээ мэдээлж байсан.

Тиймээс л энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхгүй өнгөрч С.Зориг агсны хэрэг шиг замхрах вий гэсэн болгоомжлол нийгэмд бий болжээ. Аргаа барсан талийгаачийн ар гэрийнхэн түүний үхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мөрдөгч хөлслөх бодолтой байгаагаа хэлж байх вэ дээ. Уг нь манай улсад хувийн мөрдөгч зөвшөөрөгдөөгүй ч гэлээ тэд хэргийн үнэн мөнийг олохын тулд боломжтой бүхнийг хийхээр шийдсэн нь энэ.

Тиймээс л хууль хүчний байгууллагыг хувийн мөрдөгчийг энэхүү хэргийн гогцооноос бариад авахын өмнө талийгаач залуугийн хэргийг илрүүлчихвэл гэдэг горьдлого нийгэмд аль хэдийнэ бий болчихоод байна хүчнийхээн.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"