Оросын Мордовт олон улсын шорон гэж байдаг, тэнд нэлээд эртнээс манай монголчууд ганц нэгээрээ хоригдож байсан тухай сонсоогүй хүн цөөн байх. Тэгвэл энэ удаа тус шоронгийн будаанаас бараг хоёр жил шахам халбагадаж байсан хувь заяаны эзэн, нэгэн Монгол залуутай уншигчидаа уулзуулъя.

 

 

-Таныг нэлээд хатуухан хувь заяа туулсан хэмээн найз нөхдөөс чинь сонслоо. Тэр үеэс хойш багагүй хугацаа өнгөрсөн болохоор эдүгээ нэг их эмзэг сэдэв биш болсон байх аа гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар хоёулаа жаахан хуучлах уу?

 

-Уг нь хүнд сонирхуулаад, бас гайхуулаад байх юм огт биш шүү дээ. Танд тийм сонирхолтой санагдаад байна уу?

 

-Мэдээж ганц надад биш.

 

-Яриад барагдахгүй юм байгаа шүү дээ


-Яаж яваад хүний нутагт хэцүү нэртэй тэр айлын хаалга татчихав гэдгээс л эхэлье.

 

-Кривой Рог хотод уг нь хүнд машин механизмын чиглэлээр сурч байсан хүн л дээ, би. Тэгээд яахав дээ, гадаадын оюутнуудаас бүрдсэн сагсан бөмбөгийн баг байгуулж, тэр нь бараг энэ хотын аварга болох шахдаг юм. Гэтэл тэмцээн дээр нэг муу орос шүүгч бүүр шогтоод болж өгдөггүй. Шар хөдлөөд байдаг. Бид хүчээр хожигдлоо. Тэмцээний дараа нөгөө нөхрийг өрөөнд нь барьж аван мөрөн дээрээс нь атгаж аваад эргүүлэхгүй юу. Нөгөө орос ч бөөс шиг жижигхэн амьтан байсан л даа. Тэгсэн чинь эргүүлж байгаад алдчихгүй юу. Нөгөө нөхөр ханын шүүгээ мөргөөд унасан. Дээрээс нь шүүгээ ч унасан. Дороос нь татаад гаргаад ирсэн чинь ухаан алдчихсан, толгойноос нь бөөн цус садраад л. Ханын шүүгээний шил ар дагз руу нь зоогдчихож. Ингээд тэр шүүгч эмнэлэг рүү, би цагдаагийн хэсэг рүү ачигдсан. Тэр нөхөр бараг гурван сар эмнэлэгт хэвтсэн. Би ч Кривой Рогын мөрдөнд мөн тэр хэмжээгээр сууж байгаа юм.

 

-Харийн нутагт шоронд хоригдоно гэдэг мэдээж юу нь сайхан байхав. Хэцүү байж таараа. Манай Элчин сайдын яам энэ тэрээс хүн ирэх үү?

 

-Яг таслагдах үед Бахыт гэж хүн ирсэн. Нэг их нөлөө болоогүй. Прокурор "муу зэрлэг монголыг" гэж занасаар байгаад л 2,5 жил өгсөн дөө. Миний хувьд хэл муу мэддэг байсан болохоор хийсэн хэргээ олигтойхон ч тайлбарлаж чадаагүй. Өөрийгөө ч өмгөөлж чадаагүй, шууд таслуулсан л даа.

 

-Тэгээд шууд Мордовын шорон руу ачигдсан уу?

 

-Үгүй. Эхлээд Днепропетровскийн шорон руу ачигдсан. Галт тэргээр явсан. Кривой Рогоос дээрэм, хулгайн хэрэгтэй гурван оросын хамт ачигдаж байлаа. Ер нь Днепропетровскийн шорон чинь Оростоо л томоохон шоронгуудын нэгэнд тооцогдоно шүү дээ. Оросын Хатан хаан II Екатерина энд нийслэл хотоо нүүлгэн шилжүүлэхээр нэгэнтээ шийдвэр гаргаад энэ шоронг бариулсан түүхтэй юм билээ. Нийслэлээ байгуулахын тулд эхлээд шоронгоо барина гэдэг сонин байгаа биз.

 

-Харийн шоронгийн хаалгаар ийнхүү яваад орчихож. Хоригдлууд нь яаж угтаж авав даа.

 

-Дөрвүүлээ ойр зуурын хувцас хунараа бариад л орсон. Одоо орохгүй гээд яахав дээ. Дүүрсэн хэрэг, дүмбийсэн толгой гээд л алхаад орчихсон. Тэр шоронд долоо хоног бүрийн лхагва гаригт ийнхүү ачлага ирдэг юм байна л даа. Энд 3000 гаруй хоригдол байгаа гэж хэлж байсан. Тэд бүгд цонхоороо орилж хашгираад л. Ална ч гэж байгаа юм уу, тална ч гэж орилоод байгаа юм уу бүү мэд. Тэгээд л 100 орчим хүнтэй, багавтархан спортын заал шиг, хоёр давхар наар бүхий өрөөнд оруулаад түгжчихсэн.

 

-Тэнд бүгд оросууд байх уу?

 

-Бараг л тийм дээ. Ганц нэг бага ястан байсан. Ядаж байхад ганц буриад ч байгаагүй. Хүний газар хүн чинь өөртэйгөө төстэй амьтан яах аргагүй хардаг юм байна лээ.

 

-Ямархуу хүлээж авав?

 

-Бид дөрвийг нэг нөхөр өрөөний голд аваачаад жагсаалаа. Тэгээд шоронд хэрхэн яаж биеэ авч явах, юуг хориглох, хаана байрлах зэргийг баахан заалаа. Энэ өрөөний зохицуулагч маягтай юм. Тэр нөхөр бидэн дээр ирж баахан юм ярьснаа өрөөний буланд байх хэсэг хүн рүү гүйгээд явчихна. Тэнд шивнэлдэж байснаа буцаж гүйж ирээд л баахан юм шулганана. Ёстой л Дамбийжаагийн Тоодгор гэдэг шиг нөхөр байсан л даа.

 

-Зодож нүдээгүй юу?

 

-Оросын архагууд тийм жижиг сажиг юмаар оролдохгүй шүү дээ. Тэндээ өөрийн гэсэн хуультай. Хэн, хаана байх ёстой вэ, тэндээ л байна. Тэр хуулийг зөрчсөн хүнийг үхэл хүлээж байдаг.

 

-Өөрийг тань монгол гэдгийг шууд мэдсэн үү?

 

-Үгүй. Надаас нөгөө Тоодгор ярьсан, хэлсэн бүхнийг ойлгов уу гэсэн. Манай гурав ойлголоо гэж байхад би ганцаараа ойлгоогүй л гэсэн. Ойлгоогүй юм чинь ойлгоогүй гэдгээ л хэлсэн. Тэгтэл хүмүүс ч шуугилдаад явчихлаа. Уг нь ойлгоогүй ч ойлголоо гэх номтой юм байж. Тээр буланд байсан бөөн шивээс болсон хүмүүсээс нэг нөхөр босч ирээд, “Чи яахаараа ойлгодоггүй юм бэ” гэж байна. Би Монгол хүн. Хэл муу мэднэ гэлээ. Тэгсэн чинь бас л шуугилдаад явчихсан. Манай шоронд анх удаа гадаадын хүн ирлээ. Хүлээж ав энэ тэр болоод л явчих шиг болсон.

 

-Оросын шоронгийн орчин үеийн кинонуудаас харахад тэнд эрх мэдэл, эрэмбэ дарааллын хэд хэдэн давхарга байдаг, бас өөрийн гэсэн хатуу чанд хуультай нь ажиглагдаад байдаг юм.

 

-Ер нь таван давхарга байдаг. Хамгийн дээр дархлагдсан хулгайчид байна. Ихэнх нь 60, 70 гарсан хөгшчүүл. Гэхдээ тэдний дор бүхэл бүтэн арми шиг олон хүн бий. Шоронд ч бий, наранд ч байдаг. Тиймээс бүгдийг тэд шийдэж, бүгдийг тэд зохицуулна. Тэдний зөвлөлийн хурлын шийдвэр хууль. Хэрвээ дархлагдсан хулгайчдын зөвлөл хуралдаад хэн нэгнийг нухах шийдвэр гарсан бол наранд ч тэр, нарсанд ч тэр нөгөөх нь заавал биелэгддэг. Хэд хоногийн дараа ёсоор болсон мэдээ ирлээ гээд л коньяк шимцгээж байх жишээтэй.

 

-Яаж эрэмблэгддэг талаар жаахан хуучлахгүй юу?

 

-Дархлагдсан хулгайчдын дараа энд тэндхийн хотуудад гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчид байсан хүмүүс ордог. Түүний дараа “Путевые мужики” буюу мөрөөрөө яваа хүмүүс орно. Тэгээд хөгшчүүл. Өндөр настай, тэгсэн хэрнээ хэрэг хийчихсэн хүмүүсийн давхарга. Тэднийг хэн ч гомдоох ёсгүй. Эцэст нь арчаагаа алдсан хүмүүсийн давхарга бий. Энэ хүмүүсийг хэн ч, яаж ч болно. Яаж ч дарлаж болно. Хүн гэхээсээ илүү яг мал шиг болчихсон хамгийн арчаагүй нөхдүүд байдаг. Ерөнхийдөө иймэрхүү таван давхаргад хуваагддаг.

 

-Өөрөө аль хэсэгт нь оров? Гадаадын хүн гээд арай илүү эрх дарх эдлэв үү?

 

-Энд гадаад, дотоод, монгол орос гэсэн ялгаа байдаггүй. Оросын шоронгийн бичигдээгүй хуулийн нэг энэ. Шоронгийнхон ба бусад гэсэн л ойлголт бий шүү дээ. Гэхдээ Чингис хааны удам гээд дархлагдсан хулгайч нар намайг дэргэдээ аваачиж, нэг их сайн харцгаасан. Энэ бол дээд зэргийн хүндлэл үзүүлж байгаа хэрэг. Тэгээд яахав дээ, нөгөө Тоодгор чинь маргааш та нарыг шалгалтанд оруулна л гэсэн. Юун шалгалт юм бол доо гэж бодоод л унтсан.

 

-Ямар шалгалт байсан бол?

 

-Маргааш орой нь бид дөрвөөс шалгалт авахаар болсноо шорон даяар зарласан. Тэр нь их сүртэй. Бас өөрийн гэсэн ёс жаягтай. Эр зориг, оюун ухааны шалгалт авна л гэж байна. Надаас харин хэл муу мэдэх учир ганцхан эр зоригийн шалгалт авахаар болсноо дуулгалаа. Тэгээд л орцгоосон доо. Намайг хоёр давхар нааран дээр гараад бүх хувцасаа тайч гэдэг юм. Гарлаа. Тайчлаа. Гэтэл ичимдэг эрхтний угаар хэд давхарласан бүдүүн нойлын утсаар оосорлоод наарны толгойноос уячихлаа. Тэгээд тэр дор түмпэнтэй ус тавьжээ. Нүдийг маань хар даавуугаар боочихлоо. За чи өөрийгөө усан спортын дэлхийн аварга гэж бодоод доошоо түмпэнтэй ус руу толгойгоороо үсэр гэж байна. Тэр үед мөн ч олон юм бодогдоно шүү дээ. Тэгээд ч эдгээр сорилтыг давахгүй бол нөгөө арчаагаа алдагсдын давхаргад орно гэхээс юм, юм л бодогдож байна. Ямар ч байсан эд нар олон хүнээс ийм шалгалт авсан байж таараа, за тэгээд лав төмсөг энэ тэр сугарлаа гэхэд лав үхдэггүй байх гэсэн шүү юм бодогдоод шууд үсэрсэн. Гэтэл зөөлөн юманд дээр сэв хийгээд бууж байна. Хүмүүс ч алга ташиж байгаа дуулдсан. Гэтэл нүд боосны дараа нөгөө уяагаа тайлаад түмпэнтэй усныхаа оронд хэд хэдэн хүн орны бүтээлэг дэлгэж бариад зогсч байсан юм билээ. Ингэж л эр зоригийн шалгалтыг амжиллтай давж, өөрөө аль давхаргад орохоо шийдэхээр болсон. Хэцүү шүү.

 

-Хамт ирсэн оросууд чинь шалгалтаа хэр давав?

 

-Бүгд оюун ухааны шалгалтан дээрээ бүдэрсэн дээ, зайлуул. Би ч бас тэрүүгээр нь орсон бол унахгүй юу.

 

-Ямархуу хэлбэрээр шалгадаг бол?

 

-Бүтэн тавын дэвтэр дүүрэн асуулт байдаг. Яг одоогийн телевизээр яваад байгаа АХА шиг гэсэн үг. Гэхдээ арай өөр.


-Жишээлбэл?


-Нэг аймаар том биетэй нөхөр гарч ирнэ. Түүнийгээ Оросын шоронгийнхон “Бугай” гэдэг юм. Бодибилдингийн тамирчин шиг л нөхөр байдаг. Тэгээд нөгөө нөхөр, шинэ ирсэн хүнээс, “За чи аль буланд очиж зодуулмаар байна” хэмээн асууна. Нөгөөх нь айгаад өрөөний дөрвөн булангийн зүг хараад эхлэнэ дээ. Тэгээд нэгийг нь заана. Ингээд л шалгалтандаа унадаг. Уг нь таазны нэг буланг заагаад, тэнд зодуулъя гэхэд л болох байхгүй юу. Ингэснээр шоронгийнхон хэр гүйлгээ ухаантай юм бэ, хэрвээ хожим хэрэг хийвэл өөрийгөө болоод өрөөлийг аваад гарчих чадвар байна уу, үгүй юу гэдгийг л шалгадаг юм шиг байна лээ.

 

-Ингэхэд та аль давхаргыг нь сонгов?

 

-Гуравдахь давхарга буюу “мөрөөрөө залуусын” давхаргад оръё оо л гэсэн. Дархлагдсан хулгайч нар ч ёсоор болгосон доо. Мөн надад нэр өгөх ёслол болсон. Тэр нь их сүртэй. Нэг нөхөр гарч ирээд, бүх миний хэргийг, бас гарал үүслийг маань дуудан зарлана. Тэгээд, “Шорон минь та сонсч бай. Ийм тийм хэрэгтэй тэр гэдэг хүн шоронгийн шалгалтыг амжилттай давсан тул алдар нэр хайрлана уу” хэмээн хашгирна. Ингэсний дараа энд тэндхийн бүх цонхоор есөн жорын нэр хэлдэг. Түүнийг нь нэг нөхөр цаасан дээр бичээд л. “Бизон” л гэнэ. “Хадуур”, “Индүү” ч гэж байх шиг. Тэгээд би Махмуд гэсэн нэрийг нь сонгосон. Хэн тэгж хашгирсныг бүү мэд. 3000 хоригдлоос өгч байгаа нэр шүү дээ. Ингээд би шоронгоос гаран гарталаа энэ нэрээрээ явахаа тангарагласан. Ийм ёстой юм билээ.


-Махмуд нэрийг яагаад сонгов?


-Арай Ази тал руугаа сонсогдсон юм.


-За тэгээд алдарт Мордовын шоронд хэзээ ирэв дээ. Яажшуухан угтаж авч байх юм бэ?


-Гадаадын харъяат гэдэгт утгаараа шууд Мордов руу ачигдсан. Манай шоронгийнхон хэр хэмжээндээ л сайхан гаргаж өгсөн дөө. Би ч тэдэндээ дасчихсан байсан. Уйлалдаад л.


-Оросын архагууд уйллаа гэж үү дээ?


-Үгүй дээ. Тэдэнд нулимс гэдэг ойлголт байдаггүй.. Би “Путевые мужики” давхаргад байсан болохоор хамаагүй өөр шүү дээ. Тэнд өөр хүмүүс байдаг.


-Яаж угтав гэдэг асуултад хариулсангүй.


-Сайхан гэлтэй биш дээ. Шорон бол шорон шүү дээ. Гэхдээ энд монголчууд үнэндээ дийлдэг юм байна лээ.


-Яаж?


-Хамгийн анх Буджав гэж монгол энд иржээ. Тэр нөхөр Москвад байрныхаа комендантыг сүхээр цавччихсан байгаа юм. Тэгээд Оросын шоронд орно биз дээ. Гэтэл тэр шоронгийнхоо овгорыг царилаар сүлбээд алчихсан байгаа юм. Царилаа ирлэж байгаад сандалтай нь хадсан гэдэг. Тэгээд ял авсаныхаа дараа прокуророо дургүйг нь хүргээд байхаар наарныхаа хадаасыг ирлэж байгаад нүд рүү нь шаачихсан хэрэгтэй энд иржээ. Тэгээд л дархлагдсан байгаа юм. Будка нэрээр алдаршсан. Тэр үед Будкаг эхэлж хоолонд ороогүй байхад хэн ч тийшээ хөл тавьдаггүй байсан юм гэнэ лээ. Оросын шоронгийн загалмайлсан эцгүүд түүнд захидал бичиж, хүндэтгэл үзүүлж байсан гэдэг юм. Тэр үеэс хойш энэ шоронд монголчууд жинхэнэ хүчээ авч, өдийг хүртэл ядраагүй явж ирсэн.


-Өөрийн тань хувьд ямар ажил хийж байв?


-Оросыг наачихсан болохоор эхнээсээ нэлээд нэр хүндтэй байлгүй яахав. Очсон орой Төмөрбаатар гээд монгол ороод ирсэн. Тэр энд гурван жил жил болчихсон нөхөр байсан. За чамайг мэргэжлийн чинь дагуу жааны ажил дээр тавина аа л гэсэн. Тэгээд нээрээ л цахилгаанчин болгосон. Ёстой л жааны ажил л даа.


-Ядраагүй гэсэн үг үү?


-Ядраагүй.


-Тэгэхээр задарсан гэсэн үг үү?

 

-Тэр ч юу юм бэ. Гэхдээ цахилгаанчин гэдэг чинь тэнд чухал мэргэжил шүү дээ. Нэг муу америктай зодолдоод алуулах шахдаг юм. Тэгэхээр нь түүний ажилладаг суурь машиныг хүчдэлд холбоод, нэг муу хятадыг яг ажиллахаар нь залгахад ид шидээ үзүүлэхээр дарамтлахгүй юу. Нөгөө нөхөр нам унасан. Олон ч өдөр эмнэлэгт хэвтсэн. Гараад над дээр ирж, манайхаар бол мөргөж байгаа юм. Тэр нөхөр гарсан хойноо хүртэл надад бэлэг ирүүлдэг байсан. Ёстой нэг зүрхэнд нь орсон юм шиг байна лээ.

 

-Ний нуугүй яриа өрнүүлсэнд баярлалаа.


-Уг нь зах дээр зогсдог, нөгөө хэнтэй яривал надаас хамаагүй сайхан юм хөөрнө л дөө.

 

Д.Гал

http://www.24tsag.mn