Найруулагч Б.Цогтбаяр: Энэ сайхан залуучууд аргагүйн эрхэнд арилжааны кино хийж байна
2015/06/07
Монголын кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаагийн зэрэгцээ энэ салбарын шилдгүүдийг шалгаруулах "Academy awards-2015" наадам тав дахь жилдээ болох гэж байна.
Тэгш ой давхцсан энэ жилийн кино наадам урьд урьдынхаасаа онцгой болох талаар зохион байгуулагчид нь ярьж байсан. Тэгвэл өнөөдөр Шангри-Ла зочид буудалд улаан хивсний ёслолоор 17.30 цагт кино уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг, тэдний амжилт бүтээлийг үнэлж дүгнэдэг энэ наадам эхлэх гэж байна.
Уран бүтээлчид хаана, ямар түвшинд "давхиж" яваагаа мэдэж, алдаа оноогоо дүгнүүлдэг тус наадамд нийт 18 номинацид уран сайхны 10 гаруй кино, богино хэмжээний тав, баримтат гурван киноны уран бүтээлчид нэр дэвшээд байна.
Бүхий л амьдралаа энэ урлагт зориулж, энэ наадмаар дамжуулан Монголын кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах зорилготой яваа найруулагч, Монголын Кино Урлагийн Академийн тэргүүн Б.Цогтбаяртай кино салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
-Их ажлын хажуугаар цаг зав гаргасанд баярлалаа. Наадмын бэлтгэл ажил дуусч байна уу?
-Бэлтгэл ажил үндсэндээ шувтарч байна. Бүртгэл, сурталчилгаа, зохион байгуулалт гээд гурван ажлын хэсэг гарсан. Бүх юм тасалбар болж байна. Кино академийн наадам бол энэ жил нээлтээ хийсэн 43 киноноос хэн хаана яваагаа мэдээд авах том боломж.
Хоёрдугаарт, манай академийн үндсэн зорилго бол Монголын кино урлагийг дэлхийн тавцанд хүргэх юм. Бид өөрсдийн уран бүтээлчдийн авьяас чадварт их итгэж байна. Сайн жүжигчид, операторууд, найруулагчид, зураачид, чадварлаг хөгжмийн найруулагч нар байна. Гадна дотны олон хүнтэй уулзаж, санал солилцож байсны хувьд энэ хүмүүс хэнд ч гологдохооргүй. Гэтэл нөгөө л пиар нь байхгүй.
Монголоос гадаадад элчин сайдаар сууж байгаа хүмүүс Монголын түүх соёлын тухай кинонуудаа түүгээд тухайн хэл дээр орчуулж хүнд үзүүлэн, сурталчлах хэрэгтэй. Тэгвэл монголчуудын тухай төсөөлөл нь ондоо болно. Манай уран бүтээлчид хэний ч өмнө нүүр улайхгүй. Дахин давтагдашгүй монгол ёс заншил, монгол ахуй, монгол сэтгэлгээ, байгалтайгаа харьцаж байгаа харьцаа, зохицож буй зохилдлогоо, амьдралын хэв маяг өөр хаана ч байхгүй шүү дээ.
Нийтийн соёл хэт их байвал тэр улс мөхөл рүүгээ явдаг. Сонгодог буюу элитарный соёл руу явах хэрэгтэй.
-Та кино урлагийг дэмжихийн тулд хуульд хоёр заалт нэмж оруулъя гэж хэдэн жилийн өмнөөс л ярьж байсан. Гэтэл саяхан бас энэ талаар хэллээ. Мэргэжлийн та бүхнийг сонсохгүй байна уу?
-Үнэн үнэн. Хариуцах яамтай боллоо гэсэн хэрнээ соёл нь ч хөгжөөгүй, аялал жуулчлал нь ч хөгжөөгүй. Хамгийн гол нь боловсон хүчин байхгүй. Хөлөө олох гэсээр байтал татан буугдчихдаг. Би ажлын хэсэгт чинь оръё гэж өргөдлөө өгөхөд аваагүй. Энэ заалтанд дэлгэцийн бүтээлийг спонсорлосон хүнийг татвараас хувь зааж хөнгөлөх, хоёрдугаарт оюуны өмчийн хулгайг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болмоор байна.
Манай оюуны өмчийн хууль ямар ч хариуцах эзэнгүй. Баахан шатаж шатаж өчнөөн мөнгөөр хийчихээд маргааш нь би киногоо алдаж л байсан. 200 мянган төгрөг хулгайлчихсан хүн ял авч байна. Харин оюуны өмч гэдэг мөнгөөр хэмжигдэхгүй зүйл. Тэднийг өрөвдөхгүй шууд ял өгөх хэрэгтэй.
-Кино урлагийг төр нь огт дэмжихгүй, хөсөр хаягдлаа гэж та хэлдэг. Гэтэл үзэгчдийн нүдээр харин ч хурдацтай хөгжиж, дэлгэцийн маш олон бүтээл театртаа багталцахгүй байна шүү дээ?
-Би 1980 онд дунд сургууль төгсөөд кино үйлдвэрт орж, 35 жил энэ урлагт зүтгэсэн хүн. “Шийдвэрлэх алхам”, “Гэрлэж амжаагүй явна”, “Хуучин сүмийн нууц” киног хийгээд Москва руу сургуульд явж байсан. Хэн ч намайг энэ наадмыг зохион байгуул гэж албадаагүй. Би өөрийгөө кино урлагт өртэй хүн гэж боддог. Ямар ч төрийн дэмжлэггүйгээр бор зүрхээрээ авч явж байна. Заримдаа “шатаж” л байдаг. Гэхдээ би сэтгэл өег хийх юмаа хийгээд явж байна. Хэнд ч ялархаагүй.
Гэтэл төсвийн мөнгийг дэмий үрж байна. Манай хоёр том хөрш кино урлагтаа асар их санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Хятад улс кино урлагт хөрөнгө оруулж, хаягдсан бүдүүлэг ойлголтыг өөрчилж, дахин давтагдашгүй соёл иргэншил, ахуй заншлаа сурталчилж байна.
Манай хойд хөрш Орос зөвхөн нэгдүгээрт байх ёстой гэсэн бодлого барьж байна. Тодорхой шийд гаргаад уран бүтээл хийх мөнгө өгч байна. Энэ хоёр улс ийм том бодлого барьж байхад манайх яагаад хамгийн хүчтэй зэвсэг болох урлагаараа дамжуулж тэмцэж болдоггүй юм бэ?
Залуучуудын орон гэдэг хэрнээ залуучууд нь баар, зочид буудал, РС тоглоомын газар цагаа өнгөрүүлж байна. Хүүхдийн хүмүүжилд мөнгө зарцуулж, киног нь хийж өгөх хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй баахан хурал семинар хийж, хэрэгтэй хэрэггүй зурагт хуудас тараадаг. Гэтэл хүний оюунд нөлөөлөх гэж байгаа бол кино хийх хэрэгтэй.
Ингээд мөнгө олохын тулд архидалт, алалцаан, Монголын хаана ч байхгүй буудалцаан хийнэ, бөгс бөөр гаргана. Жинхэнэ уран бүтээл хийхэд монголчууд үзэхгүй.
-Залуучууд жинхэнэ уран бүтээл хийхгүй байна гэдэг. Эсвэл тэд жинхэнэ уран бүтээл гэж юу гэдгийг мэдэхгүй байна уу?
-Энэ бол өрөөсгөл ойлголт. Тэд мэдэж байгаа. Сайхан уран бүтээл хийх юм сан гэж боддог ч ганцхан тэдэнд мөнгө байхгүй. Өнөөдөр аль болох хөрөнгө бага зарцуулах нэг хаус, оффис эсвэл танилынхаа ресторанд гуйж байж зургаа авна. Сайхан ардчилсан нийгэмд энэ хүүхдүүд хохирч байна.
Нийтийн соёл хэт их байвал тэр улс мөхөл рүүгээ явдаг. Гэтэл сонгодог буюу элитарный соёл руу явах хэрэгтэй. Дэлхийн нийтийн чиг хандлага элит соёл руу явж байна.
Энэ сайхан залуучууд аргагүйн эрхэнд арилжааны кино хийгээд байна. Нэг продюсер мөнгө өгөөд тэдэн сарын дотор кино хий гээд өгдөг. Ингээд мөнгө олохын тулд архидалт, алалцаан, Монголын хаана ч байхгүй буудалцаан хийнэ, бөгс бөөр гаргана. Жинхэнэ уран бүтээл хийхэд монголчууд үзэхгүй.
Би энийг улиг болтол хэллээ. Дийлэнх үзэгч нь дээлээ тайлаад европжиж чадаагүй, хотын соёлд суралцаагүй хүмүүс байхаар нөгөө хүмүүс нь арилжааны киногоо л хийгээд байна шүү дээ. Үүнд хэн нэг найруулагч, продюсер биш төр буруутай. Төсөв мөнгө, хариуцсан яам нь байгаа ч ажлаа хийхгүй байна.
-Урлагийн бүтээл төрж байгаа ч үзэгчид үзэхгүй байна гэхээр таны хэлж байгаа шиг үзэгчдэд асуудал байна уу?
-Тийм. Намайг оюутан байхад Оросод автобус, галт тэрэг, метронд сэхээтэн нь ч,согтуу, хувцас муутай нь ч бүгд ном уншиж явдаг байлаа. Автобус хүлээгээд зогсож байхдаа ч адил. Арга ядлаа гэхэд хуучирсан сонин барьчихсан уншиж байдаг.
Манайд тийм юм хаана байна? Нийтийн соёл руугаа хэт яваад байвал нөгөө л арилжаа руугаа явна. Монгол кино урлагийн 80 жилийн түүхийг бичсэн энэ агуу урлагаа яагаад хөсөр хаячихав?
Дуурь, драм, ардын бүжиг юугаараа илүү болоод улсаас татаас авдаг юм? Хэн ч үздэггүй баахан балет, жүжиг тавиад байдаг... Үздэг байвал сайн байна. Мэдээж сайхан бүтээлүүд байгаа, тэрийг би үгүйсгэхгүй. Гэтэл эднийг багтаасан нэг цогц урлаг бол кино.
Киноны салбарыг Төрийн өмчийн хороо хариуцна гэчихсэн. Гэтэл ТӨХ нь мартаад 20 гаруй жил болж байна. Соёлын яам нь манай харьяа биш гэдэг. Монголын түүхэн үйл явдалтай кино хийхэд улсын төсвөөс хэдэн "халтар" төгрөг өгдөг. Монголын кино үйлдвэр гэж намайг 1980 онд хөл төвьж байхад соёл, кино урлагийн алтан сүм болсон сайхан газар байлаа. Бүх томчууд тэрүүгээр орж гардаг. Одоо балгас болсон байна.
-Сая гадны кинонд хоёр жүжигчин маань тоглолоо. Найруулагч Жан Жак Анно ирж, манай кино урлагийнхан, салбарын сайдтай уулзлаа. Та тэр уулзалтанд байсан хүний хувьд найруулагчид ямар санал тавьж байв?
-Би албан ёсны хүсэлт тавьсан. Бидэнд боловсон хүчин байна. Та бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн. Гэхдээ заагаад өг гэж би хэлээгүй.
Тэгэхээр надад өөрийгөө хуурч явдаг зүйл бий. Тэр нь гурав дөрвөн халтуурны кино хийгээд цуглуулсан мөнгөөрөө урлаг хийе гэж итгэж явдаг. Сайхан найруулагч нар байна. Манай оператор урлаг ямар өндөр хөгжилд хүрч байна. Гэтэл идэвхтэй үзэж байгаа нь цөөхөн байна.
КИНО УРЛАГИЙГ СОЁЛЫН ЯАМ НЬ БУЦААГААД АВЧИХВАЛ Л.ГАНТӨМӨР САЙДАД БҮХ УРАН БҮТЭЭЛЧИД МӨРГӨНӨ
-Таны хэлж байгаа шиг сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд жинхэнэ уран бүтээл төрөв үү. Яг ямар киног онцлох вэ?
Уран бүтээлчдэд амьдралын баталгаа алга. Гэтэл Францад жилийн 365 хоногийн зуун хэдэд нь ажиллачихсан бол үлдсэн хоногт нь улсаас тогтмол цалин авдаг.
-Би онцлох их дургүй л дээ. Онцолчихвол кино наадмын өмнө лобби явлаа гэж ойлгоно.
-Энэ жилийнх биш тэрний өмнөхөөс дурдвал?
-Сэнгэдоржийн “Адам” гээд их сайн кино бий. Тэрийг тавибал хүн үзэхгүй. 400 хүний суудалтай театрт 100 хүн ирвэл их юм. Гэхдээ дэлхийн том найруулагч “Нэг хүн үзсэн ч би баярлана” гэж хэлсэн байдаг. Гадаадын найруулагч, уран бүтээлч нартай уулзахад надаас хэдэн кино хийсэн тухай асуудаг. 17 кино гэхээр толгой сэгсэрч, намайг амьдралдаа ханачихсан гэж боддог. Гэтэл надад юу байх вэ дээ.
Продюсер найруулагчид уран бүтээлийн шагнал өглөө гэхэд, арайхийн кино хийхийн тулд өр тавина. Буцаад мөнгөө авч өрөө дараад дараагийн кинондоо хүрэлгүй эргээд л гуйлгачин болдог. Уран бүтээлчдэд амьдралын баталгаа алга. Гэтэл Францад жилийн 365 хоногийн зуун хэдэд нь ажиллачихсан бол үлдсэн хоногт нь улсаас тогтмол цалин авдаг гэж байна.
Сүүлийн үед олон хүн найруулагч болж. Нуулгүй хэлэхэд энэ нь нэг талаараа эмгэнэл. Захын хүн кино хийж байна.
-Манай баримтат болон богино хэмжээний кинонууд ямар түвшинд байна вэ?
-Маш сайн кинонууд байна. Кино урлаг нэг цаг 30 минутанд доторх агууламжаараа хэдэн зууныг багтааж чаддаг гайхалтай урлаг. Харин богино хэмжээний болон баримтат кино уран сайхны кинотой дуйхүйц байна.
Баримтат киноны үндсэн зарчим нь Монголын түүхийг зураглан үлдээх юм. Төрийн шагналт, УГЗ найруулагч О.Уртнасан гуай Монголын бүх байгалаар бүтэн хоёр гурван жил явж байж 30-хан минутын кино хийсэн. Амьтад нь олдохгүй, цас нь шуурдаггүй, нар нь гардаггүй үе зөндөө.
Миний бас нэг хэлмээр байгаа зүйл гэвэл чи хар ус ууж, хар талхаа идээд өлсгөлөн байж болно. Харин оюунаар ядуурч өлсөж болохгүй. Гэдэс өлсгөлөн дээр оюуны өлсгөлөн болбол том сүйрэл.
Одооны БСШУЯаманд хэдийгээр бага хугацаа үлдсэн ч Төрийн өмчийн хорооноос кино урлагийг салгаад авах хэрэгтэй. Манайд засгийн газар хооронд уялдаа гэж алга. Нэг нь буугаад явахад нөгөө нь тэс ондоо юм хийнэ. Тэгэхээр соёлын яам үлдсэн энэ ахархан хугацаанд Төрийн өмчийн хорооноос буцаагаад авчихвал Л.Гантөмөр сайдын түүхэнд үлдэх гавьяа болно. Монголын бүх уран бүтээлчид танд мөргөнө.
Шүүгчдийн үнэлгээг даваад нэр дэвшиж байна гэдэг том үнэлгээ.
-Та “Луйвар”-аас хойш кино хийв үү?
-Хийгээгүй байна.”Богд хаан”, “Луйвар” киноны хоёрдугаар ангийг хийе гэж төлөвлөөд зохиолоо бичээд дуусч байна.
и хар ус ууж, хар талхаа идээд өлсгөлөн байж болно. Харин оюунаар ядуурч өлсөж болохгүй. Гэдэс өлсгөлөн дээр оюуны өлсгөлөн болбол том сүйрэл.
-Залуу уран бүтээлчдэд Кино академийн наадам томоохон шалгуур болдог байх.
-Унасан бөхөд шалтаг мунддаггүй л байх. Гэхдээ манай сүүлийн үеийн залуу уран бүтээлчид ойлгодог болж байна. Өөрөөр хэлбэл шүүгчдийн шалгуурыг даваад нэр дэвшж чадаж байна гэдэг бол том амжилт байхгүй юу. Хүн өөрийгөө голохгүй. Заримдаа арай ч дээ гэсэн киног буцааж байсан, бид. Шүүгчдийн үнэлгээг даваад нэр дэвшиж байна гэдэг том үнэлгээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Төрийн шагналт, УГЗ Балжинням найруулагч ахалж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон бүх хүн өөрсдөө хийж бүтээсэн юмтай хүмүүс. Тийм ч учраас манай шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хэн ч маргадаггүй.
-Та шүүгчдийн бүрэлдэхүүнд ордог уу?
-Шүүгчдийн бүрэлдэхүүн нууц байдаг. Гэхдээ би огт ордоггүй. Би ерөөсөө азгүй хүн шүү дээ. Киногоо уралдуулж, шилдэг найруулагчийн шагнал авч чадахгүй. Шагнал авчихвал нөгөөх чинь өөртөө өглөө гэнэ шүү дээ. Миний кинонд тоглосон хүүхдүүд ч хохирч л байна. Яахав би “Богд хаан”, “Луйвар” хоёроо оруулсан. Яалт ч үгүй юм чинь. Гэхдээ би шүүлтэнд огт оролцдоггүй.
-Ярилцсан танд баярлалаа.