Гудамжаар алхаж яваа хэн нэгнээс “Хамгийн том мөрөөдлөө хэлээч” гэвэл “Орон сууцтай болох” гэж хариулах биз. Ард түмний хувьд энэ асуудал оргил хүсэл нь болчихсон болохоор тэр л дээ.

“Байртай л бол царай муутай залуутай ч гэр бүл болно” гэсэн хошин яриа хүүхнүүдийн дунд яригддаг гэнэ билээ. Ингээд бодохоор орон сууц гэдэг ямар үнэ цэнэтэй “эрдэнэ” болсон нь харагдаж байгаа юм. Хураасан хэдэн төгрөгөө дуусгаж, эсвэл зээл авч арай ядан орон сууцтай болсон зарим нь залилуулан байж метр квадрат нь дутуу байр худалдан авч байна.

Доод тал нь 2-3 м2 “хулгай”-д алдах нь энгийн үзэгдэл гэж байна. Тодруулбал, тухайн барилгын компани худалдах, худалдан авах гэрээндээ нэг өрөө байр 30 м2 гэж бичсэн хэрнээ 27-28 м2 байдаг аж. Мэргэжлийнх нь байгууллагаар хэмжүүлэхэд ийм зөрүү гардаг байна. Хэрэв нэг метр квадратыг сая 500 мянган төгрөгөөр үнэлж авсан бол доод тал нь гурван сая төгрөг илүү төлсөн болох юм.

Ашиглалтад орох гэж байгаа хорооллыг сонирхсон хэн нэгэн эхлээд загварын байрыг нь сонждог. Тиймээс тухайн компаниуд тэрхүү загварын байраа яг хэмжээгээр нь бариад бэлдчихсэн байдаг. Гэвч үндсэн орон сууцаа дутуу хэмжээтэйгээр босгодог нь худалдан авагчдаа хуурч гаршсаны илрэл гэж болно. Иймд энэ байдлыг нь худалдан авагчид эргэн мэдэгдэж “Зөрүү мөнгө өө авъя. Тэгээд ч гэрчилгээ гарах болохоор бид 30 м2 гэж бичих ёстой байтал тэрэндээ хүрэхгүй нь” гэж хэл ам хийдэг байна. Энэ тоолонд нь “Сүүлийн үед бүх барилгын компани гэрээндээ заасныхаа дагуу барихаа байсан шүү дээ. Тэгээд ч бид та нарт ийм сайхан орон сууц барьж өгч байхад баярлах хэрэгтэй. Та нар гэрчилгээндээ 28 м2 гээд биччих” гээд ичих ч үгүй хэлнэ.

Арга ядсан иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ асуудлаар ханддаг байх юм. Саяхан л гэхэд 500-аад иргэн 60 гаруй барилгын компанид гомдол гаргасан байна. Тэдний төлсөн мөнгийг тооцож үзвэл 1.5 тэрбум төгрөг илүү төлсөн зөрчилтэй. Тодруулбал, “Асар пропертиз”, “Тектоник”, “Тайгам Алтай”, “MD Top” зэрэг компани иргэдийг хохироосон мөнгөн дүнгээр магнайлж байна. “Асар пропертиз”-ийн “Khansvill” хорооллоос байр худалдаж авсан иргэдийн дунд 18.9 сая төгрөгөөр хохирсон хүн байгаа нь одоогоор хамгийн өндөрт тооцогдох мөнгөн дүн болоод байна. Иргэд барилгын компанид илүү мөнгө төлснөөсөө гадна хэмжилт хийдэг байгууллагад бас мөнгө төлж үйлчлүүлнэ. Хэмжилт хийдэг газрууд нэг м2-ийг 2000-3000 төгрөгөөр үнэлж хэмждэг гэсэн. Тэгэхээр 30 м2 байртай боллоо гэж итгэсэн нэгэн 28 м2 байраа дунджаар 56 мянган төгрөгөөр хэмжүүлсэн гэсэн үг.

Ер нь орон сууцны метр квадратыг хэрхэн тооцохыг зарим хүн мэддэггүй. Тиймдээ ч барилгын компаниудад дөнгүүлсээр байна. Иймд тухайн орон сууцны талбайг хэрхэн хэмжих талаар товч хүргэе. Стандарт хэмжилзүйн үндэсний газраас гаргасан шийдвэрээр “Худалдан авагч таны орон сууцны хэмжээг ашиглагдах бүх талбай буюу гэрийн босгоны дотор талаас хэмжинэ. Мөн тагтны 30 хувийг багтаана” гэсэн байдаг. Гэтэл ичих нүүргүй болсон барилгын компаниуд “Босгоны гадна талаас хэмжинэ. Түүнчлэн танай хөрш буюу хажуу айлын чинь дотор талыг тооцож оруулна. Мөн тагтны 70 хувийг багтаана.

Стандартын хувьд ярихад ариун цэврийн өрөөнд байрлах зүйлс хангалттай багтаж байх ёстойгоор заасан. Гэвч томоохон зарим хорооллын ариун цэврийн өрөөнд угаалгын машин багтахгүй, яаж ийж байгаад багтаачихвал хүн ороод эргэхээргүй жижиг байна.

Энэ тухай ШӨХТГ-ын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодруулахад “Иргэдээс манай байр гэрээндээ заасан хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн гомдол өдөр ирэх тусам нэмэгдлээ. Гэхдээ бид “Ти Си Ди”, “Макс өргөө”, “Корей таун” зэрэг компанид ирсэн иргэдийн гомдлыг барагдуулсан. Хэрэв заасан хугацаандаа худалдан авагчдынхаа хохирлыг барагдуулахгүй бол тухайн компанийг чанаргүй барилга барьсан үндэслэлээр 10 сая төгрөгөөр торгоно. Энэ ажлын хэсэгт БХБЯ, Стандартчилал хэмжил зүйн газар болон манайхаас төлөөлөл оролцож байсан бол одоо Улсын мөрдөн байцаах газар нэмэгдсэн. Ийм асуудал үүсэх болсон шалтгааныг Мэргэжлийн хяналтын комисс хүлээн авснаас эхэлсэн. Тэд хариуцлагатай хандсан бол ийм асуудал гарахгүй. Энэ мэт зөрчилтэй компаниудын орон сууцыг хүлээж авсан дээрх комисстой хатуу хариуцлага тооцуулна. Ямар хүмүүс хүлээж авав. Тэд хуулиараа ямар хариуцлага хүлээх ёстой байдаг юм. Түүнийг нь хүлээлгэнэ” гэв.

Ямартай ч энэ болон бусад маргаантай асуудалд төр анхаарлаа хандуулж эхэлжээ. Мөрөөдлөө биелүүлж байртай боллоо гэж баярлахаасаа өмнө “Байрны хэмжээ гэрээнийхээ дагуу байгаа болов уу” гэж хардах сэтгэл төрөх юм байна шүү дээ. Уг нь сөрөг биш, эерэг сэтгэгдэлтэйгээр байрныхаа түлхүүрийг гардмаар байх юм.

 

У.Баярсайхан