Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна
2015/12/23
Төрийн байгуулалтын байнгын хороо энэ өдөр /2015.12.23/-ийн хуралдаанаарааСонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өмнө нь өргөн барьсан Сонгуулийн хуулийн гурван төслийг буцаагаад, Р.Бурмаа нарын санаачилсан Сонгуулийн ерөнхий хуулийг түшиглэн, шинээр хуулийн төсөл боловсруулж оруулж ирэх Ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан, сүүлийн хэдэн өдөр нэлээд эрчимтэй хуралдаж ажилласнаар өнөөдөр харъяалах байнгын хороонд оруулж ирэв.
Хуралдааны эхэнд Сонгуулийн хуулийн нэг төслийг санаачлагч О.Баасанхүү хуулийн төслөө дангаар нь хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Түүний байр суурийг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Батцэрэг мөн баталгаажуулав.Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын дэгийн тухай хуульд ижил төстэй агуулга бүхий хуулийн төсөл өргөн барьсан бол хамтад нь хэлэлцэх заалт байдгийг сануулсан ч О.Баасанхүү өөрийн хуулийг бие даасан байдлаар хэлэлцүүлэх горимын санал гаргасан юм. Энэ үед байнгын хорооны дарга А.Бакей “хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн 50-аас дээш хувь нь гарын үсэг зурж, санал гаргасан бол зэрэгцүүлэн хэлэлцэж болдог” гэдгийг тайлбарлалаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Энэ асуудлыг бүлгүүд яриад, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Ямар ч байсан гацаа ариллаа гэж үзэж байна. Гэтэл жагсагчид гадаа гудамжинд байсаар л байна. Энэ ажлыг зохион байгуулсан нам зөвшилцөл хийж байгаа хэрнээ эхлүүлсэн ажлаа ер зогсоохгүй байна” гэлээ. Харин Н.Батбаяр гишүүн “МАХН хоёр сарын хугацаа байсаар байтал Үндсэн хуулийг хэлэлцэж амжихгүй гэж гөжүүдлээд байсан хэрнээ ердөө наймхан цаг үлдээд байхад 99 хуудас бүхий Сонгуулийн хуулийг гаргаж амжина гэж зүтгээд байгааг ойлгохгүй байна” хэмээн шогширч байгаа харагдав.
Энэ удаагийн хуралдааны ирц өндөр буюу 19гишүүнээс 17 гишүүноролцсоны дээр харъяаллын бус гишүүд ч ажиглагчаар оролцов. Сүүлийн хоёр долоо хоногийн турш байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаануудад орж ирээгүй МАН-ын бүлгээс энэ удаа ирцээ хангалттай бүрдүүлснээс харахад, Сонгуулийн хууль тэдний хувьд аргагүй л чухал бололтой. Угшил нэгтэй намтайгаа нэгдэх талаар саяхан шуугиулж байсан МАХН-ын тухайд энэ удаа араараа тавиулчих шиг боллоо доо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.