Оросоос 20.0 мянган тонн буудайг татваргүй оруулж ирнэ
2015/12/25
2016 оны хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний болон үрийн буудай нөөцлөхөд шаардагдах 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл улаанбуудай импортоор авахад зориулж 80 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа бөгөөд уг хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байсан. Тэгвэл хөрөнгийн асуудал шийдэгдсэн бололтой. ХХАА-н сайд Р.Бурмаа улаанбуулайг гаалиар татваргүй оруулж ирэх хуулийн төслийг өчигдөр өргөн барив. Улмаар уг асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж ирэн хэлэлцэхээр болоод байна. Тэгвэл энэ асуудлыг салбарын зүгээс ингэж тайлбарлаж байна.
2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай тус тус хураан аваад байна. Энэ онд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард аагим халуун болж, хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч, 18-27 хоног үргэлжлэн нарны хэт их халалт явагдсан нь гангийн нөхцөлийг үүсгэсэн билээ. Мөн үүний зэрэгцээ 8 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд тариалангийн бүс нутгаар ахиу хэмжээний хур тундас орж, цаг агаарын олон жилийн дундажаас дулаан байсан нь үр тариа хэнзлэн ургах, түүний зэрэгцээ талбайд хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцөлийг бий болгосон.Түүнчлэн ургац хураалтын ид үе болох 9 дүгээр сарын 24-30, 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд газар тариалангийн нийт бүс нутгаар их хэмжээний хур тундас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсаны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж, урьдчилсан тогтоосон үр тарианы баланс, ургац хураалтын эцсийн дүнгээр 20 орчим хувиар буурлаа.
Ийнхүү байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд 75.6 мянган га үр тарианы талбайн ургацыг алдаж, үр тарианы болц дутуу байснаас 32.8 мянган га талбайн ургац малын тэжээлд шилжиж, нийт 108.4 мянган га талбайн ургац хураагдаагүй нь хураан авах хүнсний улаанбуудайн ургацын хэмжээг бууруулахад сөргөөр нөлөөллөө.
Манай улс ирэх 2016 оны тариалалтад 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд 7.2 мянган тонн, нийт 28.0 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байна. Иймд дараа оны тариалалтад 20.0 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэхүү тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20.0 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргаад байна. Импортоор оруулах үрийн улаанбуудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм. Иймд 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх татварын дүн нь 2016 оны төсвийн орлого бүрдүүлэлтэд тусгагдаагүй болно. Иймд 2016 оны улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй юм. Мөн иргэн, хуулийн этгээдийн импортоор оруулж байгаа үрийн улаанбуудайнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгасан байна.