Түүхч, доктор О.Батсайхан саяхан Богд хааны музейг балгас болгож орхисон төрийн харалган бодлын талаар хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Үндэсний гэсэн үзэл, бахархах түүхийн нэг хэсэг болсон энэ том музейн газар бизнес бүлэглэлийн гараар орж, түүхийн үнэлж барамгүй дурсгалаа бид өөрсдийн гараар устгаж буйд тэрбээр туйлын харамсч буйгаа ярьсан юм. Докторын ярианаас анхаарал татсан нэг зүйл бол бид яагаад уламжлалаа хадгалж үлдэхийг хүсэхгүй байна вэ гэдэг асуудал. Нийслэлийн гудамж талбайд Шангри-Ла, Блю Мон, Блю Скай гэх мэт олон янзын өндөр барилга байшин өдөр бүр нэмэгдэж, улам бүр бид барууны соёлын нөлөөнд автсаар буй. Гэтэл бусад улс орнууд бахархах түүхийн том дурсгал болгож эртний хэв шинжээ хадгалсан барилга байшинг тэр чигээр нь хадгалж, хамгаалж, хожим түүхийн хосгүй үнэт зүйл хэмээн дэлхийн соёлын өвд бүртгүүлж, түүгээрээ жуулчдыг татдаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Харин бид хуучин балгас хэмээн адалж нурааж байгааг доктор яриандаа хөндсөн юм. О.Батсайхан түүхчийн ярианд нэг ч худал зүйл алга. Та дэлхийн аль нэг оронд аялал, ажлын шугамаар очсон нь дамжиггүй. Очиж үзээгүй ч эртний Ром хотын туурь, Японы эзэн хааны ордон, Сөүлийн хуучин тосгодын амьдралын тухай олноос дуулж мэддэг биз. Харин манайд тийм зүйл алга. Хархорум хотын туурийн талаар бахархал болгон ярьдаг ч түүнийг нь үзэх гэж ирсэн жуулчин ийм шороо үзүүлэх гэж энэ хол газрыг ядарч туулсан гэж үү хэмээн уйлж байсныг мартаад яахав. Гадны жуулчид Монголд ирээд буцахад юу үзсэнийг нь асуухаар юу ч үзсэнгүй гэж хариулдаг гэнэ лээ.

Харин хөдөөгийн малчдын амьдрал сонирхолтой байсан ч хотын гудамжаар нь хог хийсч, золбин ноход нь зам хөндлөн гүйлдэж байгааг хараад айдас төрснөө хуучилсаар очдог аж. Монголчуудад нүүдэлчин ахуйгаас өөр үзүүлэх зүйл байхгүй болсоор удлаа. Нүүдлийн хэв шинжээ ч алдах нь цаг хугацааны асуудал болчихсон. Богдын ордон музей, Гандан хийд гэх мэт хуучны түүхийг өгүүлэх барилга байшин манайд цөөнгүй бий. Гагцхүү түүнийг энэ хэвээр нь хадгалж, сэргээх завсарлаад явах сэтгэлтэй хүн энэ төрд алга. Гэтэл бидний хойд урд хөрш, далайгаар алслагдсан ч Ази гэдгээрээ ижилсдэг Япон, Солонгосчууд түүхээ баллуурдахгүйн тулд бодлого хүртэл гаргаж ажиллаж байна. Солонгосын хуучин гэр хороолол хотынхоо төв дундаа нэлээд хэдэн км газарт байрладаг. Гудамжаар нь явахад хуучны гэхээр нурсан баларсан зүйл ажиглагдахгүй. Цэвэр цэмцгэр атлаа яг л хэдэн зуун жилийн өмнөх Сөүлийн төрхөө хадгалж үлдсэн байдаг.

Хааны ордон ч ялгаагүй. Солонгос улсын Засгийн газар тэр гудамжинд байрлах байшинг иргэдэд худалддаг ч ганцхан шаардлага тавьдаг. Тэр нь яг байгаагаар нь гэхдээ үзэмжийг нь алдахгүй сэргээгээд явах асуудал. Нутгийн баячууд голдуу амьдардаг ч хуучны барилга байшингийн төрхийг хэвээр нь хадгалж үлджээ. Орчин үеийн Сөүл хотод очсон жуулчид өмнөх үеийн түүхээр нь орж үзэхийн тулд тэр гудамжаар заавал ордог. Тэнд нь харин бэлэг дурсгал, худалдааны төвүүд байрлаж жуулчдын мөнгийг сааж буй юм. Японд ч мөн ялгаагүй. Асакуса гэх бүхэл бүтэн нэг том дүүрэгт сүм, дуган байрлаж тэнд жуулчид өдөр шөнөгүй хөлхөлдөх жишээтэй.

Сүм дуганаа түшээд олон жуулчид очиж, аялал жуулчлалын тэр том дүүрэгт өглөөнөөс эхлэн хөл хөдөлгөөн тасрахгүй. Хуучин төрхөө хадгалж үлдэх асуудлыг тэд бодлогоор ингэж дэмждэг юм байна. Манайх ч юунаас дутах вэ. Тусгаар тогтнож, тулгын чулуугаа өрж байсан нийслэлийн төрхийг харуулах Гандан хийд, Богд хааны ордон орчмыг бид хуучны хэв шинжээр нь хадгалж үлдэж яагаад болохгүй гэж. Тэр тусмаа Гандангийн орчмыг засч тохижуулаад орчин үеийн цэвэр усанд холбогдсон хаус, хийд, сүм дугантай түүхээ хадгалсан гудамж болгох боломж бий. Харин тойруулаад тэнгэр баганадсан барилгаа барина уу, яана хамаагүй. 40 жилийн дараа Монголд ирсэн жуулчид 100 жилийн өмнөх нийслэлийн төрхийг харах гэж Ганданг зорьдог байвал хэчнээн сайхан. Эс тэгвээс дэлхийн хөгжингүй хотуудтай нэгэн ижил загвартай Монголд аялахыг хүсэх хүн жил ирэх тусам буурсаар л байх нь дамжиггүй.

http://www.mminfo.mn/

Б.Өнөртогтох