Хотын “А” зэрэглэлийн газарт өндөр үнэтэй орон сууц барьж баяжсан нэг хэсэг байхад Улаанбаатарын иргэдийн талаас илүү хувь нь   насаараа хөдөлмөрлөөд ч орон сууцтай болж чадаагүй л яваа. 

Мөнгө л олж байвал түүхийн үнэт дурсгалт газар  байна  уу, ордон музей  бай­на уу баячуудад ёстой  пад­лийгүй.

 Монгол Улсын ямар ч  хууль  дүрэм  над мэтийн эрх дархтай хүмүүст үйл­чил­­дэггүй хэмээн үздэг хө­рөнгөлөг ноёдуудын нэг нь УИХ-ын гишүүн, “АПУ”-ийн Г.Батхүү юм.

Учир нь Засгийн газ­рын 2001 оны 96 дугаар тог­тоолоор Богд хааны ордон музейн газрыг 5.7 га байхаар баталжээ.

Гэтэл тус музейн газраас гурван компани хумсалсаар өнөөдрийг хүрч  байгаа бө­гөөд нийт газрынх нь ихэнхийг “АПУ” компани эзэм­ших болсоор олон жил өнгөрчээ. Харин өдгөө уг му­зейд нийт газрынх нь нэг хүрэхгүй хувь л ногдож байгаа аж.

 “Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс” сэдэвт хэлэлцүүлгийг ССАЖЯ-наас өнгөрсөн арваннэгдүгээр   сард зохион байгуулсан. Энэ үеэр музейн газар хэрхэн хумигдаж байгаа талаар тус  музейн  ажилчид албаныханд танилцуулсан ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.

Уг нь засгийн газрын баталж өгсөн тогтоолоор бол 5.7 га газрыг хамгаалалтын бүсэд тооцох учиртай. Үүний дагуу тус музейнхэн газ­­­раа баталгаажуулж, гэрээ гэрчилгээг нь олгож өгөхийг тухайн үеийн Нийслэлийн газрын алба болон холбогдох газруудад нь хүсэлт тавьсан боловч   зөвшөөрлийг нь олгодоггүй байжээ. Харин ч бүр эсрэгээрээ  музейн газраас “АПУ” компанид өгсөн нь  өнөөдрийн үр да­га­варт хүргэсэн байна.  

Албаны хүмүүс  “Музей Монголын XX зууны эхэн үеийн түүх дурсгалыг тэр чигээр нь хадгалдаг учраас музейн үйл ажиллагаа явуу­лах болон сурталчилгаа  хийх шаардлагатай байдаг. Гэтэл зай талбай, газрын асуудлаас болоод энэ чиг­лэлийн арга хэмжээ бараг зогссон.

Тодруулбал, “АПУ” ком­панийн охин компани болох “Ван трейд” нь музейн 1.6 га газрыг эзэмшиж байгаа. Тэд музейн цэцэрлэгжүүлсэн талбайгаас таслан авч, до­тор нь хашаа барин, зам тавьж, зуны цагт шар айраг худалдаалдаг болоод арваад жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн  цаг хугацаанд тус компанийн хэрээс хэтэрсэн  үйлдэлд холбогдох хүмүүс  газар чөлөөлөхийг шаардаж,  олон удаа шаардах хуудас бичиг хүргүүлж байсан. Даанч тэднийг өдий болтол хүчрээгүй гэнэ. Харин ч бүр “Гурван тэрбум төгрөгийн тохижилт хийсэн. Энэ мөнгөө гаргуулж авахаас нааш газар чөлөөлөх боломжгүй” гэж хэлдэг байна. Тэгвэл тэдний мэдлийн шар айрагны газ­раар үйлчлүүлэгсдийн ялгад­саар бузарлагдаж бай­гаа Богд хааны ордон музейн эзэм­шил газрыг хэдэн тэр­бумаар үнэлбэл зохилтой вэ.

Бас нэгэн сонирхолтой зүйл нь газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан Хан-Уул дүүргийн газрын алба мөнгө төлөх боломжгүй гэс­нийг үндэслэн “эвлэрлийн гэрээгээр” гэсэн тайлбар хийн, тус компанийн эзэмшиж буй 1.6 га газрыг буцаагаад үлдээчихжээ.  Ин­гээд зогсохгүй уг компани өнгөрсөн онд түр хугацаагаар эзэмшиж буй газраасаа “Ин­тернэшнл мэдикал центр” ХХК-д талыг нь худалд­чих­сан  байна.

Мөн “Номуун гэрэл” төв 2008 оноос эхлэн музейн газраас 500 метр квадратыг эзэмших болжээ. Энэ мэтээр хөрөнгө мөнгө, танил талтай компаниуд түүх соёлын дурсгал болсон музейн газ­раас хороосоор манайд ердөө л  650 ам.метр газар  үлдээд байна” гэсэн юм.

Уг нь Богд хааны ордон  музей нь дэлхийн сонорыг дэлдийлгэдэг ховор нандин үзмэртэй  Монголдоо ганц­хан музей  гэдгийг хэн хүнгүй л  мэдэж  байгаа. Тус компани Богд хааны музейг эргэн тойрноос нь хэмлээд дуусгаж байгаа  гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болохгүй. Музейн хойд талд фитнесс ажиллуулж  мөн  нийслэлчүүдийг шар айргаар угжихаар пивоны асар барьсан.  УИХ-ын гишүүн, “АПУ”-гийн Г.Батхүү хотын “А” зэрэглэлийн ихэнх газрыг өөрийн  болгосныг газрын албаныхан барин та­вин ярьсаар өнөөдрийг хүрчээ.

Дээрх компаниуд ямар их   эрх дарх мэдэлтэй нь дээрх хэдхэн жишээнээс то­­­дорхой харагдана. Тус му­зейн ажилчид олон жил хангалттай ярьж тэмцэж байгаа боловч тэдний эрх мэдэл даанч хүрдэггүй нь харамсалтай.

Өөрөөр хэлбэл, тэд хэч­нээн тэмцээд ч “АПУ”-г дийл­­дэггүй гэсэн үг. Энэ бүх­нээс  харахад     Улаан­баатар  хотын удирдлага  болон  то­моохон эрх мэдэл­тэй дарга нар музейн удирд­лагуудад  жаахан ч гэсэн туславал тэд үндсэн газраа эргүүлж авах бүрэн боломжтой. Хэдий болтол мөнгө, эрх мэдлийн дор дийлдэж байх юм бэ.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн газрын алба­наас олгосон ихэнх газрыг цуцлах болно хэмээн Улаан­баатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдэж байсан. Тэгвэл түүхийн үнэт зүйлд хамаарагддаг музейн газарт санаа тавихыг нь олон хүн хүсч, хүлээж  байгаа. Эрх ба­ригчид хууль дүрэм бат­лахдаа зөвхөн өөрт ашиг­тай­гаар баталдаг гэд­гийг хүн бүр  хэлдэг.

Тодруулбал,  музейн үндсэн газар болох 5.7 га газрыг нь хуульчлаад батлаад өгсөн бол тус компанитай хуулийн хүрээнд ярих боломжтой байсан гэсэн үг. Харамсалтай нь хамгаалалтын бүс гээд байгаа боловч хуульчилж албан ёсоор батлаагүй  болохоор тус газрын ажилчид тэмцэл хийсэн ч тусыг эс олдог байна.

“АПУ” компанийн  энэ  мэт жудаггүй үйлдлийг зогсоох эрх мэдэлтнүүд үнэхээр Мон­гол Улсад байхгүй  гэж үү. Танил талгүй жирийн иргэд өнөөдөр өөрсдийн эзэм­ших ёстой 00.7 га газраа хөөцөлдөөд ч авч чадахгүй байхад УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй эрх мэдэлтнүүд Улаанбаатарын хамгийн ариун дагшин газарт шар айрагны үйлдвэр барьж ашиглалтад оруулж  чадаж байна.

Музейн газар жижиг асуудал биш гэдгийг алба­ныхан маш сайн мэддэг. Даанч эрх мэдэл маань хү­­рэхгүй юм даа гэж тэд өөрс­дөө шогширсоор өнөөд­рийг хүрлээ. Тэгэхээр УИХ-ын ги­шүүн Г.Батхүүг ном­хотгож, Богд хааны ордон музейн хууль ёсны газрыг  эздэд нь эргүүлэн авч өгөх  цаг нь хэдийнэ болжээ.

Улаанбаатарт ирсэн  жуулч­­­дын нүдийг хужир­ла­даг ганц газар устаж алга бол­ж гэж сонсогдох вий.

Товчхондоо “АПУ”-гийн Г.Батхүүг хазаарлах хүн Монголд байна уу.