Сурагчдын өвлийн амралт эхэлж, чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодож байна уу. Тэгвэл эцэг, эх сурагч та бүхэнд зориулсан амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хэрэгтэй хэд хэдэн санааг танилцуулж байна. Өвлийн амралт учир ханиад томуу ихтэй.

Хүүхдүүд ихэнх цагийг гэртээ өнгөрөөх шаардлагатай болдог. Тэгвэл хүүхдээ гэрийн нөхцөлд амттай хоол хийж сургах нь амралтыг нь үр бүтээлтэй өнгөрөөх тохиромжтой аргын нэг байх. Гэхдээ хүүхдээ харж хандах хүнгүй үлдээж болохгүй гэдгийг сануулан хэлмээр. Иймд гэрийнхээ гал гарах болзошгүй эрсдэлтэй газруудыг эргэн нэгэн харж шалгаж үзэхийг зөвлөмөөр байна. Хүүхдүүддээ аль болох сонирхолтой, өөрийг нь хөгжүүлж, амраах зүйлсийг санал болгох нь эцэг, эхчүүдийн үүрэг. Компьютерийн ард өнгөрөөх цагийг нь багасгаж, ураг зураг, спорт гэх мэт бодитоор хөгжих боломж олгох нь таны хүүхдийн ирээдүйд илүү хэрэгтэй юм.

Уран зураач болголцгооё

Урчуудын эвлэлийн хорооны хоёрдугаар давхарт байрлах сургалтын танхим нь хүүхэд, өсвөр насныханд зориулсан уран зургийн сургалт болдог юм. Уг сургалтын танхимаас гадна галлерей байдаг хүүхэд уран зураг зураад зогсохгүй урлагийн орчинтой нүдээр танилцаж, гараараа мэдрэх боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн Зайсан Скуэрт байрлах “ArtiCour” урланд хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан уран зургийн сургалт болдог. Нэг сарын сургалтын үнэ 100 мянган төгрөг. Долоо хоногт хоёр удаа, тус бүр хоёр цагаар хичээллэнэ.

Нийслэл хоттой танилцах аялал

Анги хамт олноороо ярилцан нийслэл хоттой танилцах бяцхан аялалын маршрут гаргаж болно. Үүнд кино, музей, цэнгээт тоглоом тоглох, боулинг тоглох, төрийн ордонтой танилцах гэх мэт зүйлсийг хөтөлбөртөө багтааж болно шүү. Хамгийн гол нь эцэг, эхтэй ярилцан нэгдсэн автобусаар явж, төсвөө гаргах хэрэгтэй. Энэ аялалыг эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдийнхээ ангид хэрэгжүүлээрэй.

Цэвэр агаарт гарцгаая

Эцэг, эхчүүдийн хувьд ажил төрөлтэй учир амралтын өдөр хүүхдүүддээ цаг зав гаргах боломж олддог. Тэгвэл хүүхэдтэйгээ хамт цэвэр агаарт гарахын зөвлөж байна. Хотоос зайдуу чарга түрээслэн гулгах газрууд нэлээн олон байдаг. Гэхдээ илүү мартагдашгүй нэг өдрийн аялалыг танилцуулж байна. “Монгол аялал” клубээс нохойтой чарганы аялалыг энэ сарын 10-нд Тэрэлж хүртэл зохион байгуулахаар болжээ. Нэг хүний 65 мянган төгрөг ч үүнд нь нохой чарга, хөтчийн үйлчилгээ, өдрийн хоол, тээврийн зардал багтсан. Энэ аялалд хүүхэд чинь хамрагдсанаар амьтантай зөв харилцаж, байгаль орчинтой дотно танилцах юм. Түүнчлэн арай хямд зардлаар аялахыг хүсвэл “Хайрхан” явган аяллын клубээс Тэрэлж рүү явган аялалыг энэ сарын 10-нд үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.

Өвлийн спортоор хичээллэж, чийрэг болцгооё

Эцэг, эхчүүд өвлийн спортыг аюултай, хүйтэн гэх шалтгаанаар хүүхдэдээ санал болгохгүй байх нь олон. Гэвч энэ бол эндүүрэл. Өвлийн спортоор хичээллэснээр ханиад томуу тусахгүй, чийрэг болно гэж мэргэжилтнүүд баталдаг. Тэшүүр, цана гэх мэт өвлийн спортоор 10 жилийн турш хичээллэсэн тамирчид амьдралдаа нэг ч удаа ханиад хүрээгүй байх нь бий.

Тэгвэл сурагчдын амралтад зориулсан тэшүүрийн сургалт Хүннү их дэлгүүрийн мөсөн гулгуурын талбайд явагдаж байна. Анхан, дунд шатны болон амралтын өдрүүдийн ангитай. Сургалтад таваас дээш насныхан хамрагдана. Анхан шатны анги мягмар, пүрэв гарагуудад 09.00-11.00 цагийн хооронд явагдах бөгөөд 120.000 төгрөгийн төлбөртэй.

Дунд шатны анги 150.000 төгрөгийн төлбөртэйгөөр даваа, лхагва, баасан гарагт 09.00-11.00 цагийн хооронд хичээллэнэ. Харин бямба, ням гарагт хичээллэх 09.00-11.00 цагийн ангид зөвхөн анхан шатны түвшний хүмүүс оролцож болно. Хичээлд хамрагдахгүйгээр мөсөн гулгуурын талбайд нэг удаа гулгахад хүүхэд 5000, том хүн 6000 төгрөг төлөх юм байна.

Түүнчлэн “Скай ресорт” цанын төвөөс сурагчдын амралтанд зориулан багц үйлчилгээг гаргажээ. 10-дээш сурагч ажлын өдрүүдэд уулын цана лифтээр гулгах бол 11000 төгрөг, амралтын өдөр 25000 төгрөг болсон байна. Үүнд анги удирдсан багш үнэгүй үйлчилгээ авах бөгөөд сурагчдад зориулсан хоол 4000 төгрөг ажээ.

Номын санд ном уншицгаая

Та хүүхэддээ зориулан төрөл бүрийн хүүхдийн ном авч өгч болох ч номын санд очин унших дадалд суралцуулах хэрэгтэй шүү. Ингэснээр номын үнэ цэнийг мэдэхээс гадна номтой нөхөрлөж, сууж сурах дадлыг эзэмших болно. Нацагдоржийн нэрэмжит номын сан болон Хүүхдийн номын ордны үүд хаалга сурагчдад хэзээд нээлттэй. Нацагдоржийн номын сангаар үйлчлүүлэхийн тулд сурагчид 5000 төгрөг төлнө. Картаар нэг жилийн хугацаанд хэдэн ч удаа үйлчлүүлэх боломжтой. Бүтээл дунд уран зохиол, шинжлэх ухаан, урлаг соёл, түүхийн гээд төрөл бүрийн бүтээл багтсан.

Харин нийт зургаан танхимаас бүрдэх Хүүхдийн номын ордон нь англи, франц, хятад зэрэг хэлний танхимтайгаас гадна хүүхдэд зориулсан монгол уран зохиол, үлгэр, зурагт ном бий. Мөн гэрээр үнэгүй ном олгож, зөөврийн номын санг ч ажиллуулдаг.

Нэг удаа 300-350 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай. Балчир үрсээс эхлээд оюутан хүртэлх насны хүмүүст үйлчлэх зорилготой энэ газарт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 1000 төгрөгөөр карт нээлгэнэ. Төгсөлтийн шалгалт, тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэж, анги алгасан суралцахаар төлөвлөж буй бол хүүхдийн номын ордон хамгийн тохиромжтой. Тохилог, дулаан бөгөөд хотын төв хэсэгт байрлана.

Мөн Улсын их дэлгүүрийн баруун гар талд байрлах Хүүхдийн номын өргөөгөөр хүүхэдтэй заавал ороод гарахыг зөвлөж байна. Тус номын өргөө нь хүүхдэд зориулсан тохилог бөгөөд ном уншихаас гадна шагай наадгай тоглох боломжтой юм. Мөн хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тусгай тоног төхөөрөмжийг суурилуулсан ажээ.

Т.Буянаа