Дэлхий ертөнц  даяаршиж буй өнөө үед улс орнууд өөрийн үндэстний өвөрмөц ахуй соёл, гоо зүй, ёс суртахууны үнэт зүйлсээ хадгалан үлдэхийн тулд тэр бүхнээ  харуулсан кино уран бүтээл туурвихыг чухалчлан үзэх болсон.  

Бид ч өөрийн түүх соёлоо дэлхий ертөнцөд таниулах үүднээс "Монголфильм групп"-ийн уран бүтээлчид "Аравт" хэмээх уран сайхны киног ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран туурвисан билээ.

Дэлхий дахинаа танигдсан их эзэн Чингис хааны агуу үйлийн амин судас, гол хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрсийн амьдрал, нөхөрлөл, хатуу бүхнийг хамтдаа туулж хэрхэн тэмцэж ирснийг “Аравт” кино харуулсан билээ. Тус кинонд тоглож дүрээ мөнхөлсөн жүжигчин МУСТА Н.Онон, Г.Алтаншагай нарын зураг авалтын үеэр татуулсан дараах зургийг онцолж байна.

Хоёр орны уран бүтээлчид хамтарч хийсэн уг кино дэлхийн зах зээлд Монгол соёлоо сурталчилсан үйл явдал болсон төдийгүй, монгол жүжигчид үнэхээр чадварлаг юм хэмээх дүгнэлтийг гадаад дотоодын кино шүүмжлэгчдээс хүртсэн билээ.

Б.Хорлоо