​“Оюутолгойн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөв­лөл өнгөрсөн өдрүүдэд хуралдсан. Ингэх­дээ далд уурхайн ажлыг зогсоож, тэнд ажиллаж бай­сан 1700 ажилтнаа халах шийдвэрийг гаргасан билээ.

Мэдээж энэ шийдвэр нь олон хүчин зүйлээс шалтгаалсан байх. Тухайлбал Оюутолгойн ордод хөрөнгө оруулалт хийсэн “Рио Тинто” компани хөрөнгө оруулалтын хэм­жээгээ анх мэдээлж байснаасаа даруй хоёр тэрбум ам.доллараар буюу 4.4 тэр­бум ам.доллараас 6.7 тэр­бум ам.долларт хүргэсэн. Үүнийг Монголын Засгийн газ­раас “Тодорхойгүй” хэмээн тайлбарлаж, УИХ-аар хэлэлцэх зайлшгүй шаард­лагатай гэх шаардлага тавьсан. Ингэснээр Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн хооронд зөрчил үүсэж, өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа. Гэвч энэхүү зөрчлийн дундаас хохирч үлдсэн хүмүүс нь Оюутолгойн ордод ажиллаж байсан 1700 хүн болоод байгаа нь харамсалтай. 100 ч биш, харин мянгаар хэмжигдэх ажилтныг ажлаас халах нь “Рио Тинто”-д хамаагүй байлаа ч манай талаас Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд байгаа гурван эрхэмд хамаатай баймаар. Тэдгээр ажилтны цаана тэдний гэр бүл гээд хэдэн мянгаар тоологдох хүний эрх ашиг давхар давхар зөрчигдөж буй нь үнэхээр аймшигтай. Ямартай ч хэчнээн хүн халагдах, халагдах гэж байгаа хүмүүст гэнэт халагдсаны нөхөн олговор өгөх эсэх болон бусад зүйлийн талаар “Оюутолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны хэлтсийн дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.

-Танай компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан далд уурхайгаа зогсоож, тэнд ажиллаж байсан 1700 ажилтныг халах шийдвэр гаргасан байна. Яг хэчнээн ажилтнаа халах шийдвэр гаргасан юм бэ?

-Өнгөрсөн даваа гарагт хувь нийлүүлэгч талууд хуралдсан. Ингэхдээ “Оюутолгой төслийн санхүүжилтийн асуудлыг шийдтэл далд уурхайгаа зогсооё” гэсэн шийдвэрийг гаргасан. Ийм учраас Засгийн газар, “Рио Тинто”-той ярилцаж ойрын хугацаанд асуудлыг шийдэх байх. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “1700 ажилтныг хална” гэсэн мэдээлэл гарсан байна билээ. Энэ нь худлаа мэдээлэл юм. Бид энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж байгаа. Уг төлөвлөгөөнд халагдах ажилтан мэргэжилтнүүдийг өөр ажилд оруулах талаар багтсан байгаа. Тийм учраас ажилтнуудыг боломжоор нь өөр ажилд томилох болно.

-Ямар ч байсан тодорхой хэмжээний ажилчид халагдах нь ойлгомжтой юм байна. Урьдчилсан байдлаар хэчнээн хүнийг халах тооцоо гарсан бэ?

-Одоогоор хэлэх боломжгүй байна.

-Хөдөлмөрийн тухай хуульд гэнэт халагдсан ажилчинд нөхөн олговор олгоно гэж заасан байдаг. Нөхөн олговор олгоно биз дээ?

-Мэдээж хуулийн хүрээнд бүх ажлыг хийх болно.

-Халсан ажилчдаа зургаан сарын дараа буцааж ажилд нь авна гэсэн. Энэ үнэн үү?

-Далд уурхайд ажиллаж байсан ажилчид маань бүгд өндөр төвшинд мэргэжсэн, чадварлаг хүмүүс. Манай компани энэ хүмүүсээ мэргэшүүлэх гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулсан. Ийм учраас хувь эзэмшигч талууд асуудлыг шийдчихвэл буцаагаад ажилд авна. Гэхдээ хэр их хугацаа орохыг мэдэхгүй байна.

-Халагдсан ажилчид эхнээсээ нийслэлийг зорьж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Би дээр хэлсэн. Төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Одоохондоо нэг ч хүнд халагдах тушаал гаргаагүй.

Тэрбээр ийн ярьсан юм. Түүний хэлж буйгаар нэг ч ажилтанд халах тушаал гаргаагүй гэсэн. Тэгвэл ямар компаниас халагдсан ажилчид нийслэлийг зорино вэ.

Оюутолгойн далд уурхайд олборлолт хийх үүрэгтэй гэрээлэн гүйцэтгэгч  олон компани байдаг.  Эдгээр компанийн дундаас Канадын “Редпаф” компани ажилчдаа халах шийдвэр гаргаад байгаа аж. Тус компанийн хувьд эхний ээлжинд гадаад ажилч­даа буцааж байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар 800 орчим монгол ажилчнаа халахаар бол­сон гэж байгаа. Энэ талаар Үйлдвэрчний эвлэлийнх­ний байр суурийг сонирхлоо.

 

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЭРДЭНЭБАТ: КАНАДЫН “РЕДПАФ” КОМПАНИ АЖИЛЧДАА ХАЛЖ БАЙГАА

 

-Оюутолгойн гэрээлэн гүйцэтгэгч компани ажилчдаа олноор халахаар боллоо. Энэ талаар та нар ямар арга хэмжээ авч байна вэ. Ингэж гэнэт халж болох уу?

-Оюутолгойн далд уурхайн гэрээлэн гүйцэтгэгч, Канадын “Редпаф” компани ажилчдаа халж байгаа. Түүнээс биш бүхэл бүтэн Оюутолгойн тухай ярьж байгаа юм биш. “Редпаф” компанийн ажилчид халагдах гэж байгаатай холбогдуулан тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсан. Үүнтэй холбогдуулж бид эхний ээлжинд Засгийн газраас лавлагаа авна. “Редпаф” компанийн хувьд үйлдвэр нь зогссон гэх тодорхой шалтгаан тавьж байгаа учраас хууль зөрчсөн гэхэд хэцүү. Гэхдээ үйл ажиллагаагаа тогтворгүй байлгаж, иймэрхүү байдлаар олон ажилтнаа гэнэт халж байгааг бид эсэргүүцэж байна. Тиймээс тус компанийн үйлдвэрчний эвлэлд заавар өгсөн. Тэдний хувьд юун түрүүнд халагдахаар болсон ажилчдын байр суурийг мэдэх нь чухал. Зарим ажилчны хувьд “Хэдэн сар ажиллахгүй байж байгаад уурхай ажилд ороод эхлэхээр буцааж ажиллая” гэж байх шиг байна билээ. Тэгэхээр бүгдийнх нь саналыг сонссоны дараа бид гэрээ байгуулагч талтай уулзана.

-Ажил олгогч нь хэдэн төгрөгийн тэтгэмж олгох үүрэгтэй вэ?

-Ер нь компанийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан гэрээ гэж бий. Түүнд нь ажилтан гэнэт халагдсан бол ямар тэтгэмж авах тухай дэлгэрэнгүй заасан байх ёстой. Хуульд зааснаар хамгийн багадаа нэг сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж өгнө гэж заасан байдаг. Гэхдээ ажилчдын тэтгэмжийн тухай ярих юм бол бид ийм багаар тогтоолгохгүйн төлөө ажиллана.

Ямартай ч “Оюутолгой” компани болон Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбооныхны байр суурь иймэрхүү байгаа юм. Тэд дор бүрнээ хүний эрх эрх ашгийг дээдэлж ажиллахаар болсон байна. Харин салбарын яам энэ талаар ямар бодлого баримталж байгаа нь үнэхээр сонирхолтой байгаа юм. Тиймээс Уул уурхайн сайд Д.Ганхуяг ямар байр суурьтай байгааг сонирхсон. Тэрбээр “Тухайн компанийн хариуцах асуудал” гэхээс өөр зүйл хэлээгүй юм.

 

Ж.Баттуул