Жил ирэх бүр их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэж эцэг эхчүүдийн нуруун дээр багагүй ачаа нэмэгддэг. Сургуулиуд төлбөрөө нэмж байхад салбарын яам нь арга хэмжээ авахгүй байхад эцэг эхчүүд мянга цамнаад нэмэр алга.
 
Улсын сургууль бараадуулж сайн мэргэжил эзэмшүүлэхийн тулд эцэг эхчүүд байдгаа барах нь энүүхэнд. Гэвч энэ байдлыг нь далимдуулж шинэ хичээлийн жил эхлэх бүрт л  хэдэн арван шалтаг тоочиж төлбөрөө нэмээд авах овсгоо тэдэнд бас байгаа.
 
2013-2014 оны хичээлийн жилд улсдаа хамгийн томд тооцогдох МУИС-ын төлбөр 50 хувиар нэмэгдэх сурагтай. Харин ШУТИС төлбөрөө мөн 10-15 хувиар нэмэхээр болсон.
 
Өмнөх жилүүдэд их дээд сургуулийн төлбөр 980 мянгаас 1.9 сая төгрөгийн хооронд байв. Энэ бас л чамгүй их тоо. Гэвч энэ тоо дахин 10-50 хувиар нэмэгдэнэ гэхээр эцэг эхчүүд өдөр шөнөгүй ажиллаж,  идэх хоол, өмсөж зүүхээ хасаж таарах нь.
 
Эцэг эхчүүдийн ярьж буйгаар манай их дээд сургуулийн төлбөр өмнөд хөршийн сургуулиудаас дутахааргүй төлбөртэй хэмээн ярьцгаах юм. Тиймээс бараг гадаадад мэргэжил эзэмшүүлэх нь  дээр гэсэн яриа газар авчээ.
 
 Их дээд сургуулиудын удирдлагууд сургалтын төлбөр нэмэх болсон үндэслэлээ инфляцийн төвшинтэй уялдуулсан, багш нарын цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагтай.
 
Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн. сургалтын дотоод орчин нөөц бололцоог хангахтай холбон тайлбарладаг. Тиймээс энэ жил сургалтын төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой боллоо.
 
Харин МОХ-ноос цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн нь сургалтын төлбөр нэмэгдэх үндэслэл биш хэмээн үзэж “Хэрэв сургалтын төлбөрөө нэмсэн байвал нэр хүндэд нь халдана” хэмээн мэдэгдсэн.
 
Түүнчлэн ШӨХТГ-ын дарга О.Магнай “Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн байвал манайд хандаарай” гэж эцэг эхчүүдэд хэлж харагдав. Ямартай ч хэд хоногийн дараа сургалтын төлбөр нэмэгдэх эсэх нь тодорхой болно. Тэр үед л  О.Магнай дарга хэлсэндээ хэр хүрдэг болохыг харъя.  
 
 
Б.Цацрал