Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлалт үзүүлсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг олон хүн амнаасаа унагах боллоо.

Тиймээ уучлалыг ялтан өөрөө, эсвэл ар гэрийнхэн нь гуйж, өргөдөл гаргасан тохиолдолд уучлах эсэх асуудал яригддаг. Гэвч нэг л өдөр унтаад босоод ирсэн Ерөнхийлөгч маань өр нимгэн сэтгэлээр зарлиг гаргаж, нэгэн үед төрийн бүхий л өндөр албан тушаал хашиж байсан хүндээ уучлал үзүүлчихсэн. Уучлал үзүүлсэнийг нь Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хүртэл мэдээгүй байсан шүү дээ.

 

МАХН-ынхан болон Уучлуулаад байгаа Н.Энхбаяр нь уучлалыг хүлээж авахгүй байгаа. Аль эрт цагаатгуулах ажлыг хөөцөлдөөд эхэлсэн. Хэрвээ Н.Энхбаяр гэдэг хүүний биеийн байдал тэгтлээ хүндрээгүй байсан бол тэр шоронгоос гарахгүйгээр өлсөглөн зарлаад суух байсан ч байж болох талтай. Гэвч биеийн байдал нь түүнийг хүссэн хүсээгүй уучлалыг хүлээж авахаас өөр аргагүйд хүргэсэн байх магадлалтай.

 

 

УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар  “Түүнийг цагаатгах ёстой. Эрт, орой хэзээ нэгэн цагт цагаатгах байх. Гэхдээ би аль болох ойрын үед цагаатгаасай гэж бодож байна. ОУ-ын байгууллага, хүний эрхийн байгууллагуу энэ асуудлаар ажиллах ёстой. Түүнээс өнөөдөр тэр хүнийг байж болохгүй чөтгөр байсан гэж муулаад, эсвэл бурхан байсан гэж магтаад гүйж байгаагийн аль алийг би таашаадаггүй. Үүнийгээ ч ил тод хэлчихдэг. Өөрт нь ч хэлдэг. Би шударга байр суурьтай байна. Цаашид ч ийм л байна” гэжээ.

Түүнчлэн “Өнөөдөр Монголд үйлчилж байгаа хууль тогтоомжоор уучлал, өршөөл нь гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарагддаг. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд Төрийн тэргүүнд хандаж бичгээр уучлал гуйсан тэр ялтанд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлдэг. ...Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс Н.Энхбаярт уучлалт үзүүлсэн нь хууль зүйн зөрчилтэй” хэмээсэн байдаг.

 

Ямартай ч учир мэдэх, хууль гадарлах хүмүүсийн хувьд Ерөнхийлөгч маань хууль зөрчсөн эвгүй хэрэгт холбогдож мэдэхээр байгаа юм. Харин байдал хэзээ эвгүйтэх вэ гэдэг нь тодорхойгүй. Эсвэл ямар нэгэн тохироо хийгээд аятайхан мултарч ч мэдэх л юм.

 

Н.Чинзориг