МУИС,ШУТИС, ЭМШИУС, ХААИС зэрэг төрийн өмчийн их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтын үнэлгээг онооны зарчмаар хийжээ. Нэр дэвшигчид тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцлага, нэр дэвшигчийн давуу тал, хөтөлбөрийг нь олон нийт үнэлсэн байдал зэрэгт нь тулгуурлан удирдах зөвлөл үнэлгээ өгсөн байна.

Нийт авах оноо нь 100 бөгөөд нэр дэвшигчийн шал­гуур нь 80-аас дээш оноо авсан байх шаардлага тавьсан байна.   Ингээд төрийн өмчийн их дээд сургуулиудын захиралын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг буюу шинэ захирлуудын хуучин намтрыг танилцуулж байна.

 

МУИС-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ А.ГАЛТБАЯР /85.02 ОНООГООР/

 

Хүмүүс түүнийг С.Төмөрийн дүү гэдгээр нь илүү сайн мэдэх билээ. Тэрээр ардчилалын “улаан фэн” тийм ч учраас АН хүнээ тавьж байна гэсэн хардлага ч байгаа юм. Тэрбээр “МУИС бол Монголын ууган их сургууль гэвч энд багшлахад цалин мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Тиймээс МУИС-д бодлогын шинэчлэл хэрэгтэй” хэмээн удаа дараа шүүм­жилж байсан. Шалгалтын дүн­гээр хамгийн өндөр оноог авч захирлын суудалд суусан тэрбээр одоо ч МУИС-ийг  бодлогын хувьд ч тэр, зохион байгуулалтын хувьд ч тэр эрс өөрчлөхөөр ажилдаа шаргуу орж байгаа аж. МУИС-ийн шинэхэн удирдагч 1967 онд Хөвсгөл айм­гийн Мөрөн хотод төрсөн.  1991 онд ОХУ-ын Москвагийн Улсын их сургуулийн механик-математикийн факультетыг төгсөөд МУИС-д баг­шаар орсон. МУИС-ийн МКС-ийн математик анализын тэнхмийн багшаар ажиллаж байсан. Мөн 1997-2002 онд Токиогийн их сур­гуулийн математикийн сур­гуульд математик-физикийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр С.Төмөр-Очир баг­шийн үеэс албан тушаал ахиж хаалтгүйгээр дэд захирлын албан тушаалыг хашиж байжээ. 

 

ШУТИС- ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Д.ОЧИРБАТ /81.98 ОНООГООР/

 

Тэрбээр Сонгон шалгаруулалтад олон хүнтэй өрсөлдсөн боловч хамгийн өндөр оноог авч захирал болох нь тодорхой болсон юм. Математикч Д.Очирбат өмнө нь сургуулийнхаа Эрдэм шинжилгээний төвийн про­ректор байсан юм. Энэ албыг 2006 оноос хойш хашч байгаа нэгэн. Тэрбээр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд нэгдүгээр сургуулийг, 1994 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн. 1996 онд МУИС-ийн магистрантур цолыг “Функциональ анализ” мэр­гэжлээр, 2002 онд ШУТИС-ийн докторантур цолыг “Систем суд­лал” мэргэжлээр, 2004 онд дэд профессор цолыг тус тус хамгаалж байсан. Ажлын туршлагын хувьд 1994-1997 онд МУИС-д багш, 1997 оноос ШУТИС-д багш, эрдэм шинжилгээний ажилтан, дэд про­фессор, 2006 оноос ШУТИС-ийн КТМС-ийн захирлын албыг хашиж байжээ.

 

ЭМШИУС-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Г.БАТБААТАР /91.8 ОНООГООР/

 

ЭМШИУС-ийг эмч, эрдэмтэн, судлаач хүн удирдахаар болов. Г.Батбаатар нь ЭМШИУС-д олон жил багшилсан бөгөөд 2006 оноос салбар сургууль болох Биотех­нологийн сургуулийн захиралаар томилогдон ажилласан байна. Эрүүл мэндийн салбарын доктор, пропессор ЭМШИУС-ийн Био анагаах ухааны салбар сур­гуулийн захирлын албыг 2006 оноос хойш хашсан. Тэр­бээр хүний дархлаа, харшлаас шалтгаалах өвчлөлүүд, цусны хавдар, цус гоожимтгой өвчний үед хагал­гааны дараа тавих хяналт гэх мэт анагаах ухааны салбарт чухал туршилтуудыг удаа дараа амжилттай хийж байжээ.

 

ХААИС-ИЙН ЗАХИРЛЫН ШАЛГАРУУЛАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН НЭР ДЭВШИГЧ Т.ХЭРҮҮГА /84.8 ОНООГООР/

 

ХААИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сонгон шалгаруулалтаар жинхлэх нь тодорхой болоод байгаа билээ. Т.Хэрүүга нь Увсын уугуул иргэн бөгөөд хүмүүс түүнийг Лу.Гантөмөрийн нутгийн дүү гэдгээр нь илүү таньдаг гэхэд хилсдэхгүй байх. Түүний ХААИС-ийн захирал болсон нь сайд Лу.Гантөмөртэй холбоотой гэж их л хардаж байгаа болотой. Ямар ч байсан доктор, пропессор Т.Хэрүүга захирлын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч сургуульдаа захирлаар ажиллахаар боллоо. Тэр­бээр өмнө нь ХААИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм.  

 

Н.Баасандэмбэрэл