Оюу Толгойн асуудалтай холбоотойгоор Монголын хоёр сайдыг шүүмжилж, баалахын дээдээр баалж байна. Амь зогоож байсан Оюу Толгойг минь зогсооход хүрлээ гэж уурлан бухимдацгаана.

Гэхдээ ард түмэн уурлаагүй шүү. Зарим улс төрчид болон хэвлэл мэдээллийнхэн. Тэд яагаад ингэж бичээд байна вэ? Үүний цаана хэний эрх ашиг нуугдана вэ?

Оюу Толгойн гэрээ одоо л муудчихаад байгаа юм биш анх байгууллагдсан цагаасаа л олон асуудлыг дагуулж байсан. Үүнийг хэн ч мартах ёсгүй. Тэр хоёр гишүүн гарч ирээд л балалчихсан гэж бодох хэрэггүй. Харин үүний цаана илүү том зүйл нуугдаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөөд байна.

Өчигдөрхөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойг худал мэдээлэл цацаж, Монголын ард түмнийг хагалан бутаргаж, ард түмнийхээ төлөө дуугарч байгаа сайд дарга нар, улс төрчдийг сөрөг харагдуулах гэж оролдож байна. Тэд ухаантай царайлсан нийтлэлчдээрээ Монголын ард түмнийг доромжлуулж байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн төрөөр Рио Тинто өөртөө ашигтай нөхцлийг бий болгохын төлөө Монголын засгийн газрыг шахаанд оруулахыг хичээж байна гэж мэдэгдсэн.

Тиймээ яг ийм зүйл болж байна. Рио Тинто гэдэг буянтай компани монголчуудад туслъя гээд ирж байхад манайхан гэж нэг хэдэн үндэстний үзэл гаргасан нөхдүүд саад болоод байна. Ерөөсөө энэ бүхэн Монголчууд өөрсдөө л буруутай гэсэн хандлагыг төрүүлэхийн төлөө сэтгүүлчид ажиллаж байна. Бас зарим улс төрчид.

Жишээ нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Эцсийн эцэст бид өөрсдөө эдийн засгийн алуурчид болоод байна” нэртэй ярилцлага гарчээ. Түүндээ Гадныхан Монголд Оюу толгой тэж нэг юм байгаа. Тэрийг нь мөлжинө дөө гэсэн байдлаар хандахгүй байгаа нь мэдээж шүү дээ. Манайхны үндсэрхэг үзэл сүүлийн үед хэтрэх гээд байна. Бид шулуулж байна гэдэг яриа хэтэрлээ” гэжээ. Бас л Монголчууд буруутай.

Шилдэг нийтлэлч гэгддэг Цэнддоо “Биш” гэдэг нэртэй нэг юм бичжээ. Түүндээ “Нэмж хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид яваад байгаа юм биш. Гадаадын хөрөнгө оруулагчдыг явуулаад байгаа юм” хэмээн мэдэмхийрчээ. Энд бас л Монголчууд өөрсдөө буруутай.

Энэ бол тархи угаах олон аргуудын нэг нь бөгөөд “Чи өөрөө л бүхэнд буруутай" гэсэн дотоод мэдрэмжийг нь байнга хүчтэй болгож байх нь чухал байдаг.Энэ нь аливаа хүнийг түүний гай зовлон, амьдралд зөвхөн тэр хүн өөрөө л буруутай гэж итгүүлж байх, түүний өөрийнх нь боломжууд, чадварууд эсвэл хүчин чармайлтын дутуугаас болсон гэдэгт түүнийг үнэмшүүлж байдаг. Үүний үр дүнд одоогийн энэ нөхцөл байдал, эдийн засгийн дэглэмийн эсрэг тэмцэхийн оронд тэр хүн өөрөө өөрийгөө улам доош нь хийж бүх зүйлд өөрийгөө буруутгаж эхэлдэг. Энэ нь тэр хүнийг улам гутруу, уруу байдалд оруулж эцэстээ юу ч хийхгүй гараа хамхин сууж байхад хүргэдэг юм.

Энэ аргаар монголчууд өөрсдөө л буруутай, тэр хэдэн үндэстний үзэлтэй сайд, улс төрчдөөс л болсон. Тэднийгээ зайлуулчихвал бүх юм сайхан болчихно гэж бичүүлнэ. Энэ бол тархи угаалтыг нэг сайн арга.

Энэ мэт олон шалгарсан аргуудаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан бидний тархи толгойг угаана. Гол зорилго нь Рио Тинто өөртөө ашигтай нөхцлийг Монголын засгийн газраар зөвшөөрүүлэх. Үүнийхээ төлөө хэвлэл мэдээллийнхэн хэрэгсэл болон шуналтай, эх оронч бус улс төрчдийг ашиглаж байна. Энэ байдал цаашид улам эрчимжинэ.

Рио Тинто өнөөдөр манай хэвлэл мэдээллийн байгууллагыг хяналтандаа байлгаж байгаа гэдгийг хэлчихье. Яаж тэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяндаг вэ гэвэл шууд реклам сурталчилгааны зардлаар хянадаг. Өнөөдөр монголын энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хэд нь Оюу Толгойгоос реклам авч тавьдаггүй вэ?. Тавьдгийг нь тоолвол бараг бүгд тоологдоно. Телевизүүд, сонинууд, сайтууд бүгд л Оюу Толгойн рекламаар дүүрсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид Оюу Толгойг цаашлаад Рио Тинтог өмөөрөн хамгаална шүү гэдгийг илэрхийлэл. Цаашлаад бид тэндээс реклам нэрээр санхүүжилт авсан гэдгийг баталгаа. Тиймээс өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хүний мөнгөөр монголын эсрэг ажиллах уу эсвэл эх орныхоо төлөө зүтгэх үү. Одоо Оюу Толгойтой холбоотой сэдвээр үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээллүүд цацагдана.

Рио Тинто бол зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани биш ээ. Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг 140 жилийн түүхтэй том компани. Энэ компанийн түүхээс харахад аливаа улсын баялгийг авахын тулд засгийн газартай хуйвалдаж, ард түмнийх нь эсрэг хүчирхийлэл хийлгэж байсан түүхүүд ч байдаг.

Оюу Толгойг Монголчуудад ашиггүйгээр цөлмөнө гэж байгаа бол горьдсоны чинь гарз гэж хэлэх хэрэгтэй. Харин хоёр талдаа харилцан ашигтайгаар гэрээгээ хийгээд ажиллах хэрэгтэй. Үүн дээр хоёр талын сонирхол нэгдэх хэрэгтэй. Монголчууд шударга бус зүйлд дургүй ард түмэн. Тиймээс Монголчууд бусдыг ашиглахгүй бас ашиглуулахгүй гэсэн зарчим дээрээ бат зогсож, нэг талдаа байх шаардлагатай нөхцөл байдал бий болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч үүнийг ухамсарлан ойлгож ард түмэн, эх оронтойгоо хамт байгаасай гэж хүсэж байна. Ард түмнийхээ талд байж, тэдний төлөө бичээрэй, нийтлээрэй.