Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар ааваасаа өвлөсөн эгэлгүй авъяастай нэгэн.  Түүний аав цаг үеэ эзэлсэн, их урлагт домог болон яригддаг  МУАЖ, Төрийн шагналт, хорьдугаар зууны манлай жүжигчин эрхэм Цагааны Цэгмид билээ.

Тэр хүн “Хүүхэд залуучуудын театр”-ыг байгуулж явсан гавъяатай билээ. Монголын кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээсэн дүр нь өдгөө ч үнэ, цэнэтэй хэвээр.  Тэгвэл өнөөдөр түүний хоёр хүү МУГЖ Ц.Төмөрбаатар, МУСТА Ц.Төмөрхуяг нар аавынхаа  урлагийн зам мөрийг нь үргэлжлүүлэн, үйл хэргийг нь өндөр өргөж явна.  

Жүжигчин Ц.Төмөрбаатар “Говь хянганд тулалдсан нь” хэмээх түүхэн кинонд улс орныг 40 жил удирдсан Ю.Цэдэнбал гуайн дүрийг бүтээж,  уг дүрээрээ 25-хан насандаа Төрийн шагнал хүртэж байсан. Харин түүнийг МУГЖ цол хүртэхэд арай хожуу гавъяат боллоо гэх хүмүүс цөөнгүй байсан юм. Эрэмгий, зоригтой, эрч хүчтэй дүрийг гаргадаг тэрбээр амьдрал дээр ч шулуун шударга байж чаддаг хэмээн үнэлэгддэг.

Хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй жүжигчин маань 14 насаар дүү гэргийтэй. Тэд хоёр охин, нэг хүүтэй. Хожуу гарсан хүүгээ миний үргэлжлэл, удам залгах хүү минь хэмээн ихэд хайрладаг нэгэн аж. 

Б.Хорлоо