Улаанбаатар хотод нийт 94 их дээд сургуулийн 140-өөд мянган оюутан суралцаж байгаа гэсэн тооцоо байдаг. Эдгээр оюутнаас 10-аад мянга нь оюутны дотуур байранд амьдардаг гэсэн тооцоог Монголын Оюутны Холбооноос гаргажээ.

Жил бүрийн намар оюутнуудад дотуур байр тулгамдсан асуудал болдог. Ялангуяа гурав, дөрөвдүгээр курсын оюутнууд дотуур байранд хамрагдана гэдэг асуудалтай байдаг. Учир нь сургуулиуд нэг, хоёрдугаар курсын оюутнуудаа бүртгээд өрөө үлдвэл гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудаа авдаг нь байрны хүрэлцээ муутайг харуулж байна. Оюутнууд сургуулийнхаа ойролцоо дотуур байранд амьдрах хүсэлтэй байдаг боловч  хүрэлцээ муутай дотуур байранд бүгд хамрагдах боломжгүй. Дээрээс нь жил ирэх бүр л үнэ нь нэмэгдэнэ. Гэсэн ч тохижилт, ариун цэврийн асуудал нь дорвитой өөрчлөгдөж, засрах нь үгүй.

Өнөөдөр ашиглагдаж байгаа их дээд сургуулийн оюутны дотуур байрууд  1950-1997 оны хооронд баригдсан байдаг. Улсын хэмжээнд 67 дотуур  байранд оюутнууд амьдарч байна. Эдгээр байруудад оюутнууд чадах ядахаараа орсон ч цөөнгүй оюутан байргүй үлддэг аж. Тэд төрөл садан айлдаа суух, эсхүл түрээсийн байр хайх л сонголт үлдэнэ.  Жил жилд нэмэгдэх орон сууцны үнийг дагаад байрны түрээсийн үнэ нь ч нэмэгдэнэ. Манай улсад энэ байдал ёс юм шиг тогтоод цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна. Жил бүр л 40-80 мянган төгрөгөөр үнээ нэмэх “түрээсийн” гэх тодотголтой байрууд олширсоор.  Байрны эзэд намар намарт л “ам ташсан хэрээ” гэдэг шиг ахин дахин шунахайрна. Арга ч үгүй биз хэлсэн үнээр оюутнууд түрээсэлчихдэг юм чинь. 

Дундаж амьдралтай иргэд байр авъя гэхэд урьдчилгаа мөнгийг нь дийлэхгүй, түрээсийн байранд амьдаръя гэхэд мөнгөө бөөнөөр буюу зургаан сараас жилийн хугацаагаар авна гэх. Үр, хүүхдээ сургахын тулд эцэг эхчүүд аргагүйн эрхэнд түрээсийн байр хөөцөлдөнө.

Хотын төвд байрлалтай нэг өрөө байрны түрээс дунджаар 500-600 мянга, хоёр өрөө байр 750-950 төгрөгийн ханштай байна. Хотын төвөөс зайдуу хажуу өрөө түрээслэнэ гэвэл доод тал 200000. Харин бүх нөхцөл нь бараг адилхан. Бүтэн жилээр төлбөрөө урьдчилан авна. Зарим айлууд оюутан суулгахгүй гэсэн зарчимтай.

Сургалтын  төлбөр, хэрэглээний мөнгө дээр нь түрээсийн байрын үнэ. Энэ бүхний цаана хичнээн гэр бүл хичнээн эцэг, эх шаналж суугаа бол? Өнөөгийн нийгэмд нэг айлаас хоёр хүүхэд их, дээд сургуульд суралцана гэдэг бол тухайн гэр бүлд маш хүнд ачаа болж байгаа юм. Сургалтын төлбөр нэмэгдэх айдсын хажуугаар түрээсийн байрны үнэ тэнгэрт хадчихаар нийслэлд оюутан сургана гэдэг мөнгө муутай шиг айлд бол бүтэшгүй зүйл болжээ гэхэд хилсдэхгүй болов уу.  

Оюутныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дахин мянган оюутны  байр барьж, ашиглалтанд орсон ч  оюутны дотуур байрны асуудлыг гүйцэд шийдэж чадахгүй юм. Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж, дотуур байрууд нь оюутнууддаа хүрэлцэхгүй, түрээсийн байрны үнэ тэнгэрт хадсан ийм л нэгэн намар айлчиллаа.

Б.Хорлоо