Багын л дуулах хүслээр жигүүлэсэн дуу хуурын өлгий  Дундговь нутгийн хүү дуучин Э.Төрмандах урлагийн тайзнаа гараад цөөнгүй жилийг үджээ. СУИС-ийг 2005 онд төгссөнөөс хойш уран бүтээлээ туурвиж өөрийн сонсогч, фенүүдтэй болсон.

Тэрбээр сургуулиа төгсөөд хоёр сарын дараа Монгол үндэстний их наадамд оролцон тэргүүн байр эзэлж, МУСТА болж байсан түүхтэй. Дөнгөж оюутны ширээнээс босоод л энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн нь хэн хүнд тохиогоод байх хувь биш.

Тэрбээр бие даасан гурван цомог гаргасан нь борлуулалтаараа тэргүүлж, шинэ уран бүтээлүүд нь ч хит болж байдаг. “Аархал” дуугаараа нэрлэсэн тоглолт нь амжилттай болж, үзэгч сонсогчид ам сайтай байсан.

Дуучин Э.Төрмандах үндэсний бөхөөр шаггүй барилддаг нэгэн байсан гэх бөгөөд сумынхаа наадамд сумын зааныг даван шуугиулж явсан аж.  Хожмоо  спортын  эсвэл урлагийн хүн болохын аль нэгийг нь сонгох хэрэг гарснаар дуучин болохоор эргэлт буцалтгүй шийдэж, өнөөдрийн амжилтанд хүрчээ.

Ингээд их урлагт уран бүтээлээрээ аархсан дуучиндаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Б.Хорлоо