“Блүүмбэрг” байгаа юм чинь Засгийн газрын хэвлэлийн албыг татан буулгая
2013/08/19
Нэг санаа байна, Ерөнхий сайд аа. Ерөөсөө Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МОНЦАМЭ энэ тэрээсээ татгалзчихъя. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албыг татан буулгаад, МОНЦАМЭ-гийн хаалгыг хаачихъя.
Тэгээд засгийн бүх л чухал мэдээллээ хамгийн түрүүнд өгдөг "Блүүмбэрг"-тэйгээ л үлдчих. Бүх сайд дарга, нар чинь "Блүүмбэрг"-т ярилцлага өгнө гээд төлбөрөө атгачихаад дугаарлаж байна лээ, тэгэхээр бүр ч амар. Заавал энэ хэдэн дотоодын хэвлэлийнхнээсээ мэдээллээ нууж цаашаа шивнээд байхгүй амар болно. Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МОНЦАМЭ хоёроор яах юм, мөнгөний гарз. "Угаасаа энэ чинь манай мэдээллийн алба, бидний хайртай "Блүүмбэрг" гээд л суугаад бай. Блүүмбэргийг ингэж өмчиллөө гээд ямар засгаас мөнгө гарах биш. Хөрөнгөө оруулчихсан нөхөд нь л хариуцах юм чинь. Зүгээр л "Бид өнөөдрөөс хамаг чухал мэдээллээ өгдөг Блүүмбэргтэйгээ л харьцана" гэчих. Тэгвэл дотоодын хэдэн сэтгүүлчид чинь "Та нар тэнд тэгээд хэлчихсэн байна лээ ш дээ, яагаад биднээс мэдээллээ нуугаад байгаа юм бэ" гэж нэхэл хатуу асуугаад байхгүй болно.
Блүүмбэрг гоё л доо. Дэлхийн зөндөө оронд мэдээллээ цацдаг. Цэнхэр гаригийн санхүү эдийн засгийн толь болсон хэрэгсэл. Хамаг л мундаг гэсэн шинжээчийн дүгнэлт, яриа энэ тэр зөвхөн Блүүмбэргээр шуурхай, товч, тодорхой гардаг. Тийм мундаг амьтдын ярьдаг дэлгэцээр аймаар ухаантай царайлаад яриад суухаар кайфтай л даа. Манай гишүүд, сайд нар угаасаа ухаантай царайлах дуртай юм чинь бүр ч гоё санагддаг байх. Үгүй тэгээд тэд ганцаархнаа ухаантай царайлъя гэж боддоггүй юм билээ. Ерөөсөө л ухаантай дүр эсгэнэ гэдэг чинь хүний мөн чанар шиг байгаа юм. Шийдвэр гаргах түвшинд ажилладаг бүх л сайд дарга нар нь тэгээд байгаа болохоор хүнтэй л холбосон нь онох байх.
Саяхан даа, хэвлэлийн хурал энэ тэр гээд сайд дарга нар оролцсон элдэв арга хэмжээ Монголын үндэсний олон нийтийн телевизгүй бол эхэлдэггүй байсан чинь одоо энэ байдал өөрчлөгдчихсөн. "Энхрий хайрт Блүүмбэрг минь ирэхгүй байна, жаахан хүлээгээдэхье" гэж ил цагаан зарлаад суучихна даа харин ч нэг. Блүүмбэрг ирлээ, дарга нарын царай хачин төв болоод ухаантай үгээ ярьж гарна. Яг л шинжээч шиг чухал царайлж байгаад л... "Эдийн засаг төчнөөн хувь өсөхөөр байна, ер нь бол хөрөнгийн зах зээлийг харахаар..." гэж ирээд л эхэлнэ дээ. Манай хэвлэлийнхэн сүүлийн үед "Блүүмбэрг мэдээллээ" гэж их мэдээлдэг болсон. Дотоодын хэвлэлийнхний дуулаагүй, дарга нарын үгүй гэж гүрийгээд байсан асуудлыг нь "Блүүмбэрг" мэдээлчихдэг учраас тэр. "Блүүмбэрг" мэдээлчихээр бид хоцроод ч болсон тэр чухал асуудлыг нь мэдээлэхгүй бол болохгүй. Тэгээд л "Блүүмбэрг мэдээллээ" гэж байгаад мэдээлнэ дээ, өөр арга байхгүй. "Монгол Улсын Засгийн газар Таван толгойн баруун Цанхи дахь орд газарт олборлолт явуулах компанийг энэ онд багтаж тендерээр шалгаруулах байсан ч оны дунд хүртэл хойшлуулсан гэж Блүүмбэрг мэдээллээ", "Блүүмбэрг"-ийн мэдээлснээр, Оюутолгойн орд дахь эзэмшлийн хувиа олон нийтийн компани байгуулан шилжүүлж, иргэдэд хувьцааг нь эзэмшүүлэх талаар судалж байгаа гэнэ" гэж ирээд мэдээлцгээж байна. Хамгийн сонирхолтой нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байгаа юм шиг "Блүүмбэрг"-ийн мэдээлсэн бүхэн, дарга нарын үгүй гэж гүрийгээд хэлэхгүй байсан мэдээлэл болгон сүүлд нь бодитой үнэн болж таардаг. Тийм болохоор Засагтаа зардал багатай ажиллаж, хэвлэлийн албаа тараа гэж зөвлөмөөр санагдсан юм. Заримдаа "Блүүмбэрг"-ээр улсын нууцад хамаатай мэдээлэл хүртэл цацагдаж л байдаг.
Таван тивд 200 гаруй оффис, 13000 ажилтантай "Блүүмбэрг"-ийг мэргэжлийн түвшинд мэдээлэл бэлтгэдэг, санхүү, эдийн засгийн мэдээллийг чанартай, амттай нь цаг алдалгүй шуурхай хурдан хүргэдгийг хэн ч үгүйсгэх аргагүй. Хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгсэл гэдэгтэй нь ярих юм байхгүй. Зүгээр л сайд дарга нарын хандлагыг энэ сэдвийг хөндөхөөс аргагүй боллоо л доо. Угаасаа тэр Блүүмбэрг чинь аймаар мундаг болохоороо олоод мэдчихсэн байхгүй юу, эдийн засгийн онолоор хөөж мөрдөж байгаад л олчихсон байх гэж тааж мэдэмхийрэх дарга гарч ирж мэдэх юм. Зах зээл, чөлөөт эдийн засгийн хөдөлгөгч хүч нь төр биш хувийн хэвшил гэдгийг ойлгоогүй сайд нар олонтойг ч хэлэх үү, иймэрхүү тайлбар өгвөл гайхах хүн гарахгүй. Хэн нэгэн албан тушаалтан хэлсэн болоод л эрхэм "Блүүмбэрг" тийм мэдээлэл цацаж байгаа. Эдийн засгийн шинжээчийн түвшинд гаргалгаа гаргаж, онол барьж хөөгөөд ч мэдэж чадахгүй, засгийн хэмжээнд яригдсан нууц шийдвэрүүд "Блүүмбэрг"-ээр л урсаж байдаг. Тааж мэддэг тарган лам, тамшаалж иддэг тарлан бух биш билээ, "Блүүмбэрг". Баримттай, нотолгоотой, бодитой эх сурвалжтай мэдээлэл "Блүүмбэрг" гэсэн улбар шар логоны дор цацагддаг. Тэр баримт эх сурвалж нь дотоодын хэвлэлийнхэндээ дургүй манай дарга нар.
Блүүмбэргийг гаргаж ирсэн, өдий хүртэл хөгжүүлсэн улсын хувьд хөрөнгийн зах зээл нь хөгжөөд өндрөө авчихсан, зах зээлийн эдийн засаг жинхэнэ утгаараа хөгжиж байгаа орон. Эдийн засаг нь хөгжих хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хөгжөөд, нөлөөллөө тогтоогоод ирдгийн тод жишээг эндээс харчихаж болно. Манай улсын хувьд ерээд оноос л чөлөөт зах зээл хөгжсөн. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэж одооноос л ярьж байгаа. Эдийн засаг хоёр оронтой тоогоор яригддаг болсон үеэс энэ чигийн сэтгүүл, сонин төрөлжиж гарч эхэлсэн. Өдөр тутмын сонинуудын ч анхаарлыг төвд байдаг байнгын сэдэв эдийн засаг болсон. Учир нь бидний гаргаж буй сонин, сэтгүүлийг уншиж байгаа эгэл иргэдэд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх, валютын ханш чангарах, сулрах мэдээлэл хэрэгцээтэй байдаг юм. Сарын турш хөлсөө гаргаж олсон хэдэн төгрөг нь үнэ цэнээ алдах, алдахгүйг мэдэхийн тулд тэд эдийн засгийн нүүрийг гарчигладаг юм. Оюу толгой төсөл цаашдаа үргэлжлэх эсэхийг ч манай уншигчид сонирхдог. Учир нь тэдний гэрээс хэн нэг нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаад ажлаасаа халагдаж орлогогүй болчихсон байгаа. Ийм л учраас бид эдийн засгийн сонирхол татсан асуудлаар сайд дарга нарт хандаад байдаг юм.
Саяхан нэг даргын өрөөнд орлоо. Олны анхаарал татсан нэг асуудлаар тодруулга авах гэж байсан юм. Тэгсэн нөгөө эрхэм "Би Блүүмбэргт яриа өгөх гэж байгаа. Тэрнээс үзчих. Надад ямар ч зав алга" гээд халгаасангүй. Энэ эрхэм "Блүүмбэрг"-ийг сонгогчдынх нь олонх үздэггүй, тодорхой хүрээний цөөхөн үзэгч нь чухал царай, өнгөц дүгнэлтийг нь сонсоод мушийдаг гэдгийг мэддэг болов уу.
Ц.ТҮВШИН
Зочин · 2013/08/20
dhahahaha ** maluud
шагай · 2013/08/20
“Блүүмбэрг” байгаа юм чинь Засгийн газрын хэвлэлийн албыг татан буулга зөв санаа төсөв хэмнэгдэнэ.
шагай · 2013/08/20
“Блүүмбэрг” байгаа юм чинь Засгийн газрын хэвлэлийн албыг татан буулга зөв санаа төсөв хэмнэгдэнэ.