Монголын рок, поп урлагт “Төмөр хатагтай” хэмээн нэрлэгдсэн бүсгүй бол ая зохиогч Б.Ангирмаа юм. Түүний зарчимч, хөдөлмөрч зан нь энэ нэрийг түүнд авчирсан биз.

 Тэрбээр 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авъяасаар амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг. Тиймдээ ч түүний ойр дотныхон нь “Ангираа ажлын төлөө төрсөн хүн шиг л хөдөлмөрч” хэмээн яридаг аж. Ая зохиогч Ангираа 100 гаруй аялгуу зохиож, арав гаруй дуу дуулжээ. Өөрийн уран бүтээлүүдээсээ “Хатуужилт ижий” дуундаа хамгийн их хайртай гэнэ.

Ая зохиогч Б.Ангирмаа “Nature sound”-д багшилж байх үедээ “Киви” хамтлагийг олж харан продюсерээр нь ажиллаж, өнөөдрийн амжилтанд хүргэсэн гэдэг. Тиймээс хамтлагийн охид продюсер, багш Б.Ангирмаадаа үргэлж баярлаж, талархаж байдгаа хэлдэг.

Ая зохиогч Б.Ангирмаа рок, попын эмэгтэй дуучидтай бүгдтэй нь дотно харьцаатай байдаг. Тэр дундаа МУГЖ дуучин Б.Сарантуяатай амьдралын найзууд. Тэд олон жил хамтарч уран бүтээл хийн олонд хүргэсэн билээ.

Түүнийг хөгжмийн зохиолч Б.Долгионы дүү гэдгийг бид андахгүй. Тэд урлагийн төлөө  зүтгэж, өөрсдийн хувь нэмрээ оруулж буй шилдэг уран бүтээлчид юм.

Б.Хорлоо