Өвөрмонголд хит болж байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая “Монголоороо байгаасай” хэмээх дууг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай дуулсан нь олон хүний анхааралд хүрсэн гэхэд болно. Тодруулбал цахим ертөнцийнхөн өөр хоорондоо шэйрлэцгээж, маш олон хүн сонссон болох нь уг бичлэгийн хандалтаас харагдаж байгаа юм.

Энэхүү дуу гарсны дараа Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг өөрийн фэйсбүүкэд бичихдээ “Гүндалай гэж энэ хүн миний ханийн дүрсжүүлэх гээд бэлдэж байсан дууг бушуухан шиг дуурайж дуулаад дүрсжүүлсэн байх юм. Ингэж дуулснаар монголчуудын дунд оноо нь өснө гэж тооцсон бололтой. Үзэхээр л инээд хүрээд инээчихээд болохгүй юм” гэжээ. Тэгэхээр түүнд өрсүүлсэндээ тэднээ гэр бүл ихэд харамсаж байгаа гэж ойлгож болох нь.

Ямартай ч Өвөрмонголын ая зохиогч Баян, яруу найрагч Цогжилт нарын шүлгээр бүтсэн Монголоороо байгаасай хэмээх уг дууг анх Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог болон “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах нар 2012 онд дуулсан байдаг. Гэхдээ тухайн үед тэд хүнд хүргэж чадаагүй бололтой юм. Яагаад гэвэл тэднийг дуулсаныг маш цөөхөн хүн санаж байгаа.

Харин Б.Дашдондог ярихдаа “Л.Гүндалай танай клипнээс чиний дүрсийг авч хаяад би дуулъя гэсэн. Тэгэхэд нь би зөвшөөрөөгүй. Шал заваан юм хийсэн байна лээ. Одоо миний хажууд дуучин Амараа хүртэл ирчихсэн наад асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гээд сууж байна. Уг нь би энэ дууг дуулах гэж байгаа юм бол эхлээд автороос нь зөвшөөрөл ав. Дараагаар нь өөртөө тааруулаад цоо шинээр хөгжим хийлгээд, дүрсжүүл гэж хэлсэн. Ингэж хэлсээр байхад гүрийгээд хийчихэж байгаа нь янз үзэж байгаагийн нэг хэлбэр.

С.Жавхлан бас дуулах гэж байгаа гэж Амараагаас сонслоо. Хэнээс ч зөвшөөрөл авсан юм. Ямар ч гэсэн бид энэ талаар хэвлэлийн бага хурал хийх юм уу эсвэл мэдэгдэл гаргана. Хамгийн гол нь урлагийг ингэж болдог гэсэн ойлголт төрүүлчихэж байгаа байхгүй юу. Үүний эсрэг зогсох болно. Доромжлуулаад зүгээр суугаад байхгүй шүү. Наад нөхөр чинь сонгуулийнхаа Пи-Арыг нь хийгээд байгаа юм шиг байна. Хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн арга нь л энэ байх. Өөрийг нь тоохгүй байгаа болохоор л хар Пи-Ар хийж сонгуулиар гарч ирэх гэсэн санаа л даа” гэж ярьсан байна.

Эндээс ажихад нэг зүйлтэй тун төстэй юм боллоо. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 2014 онд Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай. Зовлон жаргал хуваачихна ай хөөрхий” хэмээн дуулсан нь цахим ертөнцөөр тарж, маш хүний сэтгэлд нийцсэн. Мөн монголын ард түмний дийлэнх нь “Орчлонг хайрлаарай” хэмээх сайхан үгтэй дуу байдгийг тэгэхэд л мэдэж, мэдэрсэн.

Гэтэл уг дууг нэлээд олон жилийн өмнөөс МУГЖ дуучин С.Батсүх дуулсан болохыг ойлгосон ч сонсогчид Х.Баасансүрэнгийн дуулснаар л өнөөдрийг хүртэл сонсож байна. Гэхдээ төстэй боловч нэг ялгаатай зүйл нь гэвэл тухайн үед С.Батсүх эр хүний нүнжиг зааж юм яриагүй бөгөөд харин ч Х.Баасансүрэнтэй телевизээр хамтран дуулж харагдсан.

Х.Баасансүрэн лам, Л.Гүндалай харин улстөрч гэдгээрээ ялгаатай болохоос бус яг адилхан хүн гэж бодоод үзвэл тэд алдартай дуучдыг хөл хөдөлгөөнд оруулснаараа онцлогтой. Хэрэв Л.Гүндалайг дуулахад хэн ч юу ч яриагүй, тоогоогүй бол тэр хүнд хүрэхээр уран бүтээл хийж чадаагүй гэж ойлгож болохоор байлаа.

Харин “алдартай” дуучид сандралдан уурлах болсныг харахад нөгөө талаасаа бол энэхүү дууг тэр хүнд хүргэж чаджээ гэж ойлгож болохоор. Уг нь Өвөрмонголын яруу найрагч Цогжилтын шүлэг, ая зохиогч Баян нарын бүтээсэн дуу юм байна. Өвөрмонголд ч мөн хит болж байгаа ажээ. Хэрэв Л.Гүндалай үг ая хулгайлсан гэвэл Өвөрмонголчуудын оюуны өмч болно. Харин Дашдондогийн клипний хэсгээс хулгайлсан нь түүнийг асуудалд оруулж байгаа байх.

Ямартай ч өмнө нь хэн нэгний “хэн ч мэдэхгүй” дууг улс төрчдөөр дуулуулаад байвал харин ч тэр бүтээл нь олны танил болоод сайн талтай ч юм уу гэх зурвас бодол төрснийх нуух юун. Тиймээс бүтээлийг нь олонд таниулсан улстөрчдөд баярлалаа ч гэмээр юм уу.

Н.Ганаа