УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцээд гишүүдийн 71 хувийн саналаар дэмжиж баталлаа.

 

Хуулийн төсөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.

 

Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой. Ноён уулыг дурсгалт газрын ангилалд оруулснаар Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах юм.

 

Ноён уулыг тусгай хамгаалтад авсны дараа Гацууртын ордыг ашиглаж эхлэх юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга:- Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах боллоо. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө өгсөн байтал Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Гарцаагүй маш өндөр үнээр “Сентера гоул”-д өгөх боллоо. Түүхийг минь бидэнд ядаж үлдээгээч. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө гэж байгаа" гэв.

 

Мөн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа.