Монголын Залуучуудын Холбооноос соёл уламжлал, шашин шүтлэг адил төстэй Азийн орнуудын оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Орон орны оюутан залуусыг ойртуулан танилцуулах, соёл уламжлалаа бие биедээ таниулах зорилго бүхий тус арга хэмжээ энэ сарын 20-нд гурав дахь удаагаа зохион байгуулагдахаар болжээ.

Уг өдөрлөгт Орос, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Лаос, Вьетнам, Афганистан, Казакстан, Япон зэрэг орны оюутан залуус хамрагдахаас гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын төлөөлөл урилгаар оролцох юм байна.

“Хаврын баяр” өдөрлөгт оролцогчид нь орон орныхоо онцлогийг харуулсан үндэсний хувцастайгаа ирэх бөгөөд өөрсдийн цагаан сар тэмдэглэх ёс заншлаа танилцуулан урлагийн үзүүлбэр сонирхуулж, Монгол тоглоом наадгайгаар хамт тоглон нэг өдрийг өнгөрүүлэх аж.