Энэ долоо хоногт дотооддоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Нийгэм: Сурагч хүүг зодсон байж болзошгүй цагдаа ажлаа хийсээр байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын IV ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү 2015 оны 12-р сарын 26-ны өдөр нас барсан талаар бид мэдээлж байсан. Талийгаачийн үхэлд цагдаагийн албан хаагч шууд хамааралтай байж болзошгүй бөгөөд бид хэргийн талаар талийгаачийн төрсөн ах Ц.Чанцалгүмэнтэй ярилцсан. Бид энэ удаад талийгаач хүүгийн аав Ж.Цэндтэй ярилцлаа.

- Энэ хэрэг анх яаж үүссэн талаар ярилцлагаа эхлүүлье?
- Миний хүү бол Өвөрхангай аймгийн IV арван жилийн 11-р ангид суралцдаг хүүхэд. 2015.12.23-нд хүү маань хичээлээ тараад явж байхад н.Батсүрэн гэгч барьж цагдаад өгөөд 2015.12.26-нд би хүүгээ алдсан. Н.Батсүрэн яагаад миний хүүг барьсан бэ гэхээр, н.Батсүрэнгийн хүү Б.Жаргалсайхан МСҮТ-д сурдаг 10 гаруй хүүхэдтэй нийлж талийгаачийн Galaxy S3 маркийн утсыг дээрэмдсэн. Маргааш нь Б.Жаргалсайхан ганцаараа явж байхад нь талийгаач хүү маань “миний утсыг авчирч өгөөд утсаа аваарай” гээд тэр хүүхдийн утсыг авсан. Тэрийг нь Б.Жаргалсайхан аавдаа хэлэхдээ гар утас, 20000 төгрөг, бээлий дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгээд аавтайгаа хэд хэдэн хүнтэй микронтой элдэж хөөж барьж аваад Өвөрхангай аймгийн цагдаагийн хүүхдийн байцаагчид хүлээлгэж өгсөн.
н.Батсүрэн гэдэг хүн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Орос Батаа гэдэг хочтой. Хамгийн гомдолтой байгаа нь тэр эмэгтэй байцаагч нь шууд насанд хүрээгүй 10 жилийн сурагчийг гэр бүлийн болон эх эцгийн, багшийн харгалзах хүнгүйгээр шууд эрүүгийн мөрдөн байцаах тасаг руу хүлээлгэж өгсөн. Миний хүү амьд сэрүүн байхдаа ангийнхаа долоон хүүхдэд, дэлгүүрийн хүнд би толгой руугаа цагдаад зодуулчихлаа гэж хэлсэн. Миний хүүхэд бол хэзээ ч худлаа хэлэхгүй би долоон хүүхэд төрүүлж өсгөсөн юугаар ч дутахааргүй л өсгөж явна. Манай хүү сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг. Хоёр жилийн өмнөөс сур харваагаар хичээллэж явсан наадам болгоноосоо медаль авч ирж байсан.
Цагдаа дээр байхад Б.Бямбасүрэн гэх цагдаа миний хүүгийн толгой руу хүчтэй цохисон учраас л ийм зүйл болсон гэж үзэж байгаа.
- Талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан уу?
- Гарсан. Задлан шинжилгээгээр бол миний хүүгийн толгой руу нь хүчтэй цохисон учраас доргилт авч тархинд цус харваад нас барах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт гарсан. Би бол шүүх шинжилгээний дүгнэлтийг зөв гэж үзсэн. Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны Батбаяр миний хүүгийн хэрэгт буруутай байз болзошгүй Б.Бямбасүрэн цагдаагийн аав болохоор хардалттай байсан. Тийм учраас шинжээч дахин томилж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу хотоос шинжээч томилогдсон. Улмаар задланг 2015.12.31 өдөр хийж 2016.02.15-нд хариуг нь үзсэн.
- Талийгаачийн туханд цахилгаан бороохойны ул мөр байж болзошгүй шарх үүссэн байсан. Үүнийг задлан шинжилгээнд юу гэж дүгнэсэн бэ?
- Тэрийг бол зүгээр шарх үүссэн байна л гэж дүгнэсэн.
- Талийгаачийн үхэлд буруутай гэж байж болзошгүй цагдаа одоо ажлаа хийж байгаа юу?
- Хийж байгаа. Хоёр, гурван удаа гомдол гаргаж өргөдөл бичсэн гэхэд тэр Б.Бямбасүрэнг ерөөсөө хорихгүй сэжигтнээр татахгүй байна. Хамгийн гол нь жирийн иргэд энэ хүнийг шалгаад өгөөч ээ гэхэд хэрэг хийгээгүй байсан ч хорих нь холгүй дарамтлаад л өдөр, шөнөгүй байцааж цагддаг. Гэтэл Б.Бямбасүрэн гэдэг цагдааг ерөөсөө байцаахгүй шалгахгүй байгаа. Эцэг нь их том нөлөөтэй хүн. Өмнө нь цагдаагийн газрын орлогч дарга байсан, одоо Шүүх шинжилгээний албаны дарга болоод тэгж байгаа байх. Хүүгийн минь үхэлд буруутай байж болзошгүй цагдааг бид нар шоронд хийгээд өг гэж хэлээгүй зүгээр шалгаад өг гэхэд шалгаж болохгүй дархлаажсан ямар хүн байдаг юм бэ? гэж бодож л сууна... Бас Б.Бямбасүрэн өөрийнхөө хийсэн хэргийг нууж, булзааруулах гээд хувийн мөрдлөг хийж байгаа нь баттай болсон.
- Хувийн мөрдлөг хийж байгааг нь яаж мэдсэн бэ?
- Гэрчүүдтэй уулзсан, дэлгүүрийн хүнтэй уулзсан, бид нар камер шалгахаар явж байхад таарсан, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн камерыг бас шалгаад сууж байхад нь харсан. Тийм байхад л энэ хүнийг сэжигтнээр татахгүй байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Дөрвөн сартай жирэмсэн эхийн үхэлд СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл буруутай юу?

Гурван хүүхдийн эх, 37 настай Б.Гэрэлтуяа 2015 оны 08-р сарын 08-ны өдөр нас барсан. Тэрээр нас барахдаа дөрвөн сартай жирэмсэн байсан бөгөөд түүнийг шоконд орсны улмаас нас барсан гэх дүгнэлтийг Шүүх эмнэлэгээс гаргасан байдаг. Уг нь талийгаач хууч өвчингүй, жирэмслэлт болон ургийн бойжилт хэвийн хүндрэлгүй байсан гэдгийг эмчийн хяналт нь баталдаг. Нас барахаас нь хоёр хоногийн өмнө түүний нуруугаар өвдөж эхэлсэн тул түргэн дуудаж үзүүлсэн бөгөөд өвчин намдаах эмийг 12 цагийн зайтай уухыг зөвлөөд явсан байдаг. Талийгаач уг эмийг 12 цагийн зайтай хоёр удаа уусан ч өвчин нь намдаагүй тул харъяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл буюу Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хэвтсэн байна. Гэвч маргааш нь сэхээнд орж улмаар төрж амжаагүй, дөрвөн сартай үрийнхээ хамт нас баржээ.

Түүний үхлийн шалтгааныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Анафилаксийн шок энгийнээр хэлбэл түр зуурын шок болсны улмаас нас барсан хэмээн дүгнэсэн байдаг. Улмаар хэргийг Сонгинохайрхайн дүүргийн цагдаагийн 3-р хэлтэсээс шалгаж байгаад 2016 оны 01-р сард хэргийг хаасан байна.

Талийгаач бүсгүй эмнэлэгт очихдоо өөрөө явж очсон байдаг бөгөөд нас барахынхаа өмнөх өдөр нь нөхөртэйгөө банштай цай хуваан ууж, удахгүй гэртээ гарна хэмээн ярьж байсан аж. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хямрал, хүндрэлгүй байсан ч маргааш өдөр нь нас барсан байдаг нь гэр бүлийнхэнд нь хардлага төрүүлж байгаа ажээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Эдийн засаг: “Ногоон” таргалж, төгрөг “тураалд” оржээ

 

Бүртгэл, үндэсний статистикийн ерөнхий газрын энэ сарын тоо баримт, олон улсын санхүүгийн бай гуул-лагын таамаглал биднийг бодит байдал дээрээ эргэл зэж байгааг батлаад өгчихлөө.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан уул уурхайн компаниуд зах зээлд өнгөрсөн жил 30-70 хувиар үнэ цэнээ алдсаныг хүлээн зөвшөөрсөн бол 2015 оны эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарсан гэж статистикчид мэдээлэв. Үүнийг дагаад “ноён доллар” сар шинийн өдрүүдэд эрс чангарч, үндэсний мөнгөн тэмдэгт шалдаа унаж, өчигдрийн байдлаар ам.доллар 2027 төгрөгтэй тэнцэж байлаа.

Манай улсын бараа эргэлт өнгөрсөн сард 528 сая ам.доллар байсан нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 27 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Экспортын бүтээгдэхүүний талыг дангаараа бүрдүүлдэг зэсийн нийлүүлэлт төдийлөн өөрчлөгдөөгүй боловч нийт үнийн дүн 178 сая орчим ам.доллар болсон нь урьд оны эхний сараас90 саяар буурсан байна. Төмрийн хүдэр, нүүрсний борлуулалт нэмэгдсэн ч үнийн дүн нь 10-38 хувиар унаж, алтны нийлүүлэлт0.7 тонн болжээ. Эдгээр нь эрдэс баялгийн экспортоос шууд хамааралтай манай улсын эдийн засгийн өсөлт саарахад хүргэсэн гэж судлаачид “оношилж” байгаа юм.

Гэхдээ Азийн хөгжлийн банкны шинжээчдийн урьдчилан таамаглаж байсан хэмжээнд манай эдийн засгийн өсөлт хүрсэн гэж бодвол баярлууштай ч байж магадгүй. Үүнд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар тодорхой хувь нэмрээ оруулсаар байгааг тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар хэлж байсан. Оюутолгойн ордын ил уурхайн олборлолт үргэлжилж, хоёр дахь шатны бүтээн байгуулалтын бэлт гэл ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа нь ч бодитоор нөлөөлж буй юм. Оны эхний сарын статистик тоо иймэрхүү байдалтай байхад ам.долларын ханш шийдвэр гаргагч, эрх баригчдын тоо-цоолж байсан дээд хэмжээнд бараг хүрчихжээ. Гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал маш бага болсноор “ноён ногоон” хүчээ авч байгааг эдийн засагчид хэлж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Спорт: Өвлийн олимпийн наадмаас Монголын анхны медальтан төрлөө

Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд Гүйлтийн тэшүүрийн төрөлд эрх аван оролцож байгаа Буянтогтохын Сумъяа Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог багийн төрөлд амжилттай уралдаж алтан медалийн болзол хангалаа. Ийнхүү Монгол улс Залуучуудын Өвлийн Олимпийн наадмаас анхны алтан медалиа хүртэж байна. Ингэснээр Монгол улс Өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа олимпийн аваргатай болж байна.Өмнө нь 2010 онд Сингапур улсад зохиогдсон Залуучуудын Зуны Олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд нар аварга болж байсан билээ. ОУХМ Б.Сумьяа Дархан-Уул аймгийн тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг юм.

Урлаг:Ромео Жульетта” жүжгийн ая цомог болно

Хүн төрөлхтний аугаа их хайрын билэг тэмдэг болон мөнхөрсөн алдарт зохиолч Уиллиам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар өнгөрөгч онд УДЭТ-ийн тайзнаа шинэчлэн найруулан тавьсан билээ. Энэхүү жүжгийн хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, СТА Б.Чинбат өөрийн нарийн мэдрэмж, ур хийц, сэтгэл зүрхээрээ амилуулж үзэгч олны сонорт хүргэсэн билээ.

Тэрбээр энэхүү уран бүтээлээрээ бүрэн хэмжээний цомог гаргах төлөвлөгөөтэйгээр “Монгол контент” ХХК-тай хамтран ажиллаж байгаа ажээ. Тун удахгүй “V” студитэй хамтран эмэгтэйчүүдийн баяр буюу “Март-8”- нд видео клипээ гаргахаар ажиллаж байна.

Монголд анх удаа кино, жүжигт зориулан дуу болон бүрэн хэмжээний хөгжим зохиож байгаа төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч СТА Б.Чинбатын хувьд үзэж амжаагүй хэн бүхэнд зориулж агуу хайрын түүхийг илэрхийлсэн энэхүү бүтээлээ itunes, hi-fi.mn, city baby гэх мэт application-нд тавихаар ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр дэлхийн 96 салбар дэлгүүрээр зарагдаж эхлэх юм. “Хөгжимд хэл байдаггүй гэдэг шиг хүссэн хүн болгон авч сонсох бүрэн боломжтой байгаасай. Мөн гадаадын оронд Монголынхоо нэрийг гаргасан бүтээл болоосой гэсэн үүднээс тус цомгоо гаргаж байна” гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Улс төр: АН-ын ЭЭЛЖИТ МОЛИГО

Туг тахих гэдэг үгийг сүүлийн жилүүдэд улстөрийн тогоонд ихээхэн хэрэглэх боллоо. Арга ч үгүй биз. Болохгүй бүтэхгүй, ард түмэндээ таалагдахаа байснаа мэдэхээрээ л хэн нэгнээрээ туг тахиж “аавын хаалга” татуулдаг моод 2012 оны Ардчилалын хөх туг намирснаар улам идэвхжлээ.

Хамгийн том жишээ МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Нүүрс” хөтөлбөрийн Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нараар туг тахьсан. Мөн золиосонд хүртэл хэн нэгний амьдралыг үрэн таран хийхдээ улстөрийнхөн гаршсан гэхэд болно. Үүний том жишээ нь Г.Сарангэрэл. Хар тамхины хэргээр анх шалгагдаж эхэлсэн ч удалгүй Хуульзүйн яамны сайд асан Х.Тэмүүжинтэй холбогдож амьдралд нь томоохон хар толбо үлдээсэн.

Ардчилалын хөх туг 2012 онд УИХ-ын олонх болсноор намирч эхэлснээр Шинэчлэлийн тодотголтой Засгийн газрыг Н.Алтанхуягаар ахлуулж байгуулсан ч 2014 оны 11 сард унагаж, МАН-тай гэрлэлтээ батлуулж байсан АН наймхан сарын дараа гэрлэлтээ цуцлуулж молиго үмэхүүлж чадсан. Энэ нь тухайн үедээ засгийн эрхээ өөрийн байлгаж улстөрийн намуудын хүчийг сарниах гэсэн алхам эхний алхам байсан.

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аа авилга авсан хэргээр саатуулж ажлаас нь чөлөөлж туг тахисан. Одоо ч энэ суудал хоосон орон тооны хүнээр суудлаа бөглүүлж бүрэн бус Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Харин өнгөрсөн сарын 19-нд Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хэсэг нөхөд УИХ-ын даргад өргөн барьснаар АН “үүрээ эвдүүлсэн шоргоолж” шиг хэсэгтээ л бужигнаж МАХН-ын дарга Н.Энхбаярыг түшиж үлдсэн байж засгаа аварч үлдсэн гэдгийг хэн хүнгүй хэлдэг ярьдаг.

Ийн тогтож үлдэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шадар сайдын суудлыг амласан гэдэг юм. Энэ амлалтанпаа хүрэхээр энэ сарын нэгний өдөр Н.Энхбаярыг ШАДАР САЙД-д нэр дэвшүүлэх албан тоотыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргуулсан ч АТГ дээр саатаж, Н.Энхбаярыг “томилож болохгүй” гэсэн хариу ирсэн хэмээн шуугиж эхэлсэн нь бас л НО-той.

Засгаа авч үлдэж л байвал чөтгөртэй ч гар барилцан тэврэлдэхэд бэлэн болсон АН-ынхан энэ удаагийн амаар нь шороо үмэхүүлэх, ээлжит төлөвлөгөөндөө Н.Энхбаярыг оруулсан ч байж магадгүй. Тиймдээ АТГ-аар “болохгүй” гэсэн хариу гаргуулж тээглүүр гаргаж ч байж болно.

Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эвээлд байдаг хэмээн яригддаг АТГ-аар “нохойд барих мод” болгож хулхидаж байж болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол Ардчилсан намаас угшилтай улстөрч.

Тэгэхээр улсын хэргээс урьдаж намын хэрэг явагддаг болчихсон өнөөгийн нийгэмтэй Монгол оронд байж болох МОЛИГО.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа