ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Доржхандтай ярилцлаа.

-Танай нам доторх хагарал, хуйвалдаан болон тантай холбоотой гэх асуудлуудад Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд албан ёсны тайлбар хийвэл...?

-Эхлээд ХҮН-ын тухай болон энэ нам ямар учраас байгуулагдсан юм, энд би яагаад явж байгаа юм гэдэгт хувь хүний зүгээс өөрийн ойлголтыг өгөх нь зөв байх. Цаасан дээр байсан намыг бид ярьж байгаад “Энэ нам бидний итгэл үнэмшилтэй нийцсэн нам байна. Товчлол нь ХҮН. Бидний гаргаж ирсэн үзэл баримтлал бол хүн дээд үзэл. Энэ үзэл нь хүн төвтэй биш хүнийг дээдэлдэг, түүнийг урдаа барих юм” гээд энэ намыг бий болгож 2011 онд шинэчилж зохион байгуулсан. Миний хувьд, АНУ-д Олон улсын вальютын санд ажиллаж байгаад, ажил, амьдрал, бүх зүйлээ орхиод эх орондоо ирсэн. Энд учир утга, агуулга, нэр төртэй, амьдралдаа харамсахгүйгээр үр хүүхдэдээ сайн сайхан амьдралыг өгөх боломжтой ийм нөхцөлийг бий болгох үе нь мөн байна гэж бодоод шийдвэрээ гаргаад ирсэн л дээ. Одооны үүсээд байгаа нөхцөл байдал уг нь намын дотоод жижигхэн асуудал байгаа юм. Манай нам өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан. Хүний амьдралтай зүйрлэвэл ХҮН мөлхөж яваа нам. Тэгэхээр энэ намын хувьд хэдийгээр цаг хугацааны хувьд богино хугацаанд нийгэмд хүлээлт үүсгэсэн ч гэлээ институцийн хувьд бэхжиж амжаагүй, бэхжих шатандаа яваа. Үүсээд байгаа асуудал намын дотор асуудал байсан ч харамсалтай нь нийтэд ил болж, хяналтаас гарчихлаа. Үүнд маш их харамсч байгаа. Энэ байдлыг үүсгэсэн нөхдүүдийнхээ өмнөөс намын гишүүд дэмжигчдээсээ уучлал гуйя.

-Таныг листийн гуравдугаархыг таван тэрбумаар зарсан. Ер нь лист зарж 30гаруй тэрбум төгрөг босгож намын санхүүжилтээ шийдээд байгаа гэж яриад байгаа. Энэ үнэн үү?

-Би ямар нэгэн лист зарсан зүйл байхгүй. Лист зардаг хүн нь би биш. Надад тийм туршлага байхгүй (инээв). Би анх удаа намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил хийж байгаа. Надад ёс зүйтэй, нэр хүндтэй, хэзээ ч хүний өмнө муу юм хийсэн дээ гэж гэмшихгүйгээр амьдарч чадна гэсэн итгэл үнэмшил байдаг. Би эдийн засагч хүн. Макро эдийн засгийн чиглэлээр нэлээд ажилладаг. Нэг санхүүгийн эх үүсвэрээс хамаарсан эдийн засгийн систем явдаггүй юм. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байна. Уул уурхай сайн явж, эрдэс түүхий эдийн ханш өндөр үед эдийн засаг сайн явдаг. Гэтэл өнөөдөр уначихлаа. Үүний дараагийн салбар байхгүй байна. Тэгэхээр нэг салбар, нэг хүчин зүйл, нэг санхүүгийн эх үүсвэр, нэг хүний их мөнгөнөөс хамаарсан систем явахгүй. Энэ ч агуулгаараа би үүний эсрэг байсан. Харин бид Ажлын хэсэг гаргаад краудфандинг буюу олон нийтээс хөрөнгө босгох-Обамагийн загвараар жижиг дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг нийт хөдөлмөр эрхлэгчдээс мөнгө гуйя. Тэр нь 1000 төгрөг ч байсан хамаагүй. Тэр нь сэтгэл шингэсэн байдаг юм. Энэ бол бидний давуу тал. Өнөөдрийг хүртэл бид худлаа ярьж, хулгай хийгээгүй. Ямар нэгэн амлалт өгөөгүй, улс төрийн шинэ хүчин болохоор бидэнд боломж байна гэцгээсэн. Ингэж санхүүгийн загвараа гаргаж ажиллаж байсан.

Бидний хувьд шинээр үүсч байгаа улс төрийн хүчин. Маш их оюунлаг залуус нэгдэж, нягтарч байгуулагдсан нам. Бидний зорилго бол улс төрд шинэ салхи оруулах. Дандаа эрх мэдэл, мөнгөтэй хүн улс төрд явдаггүй юм аа. Тэрний оронд ажлаа хийдэг, мэргэжлийн, мэдээлэлд ойр байдаг хүмүүс нь явдаг юм гэсэн жишээг бий болгоё гэсэн ийм л зорилгыг тавьсан. Энэ намын хувьд яалт ч үгүй хүндрэлтэй асуудал бол санхүүжилт. Аль ч намын хувьд тийм байгаа. Бид өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө багахан эх үүсвэрээр үйл ажиллагаагаа явуулаад ирсэн. Хэн нэгэн гадны мөнгө, эрх мэдэлтэй, ямар нэгэн субьектээс нэг ширхэг ч төгрөг аваагүй. Зөвхөн өөрсдийнхөө итгэл үнэмшил, өөрсдөөсөө мөнгө гаргаж мөн намынхаа гишүүдийн татвар, зарим нөхдийн хандиваар үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүргэсэн. Цаашид ч ийм зарчмаар явуулна. Хэрвээ хэн нэгэн хүнээс хамааралтай, хэн нэгнээс их хэмжээний мөнгө аваад түүгээрээ улс төр хийгээд явна гэвэл, уучлаарай. Хэрэв тэгвэл энэ цэвэр улс төр байж чадахгүй. Аль болох олон түмнээс, олон хүнээс мөнгө босгоод түүгээрээ улс төр хийнэ гэсэн загвараар явсан.

-Тэгэхээр лист зарсан гэх яриа хаанаас үүдэж гарсан юм бэ?

-Надад лист зарах эрх нь байхгүй. Тэгэхээр үүнийг шийддэг бүтэц нь жагсаалтыг 1-28 хүртэл жагсаагаад явдаг эрх үүрэг бүхий бүтэц Намын төв хороо юм. Танилцуулаад явах нь Удирдах зөвлөл. Үүнийг журамласан журмыг бид хийгээд явж байгаа. Хоёрдугаарт, маш их хүлээлт нийгэмд үүсчихээд байна. Энэ хүлээлтийг бид сайхан хүлээж авах ёстой. Яарч болохгүй. Тэгэхээр системээ маш эрүүлээр хийх хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн системээ. Маш их мөнгөтэй, АН, МАН-д орж байсан, ажиллаж байсан ийм хүмүүсийг хүлээж авах нь буруу гэдэг хувийн байр суурьтай байсан. Надтай холбож яриад байгаа нэр бүхий бизнесменүүдтэй (сурв. Ш.Сайхансамбуу, Ч.Мянганбаяр ... г.м.) би уулзаагүй. Уулзах саналыг манай намын удирдах албан тушаалтнуудаар дамжуулж надад хүргүүлж байсан. Тэр хүмүүстэй би уулзаагүй. Тэр хүмүүстэй уулзах ажлыг манай асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн, “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөртөө авч “Би тэдэнтэй уулзъя. Та ийм юмнаас хол бай. Та бол төрийн, цэвэр хүн. Харин би бол бизнесийн хүн учир энэ хүмүүстэй уулзъя” гэсэн. Ийм байдлаар явсан. Цаашдаа бол аливаа улс төрийн хүчин хэн нэгнээс хараат бус байна гэх юм бол их мөнгийг нэг хүнээс босгох систем ажиллахгүй. Боломжтой бол улс төсвөөс санхүүжүүлээд явах нь хамгийн зөв хувилбар гэж боддог.

-Таныг гадаадаас ирэхээс хоёрхон цагийн өмнө намын дарга Удирдах зөвлөлтэйгөө хуралдаж ажлаас тань халах болон Хариуцлагын ерөнхий хороогоо татан буулгах тушаал гаргасан юм билээ. Битүүний өдөр иймгэнэтийн шийдвэр гаргасныг танай намынхан урьдаас сайтар бэлтгэсэн ажиллагаа байсан гэж тайлбарлаж байна?

-Бидний зорьж байгаа, хийх гээд байгаа ажил бол Монгол Улсыг урт хугацаанд тогтвортой, эдийн засгийн хөгжилтэй, улс төрийн тогтвортой бодлоготой, оюун санааны хувьд хөгжчихсөн, амьдралын хувьд ч элбэг дэлбэг, хүүхдүүд нь аз жаргалтай, нүдэнд нь гэрэл гэгээ цацарсан тийм л амьдралыг хүсч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол 2016 он биш. 2020 он ч биш. 2024, 2028, 2032 он руугаа зорьж ажиллая. Хорь, гучин жилийн турш энэ улсыг босгохын төлөө ажиллая гэж нэгдсэн юм, бид. Үүнийг хийх арга зам нь юу вэ гэхээр энэ бол институци юм. Хөгжсөн орнуудын загварыг аваад үзэх юм бол хамгийн сайн институци байгуулсан нь АНУ, Англи, Герман. Германаас япончууд хуулсан. Сингапур Англиас хуулсан. Тэнд нэг хүнээс хамаарсан систем ерөөсөө ажилладаггүй. Тэнд хичнээн мундаг хүн байж болно. Институци буюу систем нь зөв суурьтай хөгжсөн тохиолдолд тэнд хөгжлийн асуудал, урт хугацааны төлөвлөлт, стратегийн асуудал яригддаг.

Нэгэнт улс төрийн хүчин байгуулж байгаа зорилго нь юу вэ гэхээр улс орныг өөрчлөх, Засгийн газарт орж ажиллах, засгийн эрхийг авах гэсэн үндсэн зорилго байна. Нэгэнт засгийн эрхийг авах гэж байгаа бол тэр засгийг институцийн хэлбэр рүү оруулах шаардлагатай.

Доржханд гэдэг хүн бол анх удаа намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажил хийж байна. Алдаа, оноо байна. Магадгүй олон жилийн турш гадны байгууллагуудтай хамтарч ажиллаад явсан туршлага байгаа ч Монголын хөрсийг мэдрээгүй гэдэг алдаа байж болно. Удирдах арга барилын хувьд буруу байна уу гэвэл буруу байна. Шинэ агаарыг улс төрд оруулахад тийм ч амаргүй. Тийм агаарыг цэврээр нь оруулахад хуучин хүсэл сонирхол ямар байсныг тооцож чадаагүйд буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үүнийг шаардлага тавьж байгаа нөхөд маань өмнө нь хэлээд залруулаад явах хугацаа байсан. Харамсалтай нь, тэгсэнгүй. Нөхөдтэйгөө уулзаад ярья гэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ асуудлыг хөндөж ярихгүй байна. Энэ бол нам дотор явж байгаа жижиг асуудал гэж харж байгаа. Бид үүнийг институцийн зарчмаар дүрэм, журмынхаа дагуу шийдээд явахгүй бол цаашид буруу жишиг тогтоно.

Өнөөдрийг хүртэл би ямар нэгэн байдлаар хэвлэлд ярилцлага өгөөгүй, нийтэд гараагүй. Нам гэдэг бол дүрэм, журамтай. Институци гэж байгуулж байгаа бол бид тэрийгээ хүндэтгэх ёстой. Өнөөдөр тэр дүрэм журам, хууль муу байж болно. Гэвч тэрийгээ бид дагаад явах соёлтой байх ёстой. Ийм соёлтой байж байж л намд жишиг тогтоод, дүрмээ хэрэглэдэг болох ёстой. Өнөөдөр бид шинэ нам гээд дүрмээ хэрэглэхгүй явсаар анхны хариуцлагын асуудал гарч ирж байгаа байхгүй юу. ХҮН-ын онцлог юу вэ, бусдаас ялгардаг ялгаа нь юу вэ гэхээр бид ёсзүйтэй, дүрэм журамтай, ёс журмаа хатуу сахиж мөрддөг ийм нам гэж бүгд ярьдаг байсан. Үүгээрээ ч ялгарна гэж бодож байгаа. Аливаа нэг хүн асуудал үүсгээд хуйвалдаан, хээл хахууль зэргээр дүрэм журмаа зөрчөөд явбал түүнд хариуцлага тооцох системийг хийж байгаа. Манай намын дарга болчихоод анхны тушаалыг гаргахдаа хамт энэхүү төслийг бодож боловсруулан, манлайлсан нөхрөө үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрийг хянаж, өөрт нь хариуцлага тооцох ёстой намын дээд байгууллагаас томилогдсон Хариуцлагын ерөнхий хороог өөрөө тушаалаараа татан буулгаж байгаа энэ үйлдэл нь болохгүй. Энэ бол бидний хүсч байгаа зүйл биш.

-Шинээр гарч ирж байгаа, цаашид нэлээд хол явж мэдэхээр ХҮН-ыг АН, МАН дотроос нь бутаргая гээд С.Ганбаатарыг оруулсан. МөнАлтан дорнод Монгол”-ын Т.Ганболд МАН-аас авсан гэрийн даалгавраа биелүүлэхээр ХҮН-ыг бутаргахыг зорьж байна гэж тал талаас нь хардаж, сэрдэж байх шиг байна?

-МАН-ын гишүүн байсан Т.Ганболд гэдэг хүн орж ирсэн. Орж ирэхэд нь итгэл үнэмшлээрээ л орж ирлээ дээ гэж бодож байсан. Гэтэл болж байгаа процессийг харвал эргэлзэхээс өөр аргагүй болж байна. ХҮН бол урьд өмнө нь сонгуульд орж байгаагүй. Энэ намд итгэл сэтгэлээ өгч орж ирсэн залуучууд бол амьдралд анх удаа намын батлах авч үзэж байгаа хүмүүс. Бид саяхан дөчин нас хүрлээ. Амьдралдаа анх удаа намын батлах авч үзэж байна. Найз нөхөд маань ч анхныхаа сонголтыг хийж орж ирж байна. Нөгөө хоёр намын явж байгаа систем нь болохгүй байна гэж татгалзаад манай намд итгэл үнэмшлээрээ орж ирж байгаа нь олон байна. Тэр хүмүүсийг хардаад “Та ямар зорилгоор орж ирж байгаа юм” гэж шалгаах эрх байхгүй. Үүсээд байгаа үйл явцыг дүгнээд харах юм бол тийм ээ, АН, МАН-ын хүмүүс орж ирээд манай намыг бутаргах гэж байна гэж хэлэхэд баримт алга. Би эдийн засагч хүн. Аливааг баримттай ярьдаг. Гэхдээ тэгж хардах эрх нь байна. Үүнийг хамгийн сайн хараад цаашаа явах хүн бол манай намын дарга. Бидэнтэй харьцуулах юм бол улс төрд арав гаруй жил явсан. Том зургаа хараад өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлчихсэн. Тэр хүний үндсэн үүрэг нь уг нь намын эв нэгдлийг сахиулж, намыг авч явах ёстой. Түүнээс энэ зүйлийг тодруулж асуух нь зүйтэй байх. Бидэнд улс төрийн туршлага алга. Гэхдээ бидэнд хардах үндэслэл байна. Хэр үндэслэлтэй вэ гэдэг нь явц дунд харагдах байх. Яг бодитой баримт одоогоор мэдэгдэхгүй байна.

-Танай намыг байгуулалцсан хүмүүсийг нэлээд боловсролтой, өмнө нь улстөрд хутгалдаагүй, үнэхээр эх орноо хөгжүүлж, энэ хэцүү байдлаас гаръягэж чин сэтгэлээсээ нэгдсэн залуус гэж хараад байгаа. Үүгээрээ бусад намаас бас ялгагдаж байгаа гэж ойлгож болох уу?

-Үнэн, үнэн. Эдийн засаг талаасаа тайлбарлавал бид маш их нөөцтэй ч цөөн хүн амтай. Маш тогтворгүй улс төрийн системтэй байна. Эдийн засгийн тогтвортой бодлого нь алга. Боломж байгаад байна. Боломжийг ашиглаад энэ улсыг босгох эрдэм мэдлэг, хүсэл мөрөөдөл, чадавхи нь бидэнд байна. Үүн дээр л үндэслэж энэ залуучууд нэгдсэн. Клубийн зохион байгуулалтад хамрагдаж байсан залуус болон гадна, дотноос маш олон залуус нэгдээд явж байна. Бидний “Хүн дээд” гээд байгаа үзэл санаа нь бол хөгжлийг хэн авчирдаг вэ гэхээр хөгжлийг хүн авчирдаг юм. Эдийн засаг гэдэг нь хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй эрэлт, хэрэгцээг хангана гэдэг маш товчхон тодорхойлолт байдаг. Нөөц гэхээр хоёр төрлийн нөөц байгаа. Нэг нь бараа материал, идэж уух хүнс тэжээл, газрын доорх баялаг. Нөгөөх нь хүн. Таваарлаг нөөц нь хязгаарлагдмал байдаг. Харин хүний нөөц хязгааргүй. Эдийн засгийн хөгжилд хөгжлийг авчирдаг зүйл нь хүн болчихоод байна. Эдийн засаг болон улс орны хөгжилд хүний авчрах хүчин зүйл маш өндөр. 50, 100 жилийн өмнө эдийн засгийн гол хөшүүрэг нь байсан хүнд аж үйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуйн талбар бол хоёр, гурав дахь салбар болж, мэдлэг, технологи дээр үндэслэж суурилсан салбарууд харин гол салбар нь болоод байна. Миний хувьд энэ намыг цаашид аваад явах боломж бололцоо байна. Гэхдээ залуу хүнд урам зориг хэрэгтэй. Сонгууль болоогүй байхад дотроо ингэж байгаа тохиолдолд цаашид яана даа гэсэн эмзэглэл төрөх юм. Урам ихэд хугарч байгаа ч хойч үе, үр хүүхдүүдийнхээ төлөө, эх орныхоо сайн сайхны төлөө бид хөдлөхгүй бол өөр хэн хөдлөх вэ дээ.

-ХҮН-ын залуус хэвлэлийн хурал зарлажС.Ганбаатарыг намын даргаас огцруулъягэж санал гаргаж байсан?

-Схемийг тодруулаад харвал нэг талд нь боловсрол, үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй залуус. Нөгөө талд нь улс төрөөр өндөр рейтингтэй улстөрч. Энэ хоёрын холимог байхгүй юу. Энэ системээр сонгууль руу орох юм бол магадгүй амжилт үзүүлэх систем. Гэхдээ бид нэг л эрх ашигтай. Нэг л цаасан дээр бидний үйл ажиллагаа хязгаарлагдаж байх ёстой. Тэр бол бидний институци гээд байгаа намын дүрэм журмын хүрээнд намын дарга байна уу, аль нэг сумын иргэн байна уу ялгаагүй аль алинд нь намын дүрэм адилхан хэрэгждэг байх ёстой.

Дүрэм журмын дагуу, энэ хүн үнэхээр ёсзүйн зөрчил гаргасан байна, буруу шийдвэр гаргажээ гэвэл хариуцлага тооцогдох ёстой.Листийн асуудал бол явдаг журмаараа олон нийт нь оролцоод дарааллаараа явна. Өнөөдөр би тэр хүмүүсийн өмнөөс листийн талаар ярих эрх мэдэл надад ч, намын даргад ч байхгүй.

Үүсээд байгаа асуудлыг би аль болох хүлээцтэй, тэвчээртэйгээр дүрэм журмын дагуу шийдэх гээд л өнөөдрийг хүртэл тэсээд яваад байгаа. Тэснэ ээ. Япон ардын нэг мэргэн үг байдаг юм “Тэвчээр бол зэвсэг юм” гэж. Намынхаа гишүүдэд хандаж хэлэхэд тэвчээртэй бай, үр дүн гардаг юм. Бид институци байгуулаад цэвэр ёс суртахуунтай, дүрмээ дагасан, хариуцлагын системээ ажиллуулаад явах юм бол Монголын ард түмэн маань бидэнд итгээд явах болов уу гэж харж байна. Бидэнд нэр хүнд, улс орноо авч явах эрхэм зорилго байгаа. Жижигхэн чулуунд бүдрэхгүйн төлөө явна. Том институцийг харна. Бидний зорилго бол 2016 он биш ээ. 2016 онд бид сонгуульд амжилт гаргахгүй байж ч болох юм. Гэхдээ бид шаардлагатай бол 2024, 2028 он хүртэл тэсч чадна. Бидэнд нас, боломж бий.

-ХҮН-ын цаана нууц ноёнтон байгаа юу?

-Тийм нууц ноёнтон байхгүй. Ард нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хүн байдаг гэдэг нь худлаа. Цаашид ардаа ямар нэг хүнгүй байхаар зорьж ажиллана. Намын дарга бол манай хувьд мөс хагалагч болохоос биш хүчээ хуваагаад, сарниулаад байдаг хүн биш л дээ. Энэ л итгэл үнэмшил дээрээ багцлагдаад явах юм бол ХҮН-д маш том хүч байгаа. Маш олон наашаа гэсэн төлөөлөл, залуучууд байна. Бид үнэхээр ёсзүйтэй, хүлээцтэй, тэвчээртэй, боловсролтой хүмүүс юм бол уулзаад учраа олоод явах байх аа.