Бид “Цаг ямар хурдан өнгөрнө вэ” гэдэг. Цаг хугацаа ч бас “хүмүүс өнгөрөөд л байх юм” гэдэг байх даа. Дөрвөн жил бол урт хугацаа. Гэтэл өчигдөрхөн л сонгууль өгсөн шиг санагдах юм.
Тэдэнд тогтвортой тогтолцоо байдаг
Хүний амьдралыг дэлхийн настай харьцуулбал нүд цавчихаас ч богинохон биз. Гэхдээ хүн өөрийн эрхшээх жар далан жилдээ нүд цавчих байтугай олон зүйл хийдэг.
Туршлага ч хуримтлуулна. Нэг зүйлээ олон хийвэл чадвар сууж, тэрийгээ олон янзаар хийгээд эхэлбэл бусдаас гарамгай болж илүүрхэнэ. Гайхуулна, бишрүүлнэ. Дэлхий дээрх ямар ч том систем, хөдөлгөөн, кампанит ажил хүний хүчин зүйлээс бүрддэг билээ. Дэлхийн бүх гайхамшгийг хүн хийсэн юм. Хятад улс энэ зууны гайхамшигт хөгжлийн жишээ болоод байна. Харин тэдний төрийн бодлого дөрвөн жил байтугай 40 жил болсон ч шинэчлэл өөрчлөлт нь өмнөхийнхөө таван хувиас илүү гардаггүй аж. Энд л тэдний үнэт зүйл, төрийн хүч, хөгжлийн амжилт байж магадгүй. Ер нь ч урт хугацааны тогтвортой бодлого амжилтыг дагуулдгийг хөгжсөн болон хөгжиж байгаа бүх орон харуулсан.
Дэлхийг соёл, урлагаараа хол тасархай манлайлж яваа Америкийн хамгийн хүчирхэг зэвсгийг Холливүүдэд үйлдвэрлэдэг. Хэзээ унах нь үл мэдэгдэх энэ аварга ертөнцийн долоон компани бол Paramount, Warnerbrothers, Mgm, Universal, 20 Century, Columbia,Disney юм. Диснейгээс бусад зургаан компанийг еврей хүмүүс үүсгэн байгуулжээ.Амжилтын талаарх бас нэгэн яриа бол еврей нарын тухай. Еврей хүн нэг ажил сонговол буцахгүй, шантрахгүй, хазайхгүй гэж бурхандаа амладаг, амласнаа биелүүлдэг сахилга баттай ажээ.
Тэрнээс ч болсон уу бүхий л салбарт амжилт, орлогын үүдийг нээж алдаршсан еврей олон. Америк мөрөөдлийн эзэд болох Германы цагаач Карл Лаймл Universal Pictures- ийг, Унгарын цагаач Адольф Цукор Paramount - Pictures -ийг, Польшийн цагаач Уорнерийн гэр бүл Warnerbrothers - ийг, Оросын цагаач Яуис Маер Mgm -ийг, мөн Оросын цагаач Жозеф Шенк 20 Century Fox-ийг, Германы еврей цагаачийн хүү Харри Коон Columbia - Pictures -ийг үүсгэн байгуулжээ. Эд мэдээж найз нөхөд, гэр бүлтэйгээ хамтран хөдөлмөрлөсөн. Бүгдээрээ л еврей.
Эргээд харахад алдар хүндийн оргилд хүрсэн жүжигчдийн 60 хувь нь еврей үндэстэн, дэлхийн санхүүгийн байгууллагын 60-80 хувийг еврейчүүд эзэмшдэг, дэлхийн хүнсний салбарын эхний таван аварга компанийн гурав нь мөн л еврейчүүдийнх гээд эртээс эдүгээ хүрээд буй энэ цувралыг жагсаавал урт болно. Еврей хүний энэ чанар хатуу сахилга бат дээр суурилсан үл ганхах журам, үнэт зүйл, үзэл бодолтой салшгүй холбоотой.
Тэр нь хэзээ зохиогдож, өнөөдрийг хүртэл өөрчлөгдөлгүй уламжлагдаж ирсэн тухай домог мэт ярьцгаана. Харин бидний амьдрал нэгэнт дөрвөн жилийн хугацаатай чөтгөрийн тойрогт орооцолджээ. Өнгөрсөн 25 жилийн түүхэнд ололт амжилт бишгүй байгаа ч олж хардаггүй, олж харсан ч засч чадахгүй байдалд орсон асуудлууд дэндүү олон байна. Яг л хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй байгаа мэт.
Бүх асуудлыг жагсаагаад нэг нэгээр нь залруулах гэвэл бүтэшгүй. Учир нь бүх асуудал нийлээд хэдхэн шалтгаанаас үүддэг ба тэдгээрийг олж зассанаар нийт асуудал цогцоороо шийдэгдэх боломж нээгддэг билээ. Миний бие үүний талаар хэдэн санаа танилцуулах ба энэ өгүүллээрээ эхэлье гэж санасан юм.
ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ НЬ
Сонгуулийн хоорондох дөрвөн жилд бид амьдарсаар, хийхээ хийж, ярихаа ярьж, бодохоо бодоод өнгөрнө. Харин тэд юу туулдаг вэ? Эхлээд Засгийн газраа эмхлэн байгуулах, суух байшин саваа засах, ажиллах хүнээ томилох гээд бүтэн нэг жил, түүнээс ч илүү хугацааг хөл толгойгоо хайн бужигнаж өнгөрөөдөг. Засаг эмхэрлээ... амьсгаа авлаа... харин Их хурал дээр хэн нэг нь засаг огцруулах санал гаргалаа. Ингээд засгаа аврах яриа хөөрөө, уулзаан, хуйвалдаан өрнөж эхэлнэ. Тэгээд огцордогсон уу, үлддэгсэн үү ямар ч байсан нэг харахад дараагийн сонгууль ирчихсэн байна даа. Бүх хүчээ сонгуульдаа зориулж таарна. Хэн ч харсан Засгийн газар хамгийн ихдээ хоёр жил л ажил хийх сөгөөтэй байдаг. Яст мэлхийн хурд! Тогтвортой байдлын тухай ярих нөхцөл ч алга.
Хэн ч билээ сонгуулийн хугацааг зургаан жил болгох санал гаргасан удаатай. Дөрвөн жилийг зургаа болгох нь юу юугүй солигдоод унахгүй мэт харагдавч сонгууль гэж бужигнах завсардалт хэвээрээ л үлдэнэ. Намуудын дээр суусан хэдэн нөхдийн эрх мэдэл улам л хэмжээ хязгааргүй болно. Захиргаагүй, замбараагүй байдал даамжирч төр улам доройтно. Сүйрэл мөхөл рүү илүү хурдан дөхнө.
Тиймээ, бүх гишүүдийн парламентад суух жилийг зургаа болгож сунгах нь оновчтой санал биш. Харин хоёр жил тутам парламентын гишүүдийн гуравны нэгийг сэлгэн сонгодог систем манай оронд тохирох болов уу.
Энэ системийг АНУ-ын конгресс ашигладаг. Нэг гишүүн зургаан жил сууна, гэхдээ хурлынх нь гуравны нэг нь хоёр жил тутам болох сонгуулиар “шинэ мах”-аар сэлгэгдэнэ. Хэрвээ.Засгийн газар зөв бөгөөд бүтээмжтэй ажиллаж байвал Конгрессоос тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлнэ. Ийм механизм ажиллахад намуудын боловсон хүчний сэлгэлт, шинэчлэл ч явагдах боломжтой болно. Засаглал тогтворжихын зэрэгцээ нэг л хэсэг хүн нэг байрандаа лаглайх явдал хязгаарлагдах энэ шийдлийг улстөрийн намууд, эрдэмтэн судлаачиддаа санал болгон дэвшүүлэхээр энэ өгүүллийг бичсэн билээ.
ХИЙГЭЭГҮЙ ЮУ, ТЭГВЭЛ БОЛИХ УУ ДАА
Улстөрчдиин сонгогдохын төлөө өгдөг амлалтууд, түүнийгээ биелүүлж байгаа мэт харагдахын тулд хийдэг зүйлүүд Монгол орныг өрнөөс гарах боломжгүй болгох битгий хэл улам сульдааж байна. Сонгогчид ой тогтоолт урттай, эсвэл үргэлж сануулах механизм ажилладаг бол амлалт биелсэн эсэхийг хянаад байж болох биз. Гэхдээ ийм зүйл байдаггүй ба үүний алдаа нь зөвхөн хүн сонгодог явдал юм. Гэтэл хүмүүсийн хүсэл өөр хоорондоо хэзээд ялгаатай байдаг. Улс орны хөгжлийн шийдлийг өөр өөр өнцгөөс харна.
Нэг нь зам+байшин+дэлгүүр, нөгөө нь мөнгө+эрх чөлөө+боломж гэх мэт зөрөлдөөд эхэлнэ. Тиймээс хүнийг дангаар нь биш “хүн+шийдэх асуудал” гэж хамтад нь сонгох санал дэвшүүлж байна. Иргэдийн дунд замын боржуураас эхлээд цэцэрлэгийн багшийн хүрэлцээ хүртэл тоймгүй олон асуудал байдаг. Орон нутгийн сонгуулиар эдгээр асуудлын шийдлийг хийх хүнтэй нь хамт сонгоно гэсэн үг. Үүнийг хангах гол хөшүүрэг нь сахилга бат байх бөгөөд иргэн Сүрэнхүү сонгогдохдоо хорвоогийн бүх сайн сайхныг амалж биш тодорхой асуудлыг барин гарч ирэх юм. Сүрэнхүүг иргэд сонгоно. Зэрэгцээд цаг явж эхэлнэ. Гэтэл замын боржуур бахь байдгаараа байгаад л байна.
Энэ тохиолдолд иргэд Сүрэнхүүг эгүүлэн татах эрх нь хамт өгөгднө. "Хэрвээ боржуураа зассан бол, зассан тайлангаа зөв гаргасан бол, .тайлангийн хэл ойлгомжтой агаад зөв зүйтэй болсон бол, “хэлсэн ээ хийсэн үү, браво. За дараагийн ажлаа эхлээрэй” гэнэ. Улс хөгжүүлэхэд тоймгүй олон асуудал шийдэх ёстой. Шийдэхийн тулд асуудлаа зэрэглэж байгаад захаас нь барьж аван хийж эхлэх хэрэгтэй. Цэмцэгнэн тойрч, худлаа ярих хэрэггүй. Тиймээс захын нэг дэх, хоёр дахь, гурав дахь ажлыг хийх хүнтэй нь хамт сонгоод хийх эсэхийг нь харъя. Энэ нь сонгуульд орж буй нам, эвсэл, бие даагчийн мөрийн хөтөлбөр болж сонгуулийн дараа сонгогчдын зүгээс дүн тавих, дахин сонгох, эс сонгох эсэх нь тодроод ирэх нь байна. Нөгөө талаас биелэгдэх эсэх нь тодорхойгүй, ер нь боломжгүй үй түмэн популист амлалтуудаас ч сална...
Үргэлжлэл бий...
Бадарчийн Одсүрэн. Москвагийн их сургуулийн докторант