Монголчууд тун хэнэггүй зантай улс. Энэ зан бидний ухамсарт биш цусанд байгаа юм шиг санагддаг. Өнгөрсөн долоо хоногт байгалийн гамшигт үзэгдэл болно хэмээн Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлсэн. Гэсэн хэдий ч хөдөө орон нутгийг зорих зорчигчдын цуваа тасраагүй. Нэгэн иргэн Архангай аймаг орохоор микро автобусанд сууж яваад Лүн дээр очиж зам хаагдаад цаашаа явахад хүндрэлтэй болжээ. Ингээд тэндээ наашаа ч цаашаа ч үгүй хонохоор болж. Ар гэрийнх нь санаа зовж замын цагдаагийн газраас асууж тодруулсаар сураг гаргасан гэх. Угтаа хол замд гарах гэж байгаа жолооч нар цаг агаарын мэдээг сайтар сонсох хүн. Гэтэл зам хаахын өмнөхөн 22-ын товчоогоор гараад явсан нь энэ. Гар утастай хүн болгонд "Хүчтэй цасан шуурга шуурах тул бүх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг зогсоов. ОБЕГ" хэмээсэн мессеж ирж байсан билээ.

Одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Харин дахиад аюулт үзэгдэл болох гэж байгаа сэрэмжлүүлж байна. Монгол орон даяар тохиосон цаг агаарын гамшигт үзэгдэл дахин давтагдаж магадгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулав.

Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжгүй хэвээр байх нь. Гуравдугаар сарын 9 буюу өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, нөгөөдөр зүүн, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орох төлөв ажиглагджээ. Мөн үеэр зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Өндөр уулын болон голын ай сав дагуу нутгаар хүйтний эрч чангарч, тухайлбал Завхан голын эхээр шөнөдөө 39-44, өдөртөө 23-28 градус хүрч хүйтрэх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 1-6, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус орчим хүйтэн байх ажээ.

Ихэнх нутгаар цас орж, зарим газар хүчтэй цасан шуурга болж байгаа нь баруун Сибирээс орж ирсэн хүйтэн агаарын урсгалын нөлөө гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс тайлбарласан юм. Сибирээс гаралтай гамшигт үзэгдэл энэ сард дахин тохиохыг цаг уурчид үгүйсгэхгүй байна. Хүйтэн агаарын урсгал ойрын өдрүүдэд манай улсын төвийн болон зүүн бүсийн нутгийг дайран өнгөрнө гэдгийг ч сануулав. Мөн зарим газраар дулаарч, өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгаа гэнэ.

Иймд бид аюулт үзэгдэлд хэрхэн бэлдэх вэ. Үүнд бэлэн үү? Мэдээж байгалийн гамшиг хэлж бус хийсч ирдэг хойно. Гэхдээ дор бүрнээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болов уу. Өнгөрсөн долоо хоногт "Монголын Ланд Круйзер Клуб"-ынхан Онцгой байдлын албатай хамтарч сайн дураараа шуурганд боогдсон хүмүүст тусламж үзүүлж 600 гаруй хүний амь насыг аварсан.