Монголын Залуучуудын Холбооноос Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарын манлайлагч, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалтыг энэ сарын 09-нд зохион байгууллаа.

Уулзалтанд Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа, Реппэр Gennie, Ээлтэй ертөнц төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргал, Анагаах ухааны доктор, “Гранпри” эмнэлгийн ерөнхий эмч Х.Алтанзул, UPS-Монгол” компаний гүйцэтгэх захирал П.Бүрэнзаяа, Жүжигчин Н.Мөнхсоёл, Монгол HD телевизийн хөтлөгч Н.Ариунтунгалаг, “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах зэрэг шилдэг 8 эмэгтэй оролцсон бөгөөд аз жаргалтай эмэгтэй гэж хэнийг хэлэх үү, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх ёстой, нийгэмд оролцох оролцоо ямар ёстой гэх мэтчилэн олон сонирхолтой сэдвээр ярилцсан юм.

Түүнчлэн уригдсан эмэгтэйчүүд өөрийн ажиллаж буй салбарынхаа тухай олон сонирхолтой мэдээлэл хүргэж байлаа. Тухайлбал, Гүнж төв 17 жилийн өмнө охид бүсгүйчүүдийнхээ асуудлуудаас хуваалцахаар үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд жилд дунджаар 50-60 охидод тусалдаг байна. Харин “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүнийг өрөвдөх биш дэмжих хэрэгтэй” хэмээн онцолж байсан юм.

Мөн энэ үеэр шилдэг бүсгүйддээ МЗХ-ны тэргүүн дээд шагналаар шагналаа. Тодруулбал, “Хөдөлмөрийн алдар” медалиар Х.Алтанзул, Т.Туяажаргал, “Тэргүүний Залуу” медалиар Н.Ариунтунгалаг, Н.Мөнхсоёл, Реппэр Gennie, Ч.Ундрах, “Тэргүүний залуу бизнесмен” –ээр П.Бүрэнзаяа нар тус тус тодорсон бол 17 насандаа өвлийн олимпоос алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин Б.Сумьяа “Тамирчны алдар” цол тэмдгийг хүртсэн юм.

Ийнхүү салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүд нэгэн дор чуулж, өөрсдийн үзэл бодол, үнэтэй зөвлөгөөгөө залуу бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж нэгэн өдрийг инээд хөөр дүүрэн, баясал дүүрэн өнгөрүүллээ.