Олон улсын наадамд оролцож, шагнал хүртсэн франц хэл дээрх шилдэг кинонуудыг сонгон олон нийтэд жил бүр хүргэдэг “Франц хэлтэн орнуудын кино наадам” энэ амралтын өдрүүдээр болох гэж байна. Уг кино наадмаар олон улсын фестивальд нээлтээ хийн, шагнал хүртсэн шилдэг Франц хэл дээрх киног энэ сарын 12-13-ны өдрүүдэд "Тэнгис" кино театрт хүрэлцэн очиж үзэх боломжтой.

Нийт долоо кино гарах бөгөөд монгол хадмал орчуулагтай ажээ. Ингээд та бүхэнд кинонуудын танилцуулгыг хүргэе.

 

1. “Улаан хивс / Tapis Rouge” (2015)
Улс: Швейцарь
Найруулагч: Фредерик Бэйлиф
Гарах цаг: 2016.3.12 14:00-16:30

Швейцарийн Лозанна хотын захад амьдардаг хэсэг хүүхдүүд сургуулийнхаа нийгмийн ажилтны тусламжтайгаар кино хийхээр шийднэ. Тэд кино зохиолоо бичиж, Каннын кино наадам руу продюсер олох замдаа гарч буй тухай өгүүлдэг энэхүү кинонд нэгэн нийгмийн ажилтан хотын захад амьдардаг хүүхдүүдийг урам зоригоор тэтгэж, улмаар эргэлзээтэй олон асуудлын эхлэлийг тавьж буй тухай өгүүлнэ.

2. “Августины хүсэл тэмүүлэл / La passion d’Augustine” (2015)
Улс: Канад
Найруулагч: Леа Пул
Гарах цаг: 2016.03.12 17:30-19:13


Симонь Булью бол Канадын Квебек муж дахь католик шашны эмэгтэйчүүдийн сургуулийг удирддаг Гэгээн эх Августин билээ. Гутаршгүй, хүсэл эрмэлзлээр дүүрэн гэгээн эх Августин өөрийн бүхий л хүч чадал, хөгжмийн авьяасаа сурагчдадаа зориулдаг. Түүний гоц авьяастай зээ дүү Ались сургуульд шилжин ирэхэд Августин түүнийг халамжиндаа авна. Августины удирддаг католик шашны сургууль нь хотынхоо хамаг л шагналыг түүдэг тэргүүлэх сургууль юм. Сургуульд алдарт Бахын хөгжмүүд, Шопений вальсын ая эгшиглэж, энд тэндгүй гамм уншиж буй сурагчид үзэгдэнэ. Харин Засгийн газраас 1960-аад оны үед бүх нийтийн боловсролын шинэ системийг нэвтрүүлснээр Гэгээн эх Августин болон түүний эгч дүүсийн ирээдүйд аюул учирч эхэлдэг байна.

3. “Амьдралд нэг удаа / Les Heritiers” (2014)
Улс: Франц
Найруулагч: Мэри Кастиль, Мэншин Шарь
Гарах цаг: 2016.03.12 20:00:21:45

Бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү кино өсвөр насныхан болон багш хоорондын харилцааны тухай өгүүлнэ. "Лион-Бльюм" ахлах сургуулийн багш Кретел “Нацист кэмпид байршиж байсан хүүхэд болон өсвөр үеийнхэн” гэсэн сэдвээр улсын шалгалт авахаар шийддэг байна. Тэд тухайн цаг үеийн түүхийг хадгалсан музейгээр зочлон, нацистын лагериас амьд үлдсэн цөөн хүмүүстэй уулздаг. Энэ үйл явдал тэдний амьдралыг өөрчилнө.

4. “Холбоо сүлбээ / La French” (2014)
Улс: Франц, Белги
Найруулагч: Седрик Хименес
Гарах цаг: 2016.03.12 22:00-00:15

2014 онд Торонтогийн олон улсын кино наадамд нээлтээ хийсэн адал явдалт, гэмт хэрэг төрлийн кино. Энэхүүг кино 1970 онд болсон гэмт хэргийн бүлэглэлийн талаарх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд гол дүрд нь Jean Dujardin тогложээ. Jean Dujardin нь 2011 онд "Artist" киногоороо Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртсэн анхны франц жүжигчин юм. Хүнд гэмт хэргийн шүүгчийн албанд томилогдсон залуухан Пьер Мишель эхнэр хүүхдийн хамт Мец хотоос Марсельд нүүж ирнэ. Тэр дэлхий дахинд герион экспортолдог “Франц ах дүүсийн холбоо” хэмээх мафийн бүлэглэлийг барихаар шийддэг. Пьер хэний ч үгийг сонсолгүй тус бүлэглэлийн халдашгүй дархан цаазат загалмайлсан эцэг Гаэтан Зампаг ганцаараа барих гэж оролдох боловч арга барилаа өөрчлөх хэрэгтэйг нэн тэргүүнд ойлгох болно.

5. “Ямартай ч Лоранс хэвээрээ / Laurence anyways” (2012)
Улс: Канад
Найруулагч: Завиэр Долан
Гарах цаг: 2016.03.13 13:00-16:35

1990-ээд онд, Луронс өөрийн найз охин Фредэд эмэгтэй хүн болох хүслээ хэлнэ. Бусдын болоод магадгүй өөрсдийнхөө ч эсрэг зогссон тэд гэр бүл, эргэн тойрныхоо шүүмжлэлтэй тулгарч, тэдний нөлөөг эсэргүүцэж, мөн нийгмийн хий хоосон айдастай нүүр тулна. Арван жилийн турш тэд энэ өөрчлөлтийг даван туулахыг хичээх бөгөөд салалтын гашууныг ч мэдэрдэг.

6. “Тав дахь улирал / La cinquieme saison” (2012)
Улс: Бельги, Нидерланд, Франц
Найруулагч: Петер Бронсенс, Жессика Бронсенс
Гарах цаг: 2016.03.13 17:00-18:33

"Тав дахь улирал" киног эхнэр, нөхөр Питер, Жессика Бросенс нар найруулсан бөгөөд тэд 2006 онд Монголд "Хадаг" кино бүтээж байсан билээ. Бельгийн Арденд орших нэгэн тосгонд хавар үл ирнэ. Байгалийн мөчлөг эвдэрсний шинж. Тосгоны өсвөр насны хоёр хүү утга учиргүй болж эхэлсэн амьдралаа өөрчлөхөөр тэмцэх болно.

7. “Одоо бид хаашаа явах вэ / Et maintenant on va ou” (2011)
Улс: Франц, Ливан, Египет, Итали
Найруулагч: Надин Лабаки
Гарах цаг: 2016.03.13 19:00-20:50

Тосгоны оршуулгын газрын зам дагуу халуун наранд хар хувцастай эмэгтэйчүүд эсрэг талдаа байгаа нөхөр, эцэг, хүүгийнхээ зураг руу гараа даллан ёслол үйлдэнэ. Нэг хэсэг нь алчуур нөмөрч, зарим нь загалмайтай байх авч бүгд л утга учиргүй аймшигт дайны хохирогчид юм. Оршуулгын газар луу орохдоо дагалдагчид мусульман, христос шашинтан гэсэн хоёр талд сална. Нэгэн улс дайнаас үүдэн хуваагджээ. Одоо бид хаашаа явах вэ? гэдэг асуултыг гаднын халдлагаас тосгоноо, гэр бүлээ хамгаалах зорилготой бүх шашны эмэгтэйчүүдийн нэгдэл тавина. Овжин санаа, ухаалаг цэцэн байдлын баталгаа болж хувиршгүй нөхөрлөлөөр нэгдэж байгаа тэдгээр эмэгтэйчүүдийн ганц зорилго нь эрчүүдийн санааг өөрчилж, тэдний уур цухал, ялгааг арилгах байлаа.