Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн хөдөө орон нутгийн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцах ээлжит томилолт 2016 оны 2-р сарын 29-ний өдрөөс эхлэн Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг дахь шүүхүүдэд үргэлжилж байна.

 

Шүүгч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, санаа бодлыг нь сонсч, иргэдтэй шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт хийх зорилготой тус томилолтын багт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мөн ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албаа авснаас хойшхи хөдөө орон нутгийн 11 дэхь энэ удаагийн томилолтоороо Н.Лүндэндорж профессор шүүхийн шинэтгэлийн мөрөөр нийт 2000 км замыг туулна.

Томилолтын ажлын хэсгийг 2016 оны 3-р сарын 1-ний өдөр Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга угтан авч шүүхийнхээ үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймаг дахь шүүх нийт 9 шүүгч, захиргааны 24 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 20 сумын 83 000 хүн амыг хамран шүүн таслах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа юм.

 

Шүүгч ажилтнуудтай уулзаж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад учирч буй хүндрэл, ажлын ачаалал, шүүхийн байрны хүрэлцээ, орчин нөхцөл, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхийн шинэтгэлийн үйл явц, үр дүн, цаашдын зорилтын талаар харилцан санал солилцох үеэр шүүхийн шинэтгэлийн сорилт шалгуур бүрийг шантралгүй даван туулж, тууштай,зүтгэлтэй ажиллаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлд сэтгэл хангалуун байдагаа илэрхийлж байв. Тус аймгийн эрүүгийн хэргийн шүүхэд нэг шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж өгөхийг, мөн шүүгч, ажилтнуудын байр сууцны ахуй хангамжийн асуудал, прокурорын байгууллагатай хамтран байрладаг шүүхийн байрны тулгамдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилсан юм. Уулзалтын дараа Н.Лүндэндорж профессор шүүгчид болон аймгийн хуулийн байгууллагын төлөөлөлд "Хууль тайлбарлах онол, арга зүй” лекц уншив.

Тус өдрийн төгсгөлд иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн мөн чанар, түүнийг зайлшгүй эхлүүлэх болсон нөхцөл шалтгаан, шүүхийн шинэтгэлийн үр дүн, тулж ирээд буй хүндрэл бэрхшээл, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй тайлагнаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. "Шүүхийн шинэтгэлийн үр дүнд сэтгэл амрах болоогүй байна. Цасан бөмбөлөг мэт эмзэг шүүхийн шинэтгэлийн одоогийн ололт амжилтыг бэхжүүлэх, "өлгийдөх” нэн чухал үйлс биднийг хүлээж байна” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тодотгосон уулзалтад тус аймгийн Засаг дарга, аймгийн прокурор, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн цагдаагийн газрын дарга болон малчид шүүхийн шинэтгэлийн талаархи сэтгэгдлээ илэн далангүй илэрхийлж, тодорхой асуудлууд хөндөн ярилаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн өөрийнх нь тодотгосноор бага ярьж, их сонсох зорилготойгоор шүүгч, ажилтнууд, иргэдтэй нүүр тулсан уулзалт шүүхийн шинэтгэлд амжилт хүссэн ерөөлөөр өндөрлөлөө. Томилолтын дэлгэрэнгүйг сурвалжлагаар хүргэх болно.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Баянхонгор аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Баянхонгор аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа