“SMART 4k” телевизээр “15 Round” нэвтрүүлэг гаргахаар төлөвлөн, нэлээд хэд хоногийн өмнөөс эхлэн нэвтрүүлгийнхээ шторкыг цацаж, түгээж байсан билээ. Тэгвэл уг нэвтрүүлгийн анхны дугаар өчигдөр буюу өнгөрсөн бүтэн сайн өдөр гарчээ.

Анхны дугаартаа УИХ-ын ирэх сонгуульд бие даан нэр дэвшихээр зэхэж буй дуучин М.Нарантуяа оролцсон байна. Харин хөтлөгч нь Б.Даваа гэх залуу байлаа. Гэвч уг нэвтрүүлэг амжилтгүй болж, дундаасаа хаагджээ. Тодруулбал нэвтрүүлгийн дундуур хөтлөгч Б.Даваа дуучин М.Нарагаас асуухдаа маш болих, ёсзүйгүй бүдүүлэг харилцсан нь олон үзэгчийн дургүйцлийг төрүүллээ.Тодруулбал тэдний ярианаас жишээ болгож ганц асуултыг сийрүүлэн буулгалаа:

-Хөтлөгч: За за энд нэг асуулт байна. Юу.. нэрээ нууцлахыг хүссэн байна.

-Нара: Яагаад нэрээ нууцалж байгаа юм. Бүх асуулт бодит баримттай гэсэн ш дээ

-Хөтлөгч: гүй ээ. гүй өөрийнхөө энэ асуултууд өөрийнхөө намайг битгий тэгэж нэвтрүүлгээр битгий тэгэж зарлаарай. Аан гэхдээ энэ асуултыг асуумаар байнаа гэсэн байхгүй юу. Монголчуудын хувьд ширээний хүүхэн гэдэг ойлголт тийм их сайхан ажил биш. Угаасаа ч тийм сайхан ажил биш ээ. Таныг японд ширээний хүүхэн байсан гэж, гэдгийг бол хүн мэддэг юм байна лээ. Тийм болохоор зүгээр яг харин тэр ширээний хүүхэн гэдэг ажил чинь юу хийдэг байсан ажил вэ. Би яг Нарагийн өөрийнх нь амнаас тайлбар авъя. Та яг ямар ажил хийдэг байсан юм.

-Нара: За 1-рт би тэр ажлыг хийхээр Япон улсыг зориогүй.

Хөтлөгч:Очоо л ширээний хүүхэн болчихсон юм уу

-Нара:Боловсрол, Боловсрол эзэмшихээр япон улсыг зорьсон. Тэр өндөр өртөгтэй оронд суралцахын хажуугаар аж амьдрал өдөр тутмаа авч явна гэдэг бол маш өндөр зардал байдаг. Би эндээс ээж ааваасаа нэг ч төгрөг заралгүйгээр тухайн үед надад олдож байсан боломжоороо ажлуудыг хийж байсан. Энэ бол хэсэг зуур л хийж байсан ажил.

-Хөтлөгч: Гүй ээ гүй юу хийдгийн ширээний хүүхэн гэж яг юу

-Нара: За байж бай та намаг сонсооч битгий миний минутаас хулгайл. Соёлын ялгаагаар... ширээний хүүхэн гэдэг чинь монголд бол зөөгч гэсэн үг.

-Хөтлөгч:Аан зүгээр л зөөгч хийж байсан юмуу. Ширээний хүүхэн гэдэг дээр тодорхой хариулт авах ёстой байхгүй юу.

-Нара: Жорлон аяга тавгаа цэвэрлэнэ. Хоолоо бэлдэнэ аяга тавгаа өрж тавина. Зочин орж ирлээ уух юмыг нь хийж өглөө ийм л ажил.

Энэ мэтчилэнгээр ярьж буйгаас харахад Б.Даваа гэх залуу ярих урлаг эзэмшээгүй, асуултаа бүтэн өгүүлбэрээр цэгцтэй тавьж чадахгүй түгдэрч байгаа юм. Мөн М.Нарад нэлээд дургүй бололтой юм. Уг нь сэтгүүлч эсвэл хөтлөгч хүн ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа бол “Ярилцагч зочиноо үзэгчидтэй уулзуулж, түүнийг яриулах үүрэгтэй. Ингэхий тулд түүнийг өөрөөсөө дээрд, эсвэл дорд үзэж, хувийн зан араншингаа гаргах ёсгүй. Мөн Нара ямар хүн бэ юуг яаж, ярив гэдэг дүгнэлтийг үзэгчид өөр өөрийнхөөрөө дүгнэх учиртай. Сэтгүүлзүйн онолоор бол ийм ч үүрэгтэй. Гэтэл хөтлөгч ярих боломж олгосонгүй, хэт өөрийнхөөрөө дайрч, мөн дүгнэлт хийхийг оролдож байна. Өөрөөр хэлбэл ийнхүү ёсзүйгүй байгаа нь үзэгчдийг хүндлээгүй бөгөөд дорд үзээж байна гэж ойлгогдлоо.

Мөн та бүхэн анзаарсан бол хөтлөгч ярианыхаа дунд хэдэхдээ “Кёкүшюзан Д.Батбаярыг УИХ-ын гишүүн байхад, Кёкүшюзан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр гэж дууддаг байсан” түүн шиг таныг гишүүн болвол Соёлын тэргүүний ажилтан дуучин М.Нарантуяа гэх нь байна гэж дооглонгуй хэлэв.

Олон нийт М.Нараг “дуучин биш, дуулж чаддаггүй” хэмээн нэлээд шүүмжилдэг тул хөтлөгч ингэж хэлээд бусдад таалагд, түүнийг ичгүүртэй байдалд оруулна гэж тооцоолсон байх. Үүнээс гадна Д.Батбаярыг жишээ болгодог нь зүгээр ч нэг тохиолдол биш. “Смарт 4к” гэх уг телевиз нь мэхний их дэлгүүр гэх сумогийн Д.Батбаярын хувийн телевиз. Өмнөх жилүүдэд “Кёкүшю тв” нэртэйгээр гарч байгаад энэ жилээс нэрээ өөрчлөн “Смарт тв” болсон юм билээ.

Өмнө нь хоёр гурван ч телевиз худалдан авч ажиллуулаад амжилт гаргаж чадалгүй телевизүүдээ зарж байсан Д. Батбаяр ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж, эхнэр Т.Баясгалангаа хүртэл дуулуулж, олны анхаарлыг татаад байгаа. Магадгүй тэрбээр энэ удаа өрсөлдөгч нөхдөө “намнахаар” ийн ширүүн асуулттай нэвтрүүлэг зэхэж, санаачлан хийж байгаа ч анхны дугаартай алдаа гаргаж байгаа нь хөтлөгчөө буруу сонгосных бизээ. Тэгээд ч хэвлэл мэдээллийн салбар гэдэг нь мөнгөтэй ч энэ салбарын тухай мэдлэггүй нэгний амжилттай хийдэг ажил биш гэдгийг хатуу санах цаг болжээ.

Н.Ганаа