Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байгаа юм. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. Манай улсын хувьд усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулахын сацуу усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэдэг.

Тэгвэл энэ өдрийг угтан өчигдөр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Усны түншлэл ТББ хамтран “Ус ба ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд төрөөс баримталж буй салбарын хөдөлмөрийн нөхцөл аюулгүй ажиллагаа, түүнийг сайжруулах арга зам, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого чиглэлийн асуудлууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд яригдаж буй асуудлаар Монголын Усны түншлэл ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Басандоржоос тодрууллаа.

- Манай улсын цэвэр усны нөөц хэр эрсдэлтэй байгаа вэ?

- Шууд хэлэхэд бол эрсдэлтэй байгаа. Улаанбаатар хотын усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Манай хотын усны нөөцийг 1988 оны судалгаагаар хоногт 230 метр куб усыг газрын доороос авч болно гэсэн нөөцийг тогтоосон юм. Өнөөдөр 2016 он тэр хөдөлгөөнт нөөцийг 20 жилд нэг удаа дахин тогтоож байх ёстой. Гэтэл өнөөдөр огт тогтоож чадаагүй байна. Иймд 1988 оны Улаанбаатар 2016 оны Улаанбаатар тэс өөр болж, маш олон орон сууц баригдаж, том үйлдвэр үйлчилгээний газрууд нэмэгдэж байна. Ингэснээр усны хэрэглээ асар их нэмэгдэж, цаашдаа ч нэмэгдэнэ гэсэн үг юм. Тодруулбал 2020 он гэхэд усны хэрэглээ 420 метр куб болно. Үүнээс харахад 220 метр кубээс 420 метр кубийг хасахаар 200 метр куб устаж байгаа юм. Тэгэхээр бид нар цэвэр усаа аваад түүгээрээ бүх хэрэглээ хангаад байна. Уухаас гадна машинаа угаах, гудамж талбай услах, үйлдвэрт хэрэглэх зэргээр ашиглаж байгаа билээ.

- Тэгвэл үүнээс сэргийлэх арга зам юу байна?

- Тиймээс туул гол руу хаяж бохирдуулаад байгаа усаа дахин цэвэршүүлж, нөгөө зам талбайгаа услаад, машинаа угаагаад явбал усны хямралаас гарах бүрэн боломжтой. Бохир усыг бол уух хэмжээнд хүртэл цэвэршүүлэх техник технологи бий болсон. Харин усны менежментийг л зөв бариад явах хэрэгтэй юм. Манай улс усны менежмент их муу учраас усны нөөц болон дахин ашиглалтыг ч хийж чадахгүй байна. Зөв менежмент хийгээд явбал ус хол биш ойрхон бидний хажууд байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын гудамж талбай, ногоон байгууламжийн услахад 30 метр куб ус хэрэгтэй. Гэтэл үүнийг бид уудаг усаараа услах гээд байна. Монгол улсын усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын ус юм. Мөн цэвэр усны нөөцийн 70 хувь нь Хөвсгөл нуурын ус бөгөөд хэзээ ч бид тэндээс ус татаж ашиглахгүй. Гадаргын усаа бид ашиглах ёстой байхад одоогоор бид газар доор байгаа зөвхөн гүний усаа ашиглаж байна. Иймд усны бодлого гэж байна уу? гэж асуугаад байгаа юм. Монгол улс чинь биднээр дуусахгүй шүү дээ. Цаашдаа улс хөгжинө, эдийн засаг хүн ам олон болно. Дээр хэлж байсан хүн амын 90 гаруй хувь нь дандаа гадаргын усаа хэрэглэдэг гэж. Гэтэл бид энэ жаахан усныхаа нөөцийг ашиглаад дуусчихвал бид яах юм бэ? гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

- Манай усны нөөц ямар төвшинд байгаа вэ?

- Нөөцийн хувьд бол хангалтай нөөц байгаа. Харин бид усны нөөцөө зөв ашиглах хэрэгтэй байна. Нөөц гэхээр зөвхөн байгаль дээр байгаа цэвэр усаа нөөц гэж хараад байдаг. Ийшээ хаяж байгаа бохир усаа нөөц гэж огт хардаггүй. Түүнийг буцаагаад ашиглаж болдог энэ бол нөөц. Харин усны тэмцэл гэх зүйлээ бид нар зөвхөн тэнд байгаа уудаг цэвэр усаа нөөц гэж хараад бохир усаа тоодоггүй. Төр нь ч ард иргэд нь ч тийм ойлголттой байдаг. Ингээд тэр цэвэр ус дуусах юм бол яах билээ гээд зогсоогоод байна. Үгүй ээ. Тиймээс ус хангалттай байгаа учраас усаа буцааж ашиглах ёстой. Зөвхөн нэг талаас цэвэр ус аваад, нөгөө талаа бохирдуулж хаясаар байна. Тэгвэл Израиль улс элсэн цөл дээр байдаг орон боловч 100 хувь усаа дахин боловсруулж, хөдөө аж ахуйд ашиглаж байна. Усаа эргүүлээд ашиглах юм бол усны хямрал, гачигдалд орохгүй. Тэгээд гадаргын усаа хуримтлуулж томоохон нуур, цөөрөм байгуулах ёстой. Том том усны банкууд байгуулах нөгөө талаар мөнгөний банк гэсэг үг. Ингэснээр усны аюулгүй байдлын хангасан улс орноо тогтвортой хөгжүүлсэн улс болно.

- Саарал усны тухай хууль гарсан уу?

- Саарал усны тухай хууль гараагүй. Харин ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гарсан. 2012 онд гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

- Одоогоор саарал усыг Монголд ашиглаж байна уу?

- Эрдэнэт, Таван толгойн Ухаа худаг гэх уул уурхайн газруудад бага хэмжээгээр сэргээж ашиглаж байгаа.

- Усаа бид мөнгөөр худалдаж авч байна. Олон улсын төвшин бусад улс оронтой харьцуулахад бид усаа үнэлж чадаж байна уу?

- Усны үнэ цэнэ бол асар доогуур байна. Хамгийн бага үнэтэй ус бол зөвхөн манайд байдаг. Усыг хөгжил гэж харахгүй зүгээр л нэг хар ус гэсэн байдлаар хардаг. Тиймээс хэвлэл мэдээллээр дамжуулаад усны асуудлын талаар олон нийтийг өндөр боловсролтой болгох хэрэгтэй байна. Мөн усны үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна усны менежментийг сайжруулах, ундны усны аюулгүй байдлыг хангаж өгөх хэрэгтэй юм. Үүнд бол хөрөнгө мөнгө шаардах асуудал байхгүй. Гэтэл бид баталгаатай ус ууж байна уу? гэдэг асуудал болоод байна. Гадаадынхан ирээд хамгийн түрүүнд ус ууж болох уу? Үгүй юу? гэдгийг асуудаг болчлоо. Яагаад тэгээд байна тэд хаанаас ямар мэдээлэл аваад, Монголд ирэхдээ айдастай ирээд байна. Харин бид аялал жуулчлалаа хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулна гээд зөндөө юм хийнэ гээд байдаг. Гэвч Монголд очиход ус бол аюултай шүү гэдэг мэсижиийг өгөхөд бидний эдийн засгаа тэлэх тогтвортой хөгжлийн замд саад болно. Тийм учраас улсынхаа асуудлыг цэгцэлж ярих биш харин бодитой алхмыг хийж, ач холбогдол өгөх хэрэгтэй гэдгийг яриад байгаа юм.

- Ундны усны хэрэглээг хэмжээгээр нь задалж үзэхэд их байна уу?

- Орон сууцанд амьдардаг хүмүүсийн хэрэглээ жаахан өндөр байгаа. Энэ нь гэхдээ хэрэглээ бишээ усны алдагдал юм. Таныг шөнө унтаж байхад бохир усны шугамаар цэвэр ус урсаж байдаг. Ингэснээрээ усны алдагдал өндөртэй байна гэсэн үг. Иймээс усаа зөв зохистой ашиглах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад бол өдөрт 80-120 литр ус ашиглахад хангалттай байдаг. Харин манай улсын хувьд өдөрт 270 литр ус хэрэглэдэг. Бид хэзээ ч тийм их усыг ашиглахгүй байгаа. Миний хувьд бол 60-70 литр усыг өглөө орой усанд орох зэргээр хэрэглэдэг. Үүнээс харахад Улаанбаатар хотын усны хэрэглээг хоёр дахин бууруулах боломж байна.

- Орон сууцны айлуудад тоолуур тавьсан энэ нь хэмнэлтийг бий болгож чадсан зөв менежмент байсан уу?

- Тоолуур тавьснаас хойш хэмнэлт асах их хэмжээгээр гарч байгаа. Улаанбаатарт хотод судалгаагаар хоногт 420 литр ус хэрэглэж байна гэсэн тооцоо байсан. Харин одоо 270 литр болж багассан. Маш сайн багассан бараг хоёр дахин юм. Ингээд дахин бид 270 литр усыг 135 литр болгоно. Ингээд ирэх юм бол усны алдагдалгүй орон болно. Орон сууцыг 100 хувь тоолууржуулж чадвал усны хэрэглээг асар их хэмжээгээр бууруулах боломжтой юм.

- Манай улс усны хомсдолд орох магадлал байна уу?

- Усны хомсдолд орох магадлал байхгүй. Улс төр хямраад байгаа шиг ус нь өөрөө хямраагаад байна. Өөрөөр хэлбэл бодлого байхгүй, тодорхой хэмжээний шийдэл байхгүй учраас өөрсдөө хямраад байгаа юм.

 

 

Мөн Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

- Манай улс усны хомсдолд орох магадлал бий юу?

- Усыг зөв зохисгүй хэрэглээд байвал эрсдэл байгаа. Яагаад гэвэл усны нөөц өндөртэй орон биш, усны нөөц багатай билээ. Бид одоогоор газрын гүний усаа хэрэглээд байгаа энэ ус ч хязгаартай. Мөн гадаргын ус маань ч хязгаартай. Ялангуяа газрын гадаргын усыг хэрэглэе гэж яригдаж байгаа энэ нь зөв боловч газрын гадаргын усыг хэрэглэхэд их хэмжээний зардал гарна. Газрын гадаргын усыг ундны усанд хэрэглэхэд хүн амын эрүүл ахуйд нийцсэн стандартын шаардлага хангах хүртэл хэмжээнд байлгахын тулд цэвэрлэх шаардлагатай болох юм. Ус гэдэг бол дуусашгүй зүйл биш. Мөн үйлдвэрлэж болохгүй учир зөв зохистой хэрэглэх шаардлагатай.

- Та нөөцийн талаар тодруулаад хэлэхгүй юу? Сая бол нөөц хангалтай байна гэсэн. Та харин нөөц тийм ихтэй улс биш гэлээ. Үүнд хариулт өгөөч?

- Яахав хангалтай байна гэж хэлснийг бол ингэж ойлгож байна. Улаанбаатарын хэмжээнд бол одоогийн байдлаар нөөц бол байгаа, цаашдаа ч шинээр нөөц илрүүлж болно. Манай улс хүн ам цөөхөн харьцангуй хэрэглээ бага учир болоод байна. Харин хүн ам, орон сууц, үйлдвэр нэмэгдээд ирэхээр хязгааргүй нөөц биш юм. Усны нөөцийн Судалгаагаар бол дэлхийн 173 орноос 104 ордог. Тэгэхээр бага байна гэсэн үг.

- Усны үнийг нэмэх шаардлага байна уу?

- Шаардлага байна уу? гэвэл байгаа. Литр усыг нэг төгрөгөөр авч байна. Усны үнэ тарифыг тогтооход бодлого боловсруулах шаардлагатай. Манай байгууллагаас үнэ тарифын бодлогыг тодорхойлоод гаргасан. Энэ үнэ тарифын бодлого ямар байдаг вэ? гэхээр үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гэдэг шиг ус уух эрхтэй байдаг. Тийм учраас хүний ус уух эрхийг хязгаарлаж болохгүй. Хичнээн худалдаж авах чадваргүй хүн байсан ч тэр хүнд ус өгөх ёстой. Иймээс усны үнийг өрсөлдөөнт зах зээлийн үед өсгөж болдоггүй. Тодорхой тарифыг төрөөс зохицуулж байх ёстой байдаг. Ингээд цэвэр бохир усны үнэ өрхийн орлогын таван хувиас хэтрэхгүй байх ёстой юм. Одоо бол литр ус нэг төгрөг байгаа бөгөөд эдийн засгийн байдал, амьжиргаанд болж байгаа. Гэхдээ бид эдийн засгийн хүнд үед цаашдаа усны үнийг өсгөх төлөвлөгөөгүй байна. Хүн усыг төлж чадах зүйл дээр бид тогтох ёстой. Манай зохицуулахаас ямар бодлого боловсруулаад байна гэхээр усны хангамжийн байгууллагын зардлыг бууруулах, тоолууржуулах, олборлосон усаа бүрэн борлуулах юм. Учир нь зарим байгууллага олборлосон усныхаа 20-30 хувийг борлуулж чадахгүй алдаад байна.

- Манай улсад бохир усыг цэвэршүүлэх технологи хэр сайн хөгжиж байна вэ?

- Зарим шинээр бий болсон үйлдвэрүүд бол эргэн ашиглаж технологитой байгаа. Ерн нийтлэг болж чадаагүй байна. Гэхдээ тарифын бодлогодоо их бохирдуулагч нь их төлнө, бага бохирдуулагч нь бага төлнө гэсэн тарифын бодлогыг барьж байна. Тэгэхээр их төлөхгүйн тулд тухайн байгууллага маань усаа дахин ашиглах юм.

- Ус сувгийн удирдах газрын ажилчдын хөдөлмөр нийгмийн асуудлаар мөн хэлэлцэж байгаа. Тэгвэл өмнө өмнө жилүүдэд цалин хөлсийг нэмнэ гэж яригдаж байсан. Тэдний цалинг нэмсэн үү?

- Тиймээ. 2014 онд тарифыг бол хөдөлгөж, тэр үедээ нэмэгдэх нь бол нэмэгдсэн. Энэ салбарын ажилчид маш хүнд нөхцөлд ажилладаг учраас тэдний аюулгүй байдлын үүднээс анхаарч ажиллах ёстой. Гэхдээ тэдний сарын цалин нь 480 мянган төгрөг байгаа. Одоогоор бол нэмсэн юм байхгүй боловч цаашдаа анхаарч ажиллах бага багаар нэмэх төлөвлөгөөтэй байна.

- Өнөөдөр дэлхийн усны өдрийг угтан “Ус ба ажлын байр” нэртэй сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнээс гадна өөр ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

- Манай байгууллагаас бол нийслэлийн боловсролын газартай хамтраад ерөнхий боловсролын сурагчдад “Ус ба ажлын байр” сэдэвтэй сургалт явуулна. Энэ сургалтыг Ус сувгийн удирдах газар болон орон сууц нийтийн аж ахуй эрхлэх газраас манай салбарын байгууллагын инженерүүд ирж, нэг цагийн сургалт хичээлийг заах юм. Ус яаж хэрэглэгчдэд хүрдэг вэ? Өөрөөр хэлбэл усыг ямар замаар хэрэглээндээ авч хэрэглээд байна? Тэгээд энэ хэрэглээнээс гарсан бохир ус нь яадаг вэ? гэдэг талаар хүүхдүүдэд таниулах юм. Мөн ямар их зардал гарч бидэнд хүрээд байна гэдгийг ойлгуулж, хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар зөвлөгөө өгнө.

Монгол улсын хэмжээнд усны нөөцийн менежментийн тулгуур болох усны сав газрын хүрээнд бодлого баримталж ажиллана. Иймээс усны сав газрын нөөцийг сав газар бүрээр тогтоож, зохистой ашиглах, хамгаалах, хянах, нөхөн сэргээх явдал чухал байгааг судлаачид хэлж байна.

Мөн айл өрхүүдийг усны тоолуурт холбож, усны зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх шат дараалалтай арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн манай улсын ус хангамжийн асуудлыг Эрдэнэт- Ус ДТС компани хариуцдаг. Үүнтэй адил том ус хангамжийн компани шинээр бий болгохоор төлөвлөөд байгаа талаар уг хуралдаанаар хэлэлцлээ.

Б.Элбэрэл