Б.Номинчимэд: БИД ХААНА НЬ, ЯМАР АЛДАА ГАРГАЧИХАВ АА?

2015 оны 5 сард нийслэлийн төвийн нэгэн сургуулийн Сургалтын албатай хамтран Номын баяр хийсэн юм. Боловсролын яамнаас орон даяар зарласан “НОМ” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил. Хүүхдүүдтэй номын тухай ярилцаж, АХА тэмцээн зохиож, шилдэг уншигч сурагч, анги хамт олныг шалгаруулан урамшууллаа.

Мөн өөрсдийн эрхлэн гаргаж буй Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын цуврал “Эрдэнэсийн сан” 108 цуврал номоо хямдралтай үнээр хүүхдүүдэд хүргэсэн юм. (Энэ хавар нийслэлийн 10 орчим сургуульд ийм арга хэмжээ зохиосон билээ)


Энэ үеэр нүдээрээ харсан зүйлд би ихэд цочирдсон болно. Сургуулийн коридороор дунд ангийн бололтой хоёр хөвүүн хөөцөлдөн, шуугилдсаар дэргэдүүр минь пижигнүүлэн өнгөрөв. Гэтэл цаад хаалганаас нэгэн настай эмэгтэй багш гарч ирж таарлаа. Багш нөгөө хоёр хүүхдийг “Тэнэг малууд, нааш ир” хэмээн муухай хашгичин дуудаж өмнөө авчраад нэгийнх нь чихийг мушгив. Чихдүүлсэн хөвүүний нүүр минчийтэл улайна. Өвдсөндөө ч, ичсэндээ ч тийн улайсан байх. Харин нөгөө хөвүүн нь толгойгоо бултуулан чихдүүлсэнгүйд багш улам муухай үгээр хараан, шүдээ зууж байгаад шанаа руу нь хоёронтоо цохиод авлаа.


Хөндлөнгөөс хараад зогсож буй надад маш муухай, бүр зэвүүцмээр муухай санагдаж байхад, чихдүүлж, шанаадуулж буй хоёр хүүд ямар байгаа нь тодорхой. Ийм байдлаар юу ойлгуулж, юуг сургах вэ?


Хоёр хүү багшийн дэргэдээс холдмогц, булан тойроод дахиад л пижигнэтэл гүйлдэнэ. Өмнөхөөсөө ч илүүгээр, чихдүүлж, шанаадуулсныхаа хариуг авч буй гэмээр...

 

Багш нөгөө хоёр хүүхдийг “Тэнэг малууд, нааш ир” хэмээн муухай хашгичин дуудаж өмнөө авчраад нэгийнх нь чихийг мушгив.


Уг нь тэр хүүхдүүд сургуулийн орчинд тэгтлээ гүйж шуугиж болдоггүй гэдгийг бол мэдэхгүй биш мэдэхийн сайнаар мэднэ, гэхдээ түүнийг огтоос дагаж мөрдөх хүсэлгүй байгаа нь юуных вэ?


Боловсролын яамнаас зарласан “Цөм” хөтөлбөр, “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр уг нь орон даяар хэрэгжээд, сургуулиуд дээр энэ мэт бурангуй байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байх гэж би найдаж явсан юмсан. Эсвэл харааж, зүхэж, чихдэж, шанаадсанаар Зөв Монгол хүнийг бүтээдэг аргазүй байна уу?


5-6 жилийн өмнө (2008-2009 онд) би яг энэ сэдвээр нэг бус удаа бичсэнсэн. Өнөөдөр (2015 онд) ч нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй мэт харагдана. Яагаад тэр вэ? Юуг хэрхэн өөрчилвөл зохилтой вэ? Бид хаана нь ямар алдаа гаргачихаа вэ? Эсвэл энэ нь тийм урт удаан цаг хугацаа шаардсан, бүхэл бүтэн нэг үеийнхэн солигдож байж өөрчлөлт, шинэ уур амьсгалын үнэр ханхлах учиртай үйл явц уу? Ахиц өөрчлөлт бага ч гэсэн гарч байгаа юу?


Юутай ч тэр ахмад эмэгтэй багш хоёр хүүд зөв үлгэр үзүүлж чадсангүй, хоёр хөвүүний дотоод ухамсарт тэр бүдүүлэг увайгүй хандлага, харьцаа нь ямар нэгэн хэмжээгээр сүүдрээ тусгана. Магадгүй, хожим өөрсдөө хэн нэгэнд бас тэгэж хандах биз. Гэтэл янз бүрийн сувгаар авч буй мэдээллээс үзэхэд ийм бүдүүлэг, бурангуй харьцаа бараг сургуульд бүрд байсаар л байгаа гэнэ.


Бид XXI зуунд амьдрах үр хүүхдүүдтэй харьцаж буй.


Эрин зуун бүрд өөр өөрийн гэсэн шалгуур, шалгалт, шаардлага байдаг. Юутай ч миний төсөөлж буйгаар ирж буй эрин зуун бол эрүүл саруул сэтгэлгээ, оюун санаа давамгайлсан, энэрэнгүй хүнлэг ёс ноёлсон тийм эрин зуун байх учиртай. Тийм байгаасай ч гэж хүсэж, бас тийм байлгахын төлөө бид бүхэн дор бүрнээ өөрөөсөө хамаарах бүхнийг зүтгэн зүтгэж хийж, үйлдэж байгаасай билээ. Эс тэгвээс бид сайн сайхан байдаг гэдэгт итгэх гэж оролдохын, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавихын утга учир үгүй болно. Ерөөс хүмүүний энэхэн насны нэгээхэн утга учир нь ирээдүйд, өөрөөр хэлбэл үр хойчийнхоо сайн сайхны тусын тулд байдаг. Тийм биш бол бид үр хүүхдээ хайрлахын, өнөөдөр хийж бүтээх гэж тэмүүлэхийн, сайн сайхан бүхнийг нандигнан эрхэмлэхийн утга учир гэж огт үгүй болно. Чухам яагаад сургуулийн орчин эрүүл саруул, хүнлэг, ёс зүйтэй байх ёстой хэмээн дахин дахин шүүмжлэн, үг хэлээ бэлүүдээд, хэл ам татлаад буйн маань шалтгаан энд л бий.

 

Б.Номинчимэд