Төрийн алтан хайрцгийн бодлого алдагдсан гэх олон шалтгааны айргийн тавд шагнал урамшуулалттай холбоотой шалтгаан ордог гэнэ. Түүхээ сөхвөл Монголын эзэнт гүрэн сулраад ирэхийг нь далимдуулаад өмнө зүгт хүчирхэгжсэн манжууд хан, ван, ноён тайж, захирагч гээд түмэн янзын цол хэргэм шинээр бий болгож монголын ихэс дээдэст өгч эхэлжээ. Ингэхдээ хорон санаа агуулж өгдөг байж. Өөрөөр хэлбэл өнөөдөр нэгэнд нь нэг цол олгочихоод яг адилхан хэргэм зэрэг угсаа гарвалтай өөр нэг ноёнд арай дөнгүүр цол олгочихно. Аль эсвэл газар нутаг захирах эрхийг хоёр хүнд давхцуулаад өгчихнө. Ингэхээр нүүдэлчдийн цусанд байх нэг нэгэндээ үл захирагдах араншин сэдэрч, өөр хоорондоо тэмцэлдэж, орондоо орох завгүй, хөнжилдөө унтах сөхөөгүй хөнөөлдөөд эхэлдэг байжээ. Тэр хэрээр нүүдэлчин угсаатны хүч чадал хариж, ийм байдлаар манжууд холыг харсан хорон санаагаа хэрэгжүүлж, баруун зүүн түмэнг эрхшээлдээ оруулсан гашуун түүх бий. Шагнал урамшуулалд хандах монголчуудын хандлага ч өөрчлөгдөхгүй, өөрчлөгддөггүй сэтгэлгээн дээр тоглолт хийж төрийн эрхмүүд сонгууль ойртох бүрт шагналын тоогоо нэмээд байх юм.

.Үнэхээр юм хийсэн бүтэсэн чаддаг хүнийг шагнах нь тийм ч буруу зүйл бас биш л дээ. Гэхдээ түүнийг хөдөлмөрийг үнэлж байгаа юм бол амьдрал ахуйд нь хэрэг болохуйц хөрөнгө мөнгийг ч давхар олгож байх учиртай. Өөрөөр хэлбэл шагнал үнэ цэнэтэй, тодорхой цөөн баймаар байгаа юм. Хавтгайруулан олгоод байгаа өнөөгийн нөхцөлд хаанаасаа тэр олон хүнд шагналын мөнгө гаргах уу. Тэр олон хүнийг улаан хавтас төмөр тэмдэгнээс өөрийг олгож чадахгүй нь аргагүй.

 

Тэр ч бүү хэл энэ их утгатай, утгагүй нь үл мэдэх шагналын гамгүй олон төмөр тэмдэгийг хийхэд л улсын төсөвт хүндрэл учрирдаг гэж байна лээ. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн салбар төрөө хянах ёстой ардчилсан нийгмийн хамгийн хүчтэй засаглал байх учиртай. Тиймээс төрийн байгууллагынхан сэтгүүлчдэд шагнал олгож, далд санаагаар ил авлига өгдөгөө ч бас больчихмоор байна. Биднийг харин сэтгүүлзүйн салбар болон мэргэжлийн байгууллагууд нь үнэлээд явчихсан нь дээр. Ажиглаад байхнээ Төрийн байгууллагуудаас холуур зүйлийг шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг шагнах янзтай байна. Тэгэхээр төрийг та бүхэн энэрэнгүй, зөөлөн хяналаа, эсвэл хянаагүйд баярлалаа гээд шагнасан гэж ойлгох уу.

 

Юуны ч тухай хамаагүй асуудлыг уран үгээр ярьж, залуусыг хуулируулан лекц уншиж, дунд болон ахмад настнуудыг хавтгайруулан төмөр тэмдэгээр шагнадаг имиж бүрдүүлж гарч ирсэн энэ цагийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шагналын ээлжит хур өчигдөрхөн буусан байна лээ. Тэрбээр ерөнхийлөгч байх хугацаандаа ямартай ч Л.Гантөмөр сайд, Жүжигчин Д.Сосорбарам, Төрийн соёрхолт Д.Болд зэрэг өөрийг нь олон жил дагаж, үнэнчээр үйлчилж буй нөхдөө байж болох хамгийн өндөр цолоор шагнаад авсан юм даг. Мөн олны танил хүмүүсийг шагнах их дуртай харагддаг. Ингэхдээ ард түмэн танихгүй, олны танил болоогүй болох шаардлагагүй хэрнээ Монголчуудыг соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан буурлуудыг л мартах гээд байх юм. Хамгийн ойрын жишээ сануулахад “Авьяаслаг монголчууд” шоуны ачаар олны танил болж чадсан Жамьянхорол багшид саяхан Гавьяат багш цол олгосон байгаа. Монголчууд түүнийг гавьяат болгоё гэж ярьсаар бичсээр байсан учир Ерөнхийлөгч аргагүйн эрхэнд өгсөн гэж хэл болно. Хэрэв тэр хүн олны танил болоогүй бол хөдөлмөрөө үнэлүүлэхгүй үхэх байлаа. Яг ийм хүмүүс монголын өнцөг булан бүрт бий. Гэхдээ шагнал тодорхойлдог Ерөнхийлөгчийн тамгын газрын шагналын тасгийн 4,5 ажилтан нь юу мэддэг хүний хөдөлмөрийг хэрхэн яаж үнэлдэг хүмүүс байгаа нь ч сонин байна. Магадгүй тэд үнэлэх эсэхээ мэдэхгүй тохиолдолд шагнал хүсч ирсэн материалуудаас олны танил хүмүүсийн нэрсийг түүж аваад шагналд тодорхойлоод Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад илгээдэг байж бас болох юм.

1970 оны эхээс эхлэн Хөвсгөл аймагт кино механикч хийж, өөрийн ур ухаан авьяас билэгээр тусгай тоног төхөөрөмж хүртэл сэтгэн хийж, кино, зурагт гэдэг зүйлийг хөдөөгийнхөн мэддэггүй байхад Монголын болон Америкийн кинонуудыг малчид, хөдөлмөрчдөд үзүүлж, сум бүрт соён гэгээрүүлэх үрийг тарьж байсан ховорхон авъяастай хүн бий. Тэрбээр 30 гаруй жил хөдөлмөрлөж, амьдралынхаа ихэнх цаг хугацааг ард олныг соён гэгээрүүлэх их үйлсэд зориулан зүтгэсэн гэдгийг Хөвсгөлчүүд анддаггүй юм билээ. Тиймдээ ч Пүрэвийн Мягмарсүрэн гэх энэ хүнийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын удаа дараа Алтан гадас одонд тодорхойлон, Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хүссэн ч одоог хүртэл шагнагдаагүй байгаа юм. Юмны учир мэддэг ойлгодог хүнд бол өөрийн ухаан ур чадвараар гэрэл цахилгаан өөхөн тосны гэрэлд аж төрж байсан 1970 онд холлевудад гарч буй киног хөдөө уулын мухар дахь айлуудад үзүүлнэ гэдэг асар их хөдөлмөр бас ухаан. Тэр магадгүй олны танил биш болохоор одоог хүртэл төрийн хайрыг хүртээгүй байгаа байх. Олигтой зүйл хийж, гийгүүлээгүй ч байсан олны танил байсан бол хэн ч хамаагүй шагнуулдаг юм билээ.

Гэтэл өчигдөр Хөвсгөл усан зам ХХК-ийн захирал Чулуунбаатарын Үржинбадамыг гавъяат багш цолоор шагнажээ. Ч.Үржинбадам нь ихрүүдийн холбоог үүсгэн байгуулж, ихэр хүмүүсийн баяр тэмдэглэж, ихээхэн мөнгө босгож чаддаг байсан сайн шоу менежер. Гэхдээ бас сургууль цэцэрлэг нээх тухай ярьдаг юм билээ. Мөн ганц нэг ном гаргасан байх. Өөрөөр хэлбэл тэрбээр өөрийнхөө аж амьдралыг өөд татахын төлөө сэргэлэн хөдөлсөн болжмор юм. Шоу арга хэмжээ зохион байгуулж, түүнийхээ тухай төлбөртэй нэвтрүүлгүүдийг хайр гамгүй цацаж, мөн л олны танил болсон одоогоор Хөвсгөлийн усан онгоцны үйл ажиллагаа, ашгийг хариуцан ажилладаг гүйцэтгэх захирал. Усан онгоцны захирлыг гавъяат багш болгочихож болж байгаа мөртлөө 30 жилийн турш ард олныг соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд “Алтан гадас”олгож болдоггүй ээ.

Хавтгайруулсан шагнуулд чинь ядаж, нүдээ олоод, очих хүндээ хүрдэг болмоор байна эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө. Сонгууль ойртох бүрт шагналын тоо нэмэгдэж, нүдээ олоогүй нь олшрохыг урьчилан мэдээд ингэж сануулав.

Н.Ганаа

Үргэлжлэл бий...