Энэ өвөл цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа учраас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Мөн гол, мөрөн, нуурын мөсөн дээр цас их тогтсон, голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюултай байгаа юм.

Иймд, цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглож болохгүй талаар сануулах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүй. Он гарсаар Дархан-Уул аймгийн Дархан суманд 2016 оны гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 5 айл, өрх усанд автаж, аймгийн Онцгой байдлын газар, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан ус суваг” ТӨХК-ийн албан хаагчид ажиллан үерийн усны голдрилыг өөрчлөн, 300 метрийн урттай далан суваг, шуудуу татаж, үерт автсан 5 гэрийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.