Зохиолч Г.Аюурзанын шинэ ном "Тэнгэрийн судар" хэвлэгдэн гарлаа. Энэхүү бүтээл нь "Монголын Нууц Товчоо"-ны тодорхой зарим хэсгүүдийг юу гэж ойлгодгоо өөрийнхөөрөө тайлбарлан, олон эхүүдийг харьцуулсан уран зохиолын бус төрлийн бүтээл гэдгээрээ онцлогтой. Шинэ ном нь энэ долоо хоногт багтан худалдаанд гарах юм.

Тус номыг хянах тохиолдуулсан Шинжлэх ухааны гавяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо "Энгийн ардын өдөр тутамын үг хэллэгээс аваад эртний улбаатай үлгэр домог, баатарлаг туульсын сэтгэмжээр тайлал болгож, тэдгээрийн дотор хадгалагдан үлдсэн амьдралын философийг танин мэдсэнийхээ үндсэн дээр гадаад дотоодын олон эрдэмтэн мэргэд "Монголын нууц товчоон"-ыг зуу гаруй жил судлахдаа олж ажиглаагүй сондгой өнцөгүүдийг олж, олон сонирхолтой таамаг дэвшүүлсэн нь Г.Аюурзанын энэ бүтээлд нэвчин шингэсэн шим шүүс нь гэлтэй. Уран зохиолч хүний торгон мэдрэмж, утга зохиолд мэргэжсэн хүний гүнзгий ухаарал шингэсэн энэхүү бүтээл нь уншигч түмний мэлмий, судлаач эрдэмтэний оюунд тусхуйц шинэлэг санаатай шилдэг бүтээл болжээ" хэмээсэн байна.