“Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийн баг 50-аас дээш насныхан дунд уралдаан зарлалаа
2016/03/28
“Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийг Монгол улсын хүүхэлдэйн театр, Өлзий телевиз хамтран зохион байгуулахаар боллоо. Тус төслийн зорилго нь Үндэстний баялаг өв болсон аялгуу сайхан Монгол хэлээ дээдлэн хүндэлж, ардын аман зохиол, үлгэр туульсаа дэлгэрүүлэх зорилготой Монголд анх удаа хэрэгжүүлэн зохион байгуулж буй гэдгээрээ онцлогтой.
Энэхүү төслийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд:
- Ц.Хулан/СГЗ. Монгол улсын хүүхэлдэйн театрын захирал/
- З.Баянзул /БСШУЯ-ны театрын урлагийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/
- У.Дашбат /Өлзий телевизийн сэтгүүлч “Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийн ерөнхий редактор/
- Б.Батчимэг /“Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийн зохицуулагч/ нар оролцсон.
Сүүлийн үеийн хүүхдүүд тоо бодохдоо хүртэл тооны машин ашигладаг байнга телевиз үздэг, дандаа сошиал ертөнцөөр аялж байдаг. Хүн хүнтэйгээ харилцах амьд харилцаа өнөөгийн нийгэмд асар их үгүйлэгдэх болжээ. Энэ төслөөрөө нийгэмд өвөө, эмээ нар хүүхдүүддээ өдөрт аравхан минут зориулаад үлгэр уншиж өгдөг болоосой гэсэн уриалга гаргаж байгаа юм. Өдөрт арван минут зарцуулаад үр хүүхэд, ач, зээ нартаа үлгэр ярьж өгснөөр таны хүүхдийн хүмүүжилд асар их нөлөөлж үлгэр дуурайлал авна. Мөн Монгол хэлний үгсийн баялаг нь нэмэгдэхийн зэрэгцээ Монголчуудын эртний түүх соёлоос ч аман зохиолоос ч мэддэг болох юм.
Үлгэр сонсож өсөөгүй Монгол хүүхэд, үлгэр ярьж байгаагүй ахмад настан Монголд байхгүй гэж бодож байгаа учраас энэ уламжлалаа алдахгүйн тулд энэхүү үйл төслөө хэрэгжүүлж байна.
Мөн энэхүү төслийн багийнхан уралдаан зарлаж байгаа юм байна. Уралдаанд 50-аас дээш насны ахмадууд оролцох бөгөөд гурван шатны турш өрсөлдөх энэхүү уралдаан ардын аман зохиол, үлгэр туульсаас сонгож оролцох гэнэ. Уралдаанд оролцохоор бүртгүүлсэн өвөө, эмээ нар Төв номын сангаас 1990 оноос өмнөх үлгэрүүдийг судалж, унших боломжийг хангаж өгч байгаа.
“Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийн уралдаан гурван үе шаттайгаар явагдана. Шалгарсан өвөө, эмээ нар “Гала” тоглолтод оролцож мөн хүүхдийн баярын арга хэмжээнүүдэд оролцох юм байна.
Шагналын сан:
Гран при:“Үлгэрч өвөө эмээ” өргөмжлөл, Нэг сая төгрөг, ивээн тэтгэгч байгууллагын шагнал, гадаадад аялах эрхийн бичгээр шагнана.
Дэд байр: Хоёр оролцогч шалгаруулна. “Үлгэрч өвөө эмээ” өргөмжлөл, 500,000 төгрөг, ивээн тэтгэгч байгууллагын шагнал дагалдана.
Тусгай байр: Гурван оролцогч шалгаруулна. “Үлгэрч өвөө эмээ” өргөмжлөл, 200,000 төгрөг, ивээн тэтгэгч байгууллагын шагнал дагалдана.
Бүртгэл:“Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нийг хүртэл ажлын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Монгол улсын Хүүхэлдэйн театрын байранд явагдана. Мөн 89044408, 70131974, 96637501 гэсэн утсаар мэдээлэл авч болно.