Дүр байнгын хувиралд оршдог. Дүр бол хүн. Хором мөч тутамд хүн өөрийг нь өөрчилж, хувиргаж байдаг учрал тохиолдлуудтай нүүр тулж, туулан гардаг. Баяр жаргал, гуниг шаналал, өширхөл хонзогнол, үзэн ядалт, урван тэрслэлт, ер бүхий л хэв шинжээр нөлөөлдөг тэрхүү учрал тохиолдлуудынхаа эрхээр хүмүүс цаг ямагт дараа дараагийн алхмууд руу гишгэлэн гарцгаана. Амьдрал ийм л бүрдэцтэй. Кино эгээ л амьдралын нэгэн адил дүр, дүрслэгдэхүүнийхээ хувиран хөгжих зүй тогтлоор бүтээгддэг.

Зүгээргүй гурван жил

Прайм пикчерс, кино драмын А группын хамтын бүтээл “Үргээлэг-2” уран сайхны кино дэлгэцэнд шилжсэн өдрөөсөө л эсрэг тэсрэг байр суурь, зөв буруу тал бүрийн үнэлэлт дүгнэлтийг дагуулж байна. Хамгийн түрүүнд яригдаж байгаа шүүмж бол өмнө хийгдсэн нэгдүгээр ангиасаа үргэлжлэн хөврөх логик дарааллын асуудал. Тухайн үед Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх байгууллагын ажилтнууд байснаа шинэ ангид гэнэтхэн цагдаагийн офицер болчихсон Хангалын(Г.Эрдэнэбилэг) дүрд хамаатуулж буй энэ шүүмжлэл цаг хугацааны хүчин зүйлээр няцаагдана.

Хятадад болж өнгөрсөн хурц ширүүн адал явдлаас хойш гурвын гурван жил өнгөрсөн нь “Үргээлэг-2”-ийн дүрүүдэд огцом эргэлтийн шинжтэй хувирлууд ноогдуулсныг хүлээн зөвшөөрөх боломж олгож байна. Гэхдээ зүгээр ч нэг гурван жил байсангүй. Гарьд(Б.Амарсайхан) Хятад, Монголын шорон дамжин хоригдсон, Хангал ажил албаныхаа буурийг сэлгэхийн зэрэгцээ хүүхдийнхээ өвчин эмгэгтэй тэмцсэн, харин Тэгшээ(Ж.Баясгалан)ажиллах хүчний наймаагаа алтны бизнесээр сольж, хил дамнасан худалдааны бүтцээ бэхжүүлэхэд бүхий л боломж бололцоогоо дайчилсан жилүүд байсан юм. Хэн хэнийх нь хувьд хүнд сорилт болсон эдгээр жилүүд тэднийг өмнөхөөс нь тэс өөр хүмүүс болгон өөрчилжээ. Амьдралд нухлуулах.. гэж ярьдаг байх аа?

Дүрүүдийн хувирал

Тэд хэрхэн өөрчлөгдөв? Эхний ангид найз Тэгшээгээ хэцүү байдлаас гаргаж авах гэж яваад өөрөө нуман тулгуурт орж, үхэх шахдаг Гарьд хоёрдугаар ангид шоронгоос суллагдлаа. Нарны амьдралыг ойлгох гэж хичээж буй түүнд ганцхан тодорхой зүйл байсан нь өширхөл. Хуулийн байгууллагын ар хударгаар Монголд ороод ирсэн Тогтохыг(С.Болд-Эрдэнэ) олж харснаар түүний сэтгэлийн амгалан эвдэгдэж, цээжин цаанаа зангирсан өшлийг тайлахаар хөдөлнө. Түүнд найруулагч нэг агуулга нэмж өгсөн нь хайр байлаа. Нэгдүгээр ангид огт гараагүй энэ шинэ өгүүлэмж “Үргээлэг-2”-т гайхалтай чамин чимэг болж чадсаныг хэлэх хэрэгтэй. Харин үнэ цэнийг нь ялимгүй дутуу тоглуулсан байж мэднэ.Хулангийн(А.Дэлгэрмаа) хувьд худлаа байсан байж болох ч Гарьдын хувьд энэ хайр чин үнэн байсан юм.

Мөн л найз нарынхаа төлөө амь хайргүй явсан Хангалд энэ удаа уур хилэн, эргэлзээ тээнэгэлзээ л өгөгдсөн байна. Амьдралын хатуурхал доороос хүчлэн өндийж яваа эр хүн. Найз нөхөддөө итгэхийн шалтгаан, итгэхгүй байх учир зэрэг зэрэг тулгарснаар дүрийн ерөнхий тээш нь гүн эргэцүүлэл болон хувирна. Шоронгоос гарч ирмэгцээ Гарьдын түүнд хэлсэн гомдмоор үгс өөр хоорондынх нь ойлголцолд тотгор болон тавигдаж буй нь дараа дараагийн төөрөгдөлт үзэгдлүүдийг хүлээн зөвшөөрөхөд хангалттай хүрэлцжээ.

Харин Тэгшээ бол киноны гол ээдрээ. Эхний ангид ч тэр мөнгө хөрөнгөнд дуртай, хууль бусыг үйлдэх сонирхолтой дүрслэгдсэн тэр л хэвээрээ. Гэхдээ энэ ангид түүний шунал, хор хөнөөлийнх нь далайц үлэмж нэмэгдсэн байна.

Үргээлгийн учир

Найруулагч Г.Эрдэнэбилэгийн гүйцэтгэлээс харагдсан нэг өвөрмөц онцлог бол киноны эхний ангиар өгөгдсөн нөхцлийг ягштал баримтлахыг эрмэлзэлгүй, өөрийн үндсэн санааг хөөж чадсанд байгаа юм. Тодруулбал, Г.Эрдэнэбилэг логик уялдаа, шалтгаант холбоо эрэлхийлсэн үзэгчдийн нэхлээс айж болгоомжлолгүй цоо шинэ туурвилыг урлаж чадсан хэрнээ басхүү хэтэрхий алдаж тарамдуулалгүй дүрүүдийнхээ замналаар үйл явдлын зангилааг эвлэгхэн хэлхсэн нь найруулах ур чадварыг нь илтгэн харуулахуйц чимхлүүр ажиллагаа болж.

Өмнө бүтээсэн дүрээсээ гарч, өөрийг хийх даалгавраар жүжигчид ч цоо шинэ шинэ өгөгдөл, тээш хүлээж авсныг киноноос харж болно. Үндсэндээ тэдний хувь заяа зуун хувь эргэж, нэгдүгээр ангид анд нөхдийг тоглоцгоосон бол энэ удаа урван тэрслэлт, бутрал тэмцлийг дэглэцгээлээ. Продакшны хугацаанд уран бүтээлчид “Үргээлэг бол үргээлэг биш, сэдэл ухаарал юм” хэмээн тайлбарлаж байсан нь ч ийм учиртай байжээ.

Шинж чанараас хэв шинж рүү

Киноныхоо ерөнхий утга санааг найруулагч хэрхэн харж, чухам юуг үйл явдлын дундуур нэвт гаргав гэх асуулт хамгийн түрүүнд орж ирнэ. Түүний анхны бүтээл “Аав”-аас ч мөн анзаарагдсан академик тавилт монгол киноны кадр, сцен бүртээ ил, далд утга санааг зангидан дэлгэцний бүх хэсгээс “юм” уншигдах баялаг өрөлттэйгөөр дэглэхийг эрмэлздэг хуучны арга барилыг үзэгчдэд эрхгүй санагдуулж байлаа. Улаан дугаартай машин, хадганд боодолтой гулдмай, эзгүйрсэн суурин болон бух залгисан залуу, энгэрийн соёмбо тэмдэг гэх мэт тодотгол элемент бүрийг сайтар бодож шигтгэсэн нь киноны үндсэн санааг гайхалтай гүйцэт болгож өгчээ. Эдгээр учир бэлгэдлүүдийн өрөлтөд хэт логик хэлхээ эрэлхийлэх шаардлагагүй. Учир нь энэ бүхэн зүгээр л бодит үнэний дүрсжүүлэлт юм.

Зохиолч Т.Бум-Эрдэнэ киноны ерөнхий өгөгдөхүүнээр алтыг сонгож авсан нь хэв шинжит нийтлэгийг өгүүлэх гэсэн найруулагчийн зорилготой яв цав нийцжээ. Өөрөөр хэлбэл, кинонд гарч байгаа алт бол алт төдий биш, Монгол үндэстний язгуурын, дотоодын үнэт зүйлсийн төлөөлөл юм.Байгалийн баялаг, соёл, түүх, тусгаар тогтнол, ер юу ч гэж уншиж болно. Гол дүрүүд ч мөн эхний ангид шинж чанарт, хувь хүмүүсийн дүр байсан бол хоёрдугаар ангидаа өнөөгийн монголчуудын нийтлэг хандлагыг тус тусын шугамаар илэрхийлсэн хэв шинжит илэрхийллүүд болж тавигдсанаар“Үргээлэг-2” үнэхээр онцлог болжээ.

Чөмөг дундлах ажил

Өнөөдөр монголчууд өөр хоорондоо л тэмцэлдэж байна.“Ямар гээчийн нийгэм бэ...” гэх хурандаагийн(АЖ П.Цэрэндагва) халаглалаар киноны зөн билэг илэрчээ. Андын андгай, хүний мөс жудаг, шударга зарчимч байдал алдагдсаны халаглалыг гол дүрүүд өөрсдөө тоглож, хоорондоо сөргөлдөн тэмцэлдэж, алалдан тулалдана. Гэвч энэ тэмцлийн эрх ашиг өөрсдийн маань, монголчуудынмаань хэнд нь ч байхгүй. Гагцхүү гадныханы, харийнханы эрх ашгийн төлөө монгол хүмүүс, анд нөхөд өөр хоорондоо сөргөлдөн, алж талж байгааг киногоороо уран бүтээлчид дэлгэн тавилаа. Үүнийг эцэс болгохгүй бол эх орон, тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүйг тэд урлагийн хэлээр сануулж байна.

Бүтээлд хэв шинж түлхүү ороод ирэхээр бэлгэдлийн буюу символ өнгө аяс давамгайлна. Уран туурвилын ийм арга ажиллагааг барьж авсан нь кино группынхэнд бодит амьдралыг хийсвэр ухагдахуун руу аваачиж зангидах шаардлага тулгах нь ойлгомжтой. Энэ бол тун амаргүй зүйл. Энгийн сэтгэхүйгээс дээгүүр бодож, зөв дүгнэн, оновчтой илэрхийлэхийг түлхүү шаарддаг. Ийм сэтгэлгээгээр киноны бүхий л өгүүлэгдэхүүнийг нэг бүрчлэн өрөх гэдэг чухам л “чөмөг дундлах” ажил гэдгийг уран бүтээлчид л төсөөлөх байх.

Босго давсан залуус

Өөрчлөлт цоо шинэ өрнөлийг бий болгодог.Харин энэ өөрчлөлтдөө хөтлөгдөөд адал явлын хэмнэл, эвлүүлгийн ритм болон зураг авалт, техникийн шийдлийг Ж.Сэнгэдоржийн найруулгаас дордуулчихгүйг “Үргээлэг-2”-ынхон ихэд эрмэлзэж, басхүү чаджээ. Харин ч зарим газарт экшнлэг шийдлүүд хэтэрчихэж гэхээр дүрслэлүүд бий. Устгалын даалгавартай харь газрын “аллагын машин”-уудын(Оросын болон Хонгконгийн алуурчид) зогсолтгүй довтолгоонд хүч тэнцэхүйц хариу үйлдлийг үзүүлэх нь гарцаагүй ч төгсгөлийн танк эсэргүүцэгчид зөвтгөлийг нь хийж өгөөгүй зэрэг алдаа байсныг хэлэх хэрэгтэй.

Хоёр жилийн өмнө гарсан өмнөх ангийн үзэгчдэд үлдээсэн үнэлгээ “Үргээлэг-2”-ын чанарын босго байсан гэж хэлж болно. Тухайн үед “Үргээлэг” үзэгчдийн тоо, ашиг орлогоороо шинэ түвшнийг тогтоож чадсан нь энэ босгыг бүр ч өндөр болгож байсан гэдэгтэй уншигчид санал нийлэх биз ээ. Хэрвээ хоёрдугаар анги амжитгүй болбол “уналтын” хүч нь бусад ямар ч киноныхоос хавьгүй их байх байв. Уран бүтээлчдийн рейтинг ч огцом буурах байлаа. Харин кино багийнхан үзэгчдийн хүлээлтийг алдсангүй. Уран бүтээлчдийн багийг нэгтгэн зангидаж, ур чадварыг нь дайчилж чадсан Прайм пикчерсийн продюсинг ч үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн нь лавтай. Тэд энэ өндөр босгыг итгэлтэйгээр давж гарлаа. Одоо харин тэдэнд үүнээсээ мууг хийх “бололцоо” байхгүй болсон.

 

Эх сурвалж: www.cityinfo.mn