Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгаар овоглосон алдартай уран бүтээлчид олон. Тэдний нэг бол яах аргагүй МУГЖ дуучин Ө.Уянга. Тэрбээр Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож, өнгөрөгч наадмын өмнөхөн МУГЖ хэмээх алдрын эзэн болж хоймор нутгийнхнаа баясгасан.

Түүний хоолойн чадал, чансаа олон хүнийг сонгодогт урлагт дурлуулсан гэдэг. Дуучин Ө.Уянга “Эх орон”, Би-Монгол“, “Ижий улирал”. “Ээжээ” зэрэг дууг бидний сэтгэлд хоногштол амилуулсан билээ.

Түүний удамд мэргэжлийн дуучин, урлагийн хүн байхгүй ч нутаг усандаа  найранд гурван дуутай хүмүүс хэмээн хүндлэгддэг аж. Тэрбээр хөвсгөл нутгийн дуучидын хоолой дээш доош дугаралт сайтай, цар хүрээ сайтай байдаг нь нутгийн уул устай холбоотой хэмээн хэлж байсан удаатай. Тиймдээ олон чадварлаг дуучид манай нутгаас төрнө хэмээн онцолдог.

Тэрбээр урлагийн хүн гэдэг үүднээсээ янз бүрийн DVD, CD цуглуулах хоббитой гэнэ. Тэр дундаа жаз, блюз, поп рок, дуурь гээд бүх төрлийн шилдэг бүтээлүүдийг цуглуулдаг аж. Мөн тоглолт, шинэ уран бүтээлдээ зориулан авсан даашинзны арвин цуглуулгатай болжээ. Түүнээ дагаад гоёл чимэглэл, зүүлтний цуглуулгатай гэнэ.

Б.Хорлоо