Улаанбаатар хотод 317 000 өрх амьдардаг. Үүнээс 180 000 нь гэр хороололд амьдарч, 130 гаруй мянган айл орон сууцанд аж төрдөг. 180 000 өрх гэдэг нь энэ хэмжээний нүхэн жорлон бий гэсэн үг.

Эрүүл ахуйн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж нүхэн жорлонгийн шинэ стандартыг тогтоосон. Ингэхдээ дөрвөн төрлийн стандарт баримтлахаар батлаад байгаа.

  1. Бага усаар зайлуулдаг
  2. Хуурайшуулсан
  3. Нүхэн
  4. Био жорлон гэсэн 4 төрлийн стандарттай байхаар болсон. Эдгээрээс байгаль орчин болон иргэдийн амьдралд хамгийн нөлөөлөх төрөл нүхэн жорлон. Өмнө нь нүх ухаад л жорлон хийчихдэг байсан бол одоо үгүй.

Шинэ стандартад баримталж байгаа гол өөрчлөлт бол ямар ч тохиолдол бохирыг хөрсөнд шингээхгүй. Нүхийг ухаад шингэн нэвтрэхээргүй доторлогоо хийнэ. Уг нь мэргэжлийн байгуул­лагуу­дын гар­гасан стандартаар бол гэр хо­роол­лын айлуудын нүхэн жорлон хү­мүүс бие засахад тохиромжтой хэм­жээг хангасан, бүхээгийн хаалга гад­на, дотор талдаа түгжээтэй байх бө­гөөд шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, бүхээ­гийн хаалганы дээр ялаа шавьж оро­хоос хамгаалсан тор бүхий цонхтой бай­х ёстой юм билээ. Мөн бүхээгийн хана, дээвэр, тэд­гээрийн уулзвар зай завсаргүй, халдваргүйтгэх, угааж цэвэрлэхэд тохиромжтой материалаар өнгөлгөө хийгдсэн байна. Түүнчлэн жорлон бүр салхивчийн хоолойтой байх, хөрсөн хэсэгтээ бохирдлыг шингээхгүй байх үүднээс төмөр эсвэл модоор доторлох шаардлагатай байдаг. Доторлох зүйл нь заавал үнэтэй байх шаардлагагүй мод, чулуу, төмөр, цемент гээд гар доорх материалаар доторлож болно. Өөрөөр хэлбэл, хөрс, ус руу нян орохооргүй хамгаалах л шаардлагатай. Харамсалтай нь энэ стандартыг баримталдаг айл өрх тун цөөн гэж байгаа. Стандартыг баримтлаагүйн улмаас иргэн таны эрүүл мэндэд тустай гэдгийг санах нь зүйтэй байх.

Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл бол гэр болон жорлонгийн хоорондох зай. Өнөөдөр ихэнх айлын гэр болон жорлонгийн зай 10 метр хүрдэггүй. Дээр нь хажуу айлынх нь бохир 12 м зайтай. Өөрөөр хэлбэл нэг ам бүл 15 метрийн дотор 3 жорлон дунд амьдарч байдаг. Уг нь нүхэн жорлон, угаадасны нүхийг гэр, сууцнаас аль болох хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15, ус түгээх цэгийн байрнаас 20, уурхайн болон өрөмдмөл худгаас 150-250, голын эргээс 200- 250 метрээс багагүй зайд салхины доод талд барьж ашиглана гэж заасан байдаг. Гэвч иргэд газрын асуудлаас болоод гэр болон худагтаа хэт ойр жорлонгоо барьж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд болоод, хөрсний аюулгүй байдалд заналхийлж байгаа юм. Мөн 10 өрх тутмын 4 нь багадаа 2 удаа шинээр нүх ухаж бохироо хаясан байдаг. Энэ байдал цаашдаа удаан үргэлжилбэл 0,7 га талбайд 00 ухаж булсаар талбайгүй болно. Мөн бид өтгөн шингэнээрээ амьсгалж олон төрлийн өвчин тусах эрсдэлтэй болж байгаа юм.

 

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар:

 

  • Гэр хороололд амьдар буй иргэдийн гэрээс жорлон нь 10 м зайтай,
  • Хажуу айлынх нь жорлон 12 м зайтай,
  • 10 өрх тутмын 8 нь жорлонгоо солих сонирхолтой,
  • 10 өрх тутмын 8 нь өөрийн 00-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүйг хүлээн зөвшөөрдөг,
  • 10 өрх тутмын 7 нь 00-доо гэрэлгүй,
  • 10 өрх тутмын 7 нь үнэртэй, ялаатай,
  • 10 өрхийн 6 нь муу усны нүхтэйгээ хамт,
  • 10 өрх тутмын 4 нь дор хаяж 2 удаа шинээр нүх ухсан байдаг
  • Нүхэн жорлонгийн стандарт 2008 онд батлагдаж байв. Гэтэл энэ стандарт цаасан дээр байснаас хэрэгжиж байгаагүй. Энэ түүх давтагдвал хөрсний бохирдол болоод хөрсний бохирдлоос үүдэх өвчнөөс сална гэдэг үлгэр болж үлдэнэ.

 

Өмхий ханхалсан, ялаа бужигнасан 00-оос бид салах цаг нь болсон. Гэхдээ энэ асуудал түргэн хугацаанд шийдэгдэх асуудал биш. Гэр хороололд 180 мянган өрх бий. Тэдний 85 хувь нь стандартын шаардлага хангаагүй 00-той. Тэгэхээр 150 000 задгай нойлыг шинэчлэх их ажил байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагууд аль болох стандартыг мөрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Гэхдээ шаардлага хяналтын үндсэн дээр биш өөрсдийн эрүүл мэндийн төлөө энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэдийн ухамсраас хамаарч энэ стандарт мөрдөгдөх үгүй нь шийдэгдэх юм. Өөрийгөө боддоггүй юмаа гэхэд ядаж үр хүүхдээ бодож нүхэн жорлонгоо стандартад нийцүүлэх шаардлага байгааг анхаарна биз ээ.

А.Баярмаа