Нийтийн тээврээр их хотын ихэнх иргэд зорчдог. Өглөө, оройдоо маш их хүнтэй чихэлдэн явж байхад "гэнэт хүүхэд хашхиран уйлах" дуу хадав. Гэтэл нэгэн эмэгтэй "та чинь яаж байна аа хүүхдийг минь түлхээд унагачихлаа" хэмээн нэгэн эрд хандаж хэлэхэд нөгөөх нь тоосон шинжгүй. "Их хүнтэй автобусанд юу хийж хүүхэдтэйгээ суусан юм" гэж ихэд зандрангуй дуугарлаа. Тэдний зэргэлдээ суудал дээр суух 20 орчим насны эмэгтэйчүүд хээв нэг сууж байсан ч тэдний хэн нь ч уйлж буй бяцхан хүүд суудал тавьж өгсөнгүй. Ээж нь суудал дээр суугаа хүмүүс рүү горьдлогын харц чулуудаж, одоо удахгүй хоёулаа бууна аа гээд л зогсож байгаатай таарсан өдрийг нэхэн санамаар санагдав.

Монголчууд үр хүүхдээ хайрлан, бусдаас дутуугүй өсгөж, хүмүүжлэхийн төлөө зүтгэдэг. Тэгсэн атлаа яагаад өрөөл бусдын хүүхдэд санаа тавьдаггүй юм бол? Ах дүү, хамаатан садангийн хүүхэд нь байсан бол тэд яаж санаагаа чилээх байсан нь гарцаагүй. Нийтийн тээвэрт Монголчуудын амьдралын нэг өнгө төрх, харилцаа, зан ёс суртахууныг тодоос тод харагддаг.

Тэнд ганган хээнцэр хувцасласнаас эхлүүлээд уранхай ноорхой хувцастай хүн хүртэл суудаг. Томчууд нь сандал дээр суух гэж улалзан дайрах нь энүүхэнд. Тэгсэн атлаа хүүхдүүд унаж, бэртэх вий гэж болгоомжилж суудал тавьж өгдөггүй. Харин зургадугаар сарын нэгэнд л хүүхдүүд эрхээ эдэлж суудал дээр суудаг болсон. Тэднийг сандал дээр сууж байвал дэрэлхэн босгож, өөрсдөө залардаг том биетэй юм даа. Хүүхдийг том хүмүүсийг хүндэл хэмээн зааж сургадаг хэрнээ өөрсдөө чухам хүндэтгэлтэй бус дээрэнгүй хандана вэ? Өөрсдөө үлгэр дуурайлал болох атлаа харин эсрэгээрээ хүнийг хэрхэн дээрэлхэж, дорд үзэх болох уу гэдгийг харуулдаг.

Одоогийн хүүхдүүд гэж чичлэхийн оронд томчууд ганц удаа ч болтугай хүүхдэд сандал тавьж өгч, гудамжинд бүдрэн унах хүүхдийг өргөн босгож дэм хайрлав уу. Тун ховор биз.

 

 

Улс төрчид болоод тэдэнтэй тэрсэлдэх нөхдүүд жагсаал, цуглаандаа сүүлийн жилүүдэд хүүхдүүдийг ихээр оролцуулах болсон. Юу хийж, яах гэж жагсаж байгаагаа үл ойлгох тэднийг ингэж ашиглах хэрэг байхгүй л юмсан. Амь шигээ хайрлан өсгөсөн үр хүүхдээ согтуу этгээдийн гайгаар алдсан эцэг, эхчүүд ч олон. Машины ард сууснаа ноён аятай санаж, явган зорчигч /хүүхэд/-ийг хээв нэг гэмтэж бэртээж, амь насыг нь хороодог. Тэгсэн хэрнээ эргэн ирэхгүй болсон тэднийг буруутан болгож өөрсдийгөө зөвтгөх нь томчуудыг ухамсрын доройтолд орсонг гэрчилнэ. Гэрлэн дохиогоороо зам гарч яваад, гэрийнхээ гадаа тоглоомын талбай дээр тоглож байгаад, ээжийнхээ гараас хөтлөн явж байгаад л осолд орох гэж тэд хорвоо дээр мэндлээгүй юм.

Тэд томчууд бидний хайраар цалгиж, энэ хорвоогийн хамгийн муухай бүхнийг цагаахан инээдээрээ ариусгах гэж мэндэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хүүхэд насаа хараар будсан олон үрс бий. Хүүхдээ үл хүндэтгэх Монголчууд минь нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг хэдийнээ ирсэн. Алийн болгон "чи хүүхэд" гэж дээрэнгүй харьцаж, адлах болж байна. Өөрөөс том цүнх үүрсэн хүүхдүүд тэд ч бас ядарч л яваа ганц удаа ч болов суудал тавиад, түүнд тусалж яагаад болохгүй гэж. Энгийн нэгэн жишээг дурдахад томчууд бид хүүхдээ хайхрахаа больжээ. Хайрлаад байгаа хэрнээ өвөг дээдсээ уламжлагдаж ирсэн "хүүхдээ хамгаалж яв", "Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ", "Хүүхдээ дурсах юмтай амьдралд сургах" наад захын сурган хүмүүжүүлэх ухаанаа гээчхээд байгааг та анзаараагүй л яваа.