Хэрэгт сэжиглэгдсэн солонгосчуудыг хилээр гаргахгүй
2013/09/03
Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудлын дөрөвдүгээр давхраас тус байгууллагын ажилтан бүсгүй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 7-нд гарсан.
ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт 23.00 цагийн үед дуудлага ирсний дагуу түргэний эмч нар очиход хохирогч бүсгүй ухаангүй, хүнд гэмтсэн, ихээхэн цус алдалттай байжээ. Хэдийгээр амиа алдсан эмэгтэйд шөнийн 00.45 цагт өвчний түүх нээсэн ч хохирогчийн ар гэрийнхэнд өглөөний 06.00 цагийн үед дуулгасан байна. Улмаар гэр бүлийнхэн нь эмнэлэг рүү ирсэн ч хохирогчоос юу болсон тухай сонсож чадаагүй аж. Урьдчилсан дүгнэлтээр амиа алдсан бүсгүйн бүсэлхийнээс доошхи бие няцралт, хугаралттай, хөл нь хоёр ч газраа хугарсан хэмээх дүгнэлт гарчээ. Мөн бүсгүйн биед зодуурын гэмтэл байж болзошгүй хөхрөлт, шалбархай байсан аж. Ингээд өнгөрсөн сарын 8-ны өглөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хохирогчийн ар гэрийнхнийг дуудаж, хэргийн сэжигтэн гэх БНСУ-ын хоёр иргэнийг баривчлан саатуулаад байв. Тэдгээр солонгос иргэд нь тус ресторан, зочид буудлыг хамтран ажиллуулдаг гэнэ. Сэжигтнээр саатуулагдсан “Michelle” ресторан, зочид буудлын захирал Хун цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Өрөөндөө хувцасаа сольж байтал гэнэт орж ирээд юу ч хэлэлгүй үсэрсэн” гэжээ.
Түүнчлэн хохирогчийн ар гэрийнхэн өнгөрөгч сарын 9-ний өглөө цагдаагийн газар очтол “Michelle”-д ажилладаг г.Чулуунцэцэг гэгч эмэгтэй хэргийн сэжигтэн хоёр Солонгос иргэнийг батлан даалтаар гаргасан гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Уг хэрэгт хоёр солонгос иргэнийг саатуулан шалгаж байгаад нэгийг нь батлан даалтад гаргасан. Харин нэгийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа.